Даргын тамга хэр үнэтэй вэ

Энэ асуултыг цагтаа тодорхой албан тушаал хашиж, байгууллага хамт олныг удирдаж явсан дарга нараас асуумаар байна. Магадгүй хүн бүр өөр өөрийнхөөрөө л хариулах биз.

 

 

 

Гэхдээ хэдий хэрийн үнэтэй эд болоод түүний араас үхэн хатан зүтгэж, авч зугтдаг нь сонирхол татна. Ерөөс сонгууль бүрийн дараа ийм үзэгдэл гарах болжээ. Саяхны жишээ гэхэд, Баянзүрх дүүргийн газрын албаны ажил "даргын тамгагүй” бүтэн сар гацаж буй тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсан. УИХ-ын сонгуулийн дараа тус газрыг түр удирдаж байсан эрхэм тамга тэмдэг, албан бланкуудаа авч яваад сураг алдарсан гэх. Гэтэл албан тушаалд томилогдох, огцрох нь хууль журмын дагуу шийдэгддэг учиртай.

 

Буруу шийдвэр гарсан бол түүнийгээ шүүхэд хандаад мэдчих атал өөрт нь "таалагдахгүй шийдвэр гарлаа” гэж үзээд дарга нар тамгаа аваад зугтдаг болов. Өнгөрсөн зургадугаар сард Дорнод аймгийн ИТХ-ын дарга асан мөн л тамгаа авч зугтсан гэсэн дуулиан дэгдэж байсан удаатай.

 

2012 оны сонгуулийн дараа ийм үзэгдэл газар авсан гэдэг. Эдүгээ ч ялгаа алга. Нэгэн эмнэлгийн даргаар хэсэг хугацаанд ажилласан эрхэм сонгон шалгаруулалтаар тус албан тушаалд тэнцэхгүй гэсэн шийдвэр гарчихаад байхад өөрөө үл зөвшөөрөн тамга, тэмдгээ авч зугтаад улсын эмнэлгийн ажлыг баллах шахсан.

 

Дорноговь аймаг, Багануур, Налайх дүүргийн ИТХ-ын дарга гээд тамгаа авч зугтсан албан тушаалтнуудыг тоолно гэвэл гарын арван хуруунд багтахгүй нь.  Дээр нь янз бүрийн хэрэг төвөг, дуулиан шуугианд нэр холбогдсон ч суудалтайгаа зууралдсаар байдаг жишиг зөвхөн манайд л байдаг болов уу. Дэлхийн жишгийг харахад, хариуцлага алдсан л бол үг дуугүй огцордог.

 

Өчигдөр гэхэд Тайванийн Эдийн засгийн сайд гурван цаг цахилгаан тасарсаны төлөө хариуцлагаа хүлээн огцорч байх вэ дээ. Урьд Тогоонтөмөр хаан Хятадад гарсан улаан алчууртны бослогоос болон Бээжингээс Барс хот руу зугтахдаа дайснаас төрийн тамгаа хамгаалж, ханцуйлж гарсан гэлцдэг. Гэхдээ Тогоонтөмөр хааны авч гарсан тамга, манай төрийн түшээдийн ханцуйдсан тамгаас зорилгын хувьд өөр  л дөө.

 

Тогоонтөмөр хаан дайснаас төрийн тамгаа авч зугтсан бол харин манай дарга нар өөрийн эрх мэдлийн төлөө тамга, тэмдгээ авч зугтан, нуугдаж "тоглодог” болсон байна. Төрийн тамга угтаа хэн нэгэн албан тушаал хашигч эрхмийн өмч биш сэн. Хамгийн гол нь үүнээс болж улсын ажил гацаанд орж байна. Даргын тамга хэр үнэтэй вэ.

 

Энд төрийн албаны хэдэн тэрбумын наймаа, мөнгө төгрөгний асуудлыг дурьдахыг хүссэнгүй.  Харин тэр эд тухайн хувь хүний нэр төр, алдар гавьяа, итгэл үнэмшлээс үнэтэй юу. Басхүү олон түмний эрх ашгаас дээгүүр хэрэг үү. 

 

Магадгүй энэ асуултад хүн бүр л өөр өөрсдийнхөөрөө хариулах биз. Хүсэл тэмүүлэлгүй, эрх мэдэлд дургүй хүн ч гэж байхгүй байх. Гэхдээ олон нийтэд, нийгэмд өөрөө хүлээн зөвшөөрөгдөөгүй байж, эрх мэдэл гэгч рүү үнэт зүйлээ гээн байж зүтгэхийн хэрэг юун. Боловсрол, ёс суртахууныг ялгаж зааглах боломжгүй гэдэг. Наад захын ёс суртахуун,  ёс зүйгүй дарга хэнийг удирдаж, манлайлах вэ. Тамга, тэмдэг авч зугтаад юу өөрчлөгдөх вэ. Нэр хугарахаас яс хугар гэдэг сэн дээ. Мөнгөөр үнэлж, эрх мэдлээр далайлгаж болдоггүй нэр төр, итгэл үнэмшил  гээч байдаг баймаар юм даа,  дарга нар минь.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

Б.Даваахүү

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen