“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

 

Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа явуулж байгаа төсөл бол Халзан бүрэгтэй. Уг төсөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 200 сая гаруй ам.долларын ажлууд хийгдээд байгааг Төслийн нэгжээс нь мэдээлж байсан. Халзан бүрэгтэй төслийн хайгуулын ажил 2011-2013 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулаагүй байна.
Төсөл хэрэгжүүлэгч нь 10 гаруй жилийн өмнө хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөө авсан ч төрийн байгууллагуудын эргэж буцсан шийдвэр, нутгийн иргэдийн тэмцэлтэй холбоотойгоор ихэнхдээ төсөл зогсонги байж иржээ.
Хамгийн сүүлд буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Халзан бүрэгтэй төслийг зогсоогоод байна. Үүнээс гуравхан сарын өмнө Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан төслийн ажлыг сэргээх чиглэлийг өгч байсан. Энэ мэтчилэн Халзан бүрэгтэй төслийг тойрсон төрийн эргэж буцсан шийдвэрүүдийг он цагийн дарааллаар хүргэж байна.
•     •     •

 

1983 оны 1 сарын 1
АНХНЫ ХҮДРИЙН ИЛРЭЛИЙГ ТОГТООСОН
Зөвлөлт-Монголын геологийн Эрдэм шинжилгээний хамтарсан экспедицийн хээрийн ажлын үед Халзан бүрэгтэйн боржингийн шүлтлэг массивыг илрүүлж байжээ. Энэхүү эрдэм шинжилгээний ажлаар 0.8 кв.км талбайтай тантал, ниобий, цирконы болон ховор шороон элементийн үйлдвэрлэлийн агуулга бүхий ховор металлд шүлтлэг боржингийн биетэд нарийвчилсан судалгаа явуулахыг зөвлөмж болгожээ.
Үргэлжлүүлэн Халзан бүрэгтэйн ордын талбайд геохимийн сорьц болон ГХЭ-үүдийн хүдрийн дээжийг анхан шатны судалгаанд зориулан цуглуулсан байна. 1983-1990 онд хийсэн судалгаар Халзан бүрэгтэйд газрын ховор элемент бүхий агуулга бий гэдгийг тогтоож байж.
•     •     •

 

2011 оны 3 сарын 22
“МОНГОЛИАН НЭШНЛ РИЙР ИЙРТ КОРП” ХХК-Д "ХАЛЗАН БҮРЭГТЭЙ" ОРДЫН АШИГЛАЛТ, ХАЙГУУЛЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОВ
“Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп” ХХК нь 2010 онд байгуулагдсан. Халзан бүрэгтэй ордын ашиглалт болон хайгуулын зөвшөөрлийг 2011 оны гуравдугаар сарын 22-нд ГУУХКХ-ийн даргын 242, 243 тоот шийдвэрээр “Монтем” гэх компаниас шилжүүлэн авсан байна.
Ийн авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.5 буюу хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн Эрдэс баялгийн зөвлөлийн ээлжит хурлын тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 25.1.7 буюу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 26.2.3 буюу хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ үнэлгээ нь олборлолтоос үүсэж болох экологийн хохирлын нөхөн сэргээхэд хүрэлцсэн байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тодорхой болсон.
2012 оны 10 сарын 29
ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ОРДЫН АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАХ УЛСЫН БАЙЦААГЧИЙН ДҮГНЭЛТ ГАРАВ
Тус өдөр Улсын ахлах байцаагчийн "21-05/003/675 дугаартай ашиглалтын лицензийг цуцлуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт  гарсан. Уг дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг дарга Г.Нямдаваа хууль бус тусгай зөвшөөрлийг цуцлуулахыг хүсэж Ашигт малтмалын газарт 2012 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1/774 дугаар албан бичгээр, АМГ-ын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1/1297 дугаар албан бичгээр тус тус хандсан АМГ-аас ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахын тулд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт хэрэгтэй гэж хариу өгсөн тул баримт нотолгоог үндэслэн дүгнэлт гаргаж өгөхийг хүсэж  тухайн үеийн Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яаманд 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/1415 дугаартай албан бичгээр тус тус хандсан. Гэвч БОНХЯ-наас хариу ирүүлээгүй, дүгнэлт гаргаагүй орхигдсон байдаг.  
•     •     •

 

2013 оны 1 сарын 1
ИРГЭДИЙН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЧ ЭХЛЭВ
Халзан бүрэгтэй уул болон түүний орчим газрын ус ургамал, ан амьтныг нь хамгаалах зайлшгүй шаардлагатай болохыг тодотгон уг газрыг хамгаалалтад авах тухай Мянгад сумын бүх багийн ИНХ-ын болон сумын ИТХ-ын тогтоол  гарч, тэрхүү тогтоолыг сумын 1000 гаруй иргэний гарын үсэгтэй хүсэлт, өргөдлийн хамт аймгийн ИТХ-д өргөн барьсан. Гэхдээ өнөөг хүртэл ямар нэгэн шийдвэр гараагүй.    
•     •     •

 

2013 оны 1 сарын 1
ХАЙГУУЛЫН АЖЛАА ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ЗОГСООВ
2013 онд Халзан бүрэгтэй төслийн анхны хайгуулын ажил эхэлсэн. Тус хайгуулын ажлаар Халзан бүрэгтэйн орд нь эдийн үр өгөөж багатай гэх дүгнэлт гарсан.  Иймээс уг төслийг 2013 оны сүүлээс 2021 он хүртэл зогссон.
Учир нь Австралийн “Lynas” компанийн  “Mount Weld” орд нь 8 хувийн, АНУ-ын “MP Materials” орд 4-5 хувийн газрын ховор элементийн агуулгатай байдаг. Гэтэл Халзан бүрэгтэй орд 0.4 хувийн газрын ховор элементийн агуулгатай учир төслийн багт үүнийг хэрхэн үр ашигтай болгох вэ гэдэг асуудал тулгарсан.  Тус ордын нөөцийн тогтоогдсон хэмжээ 2015 онд эрдэс баялгийн санд бүртгэгдсэн. Түүнчлэн, 2018 онд техник, эдийн засгийн үндэслэл буюу ТЭЗҮ батлагдсан.
•     •     •

 

2021 оны 1 сарын 1
ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД ТӨСЛӨӨ ДАХИН ЭХЛҮҮЛЭХ СУУРЬ ТАВИГДАВ
Засгийн газрын "Шинэ сэргэлт" бодлогод  газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө багтсан. Иймд, Халзан бүрэгтэй төслийн баг Мянгад сумын иргэдтэй төслийнхөө талаар танилцуулга уулзалт хийж эхэлсэн.
2022 оны 1 сарын 1
ХАЙГУУЛЫН АЖЛАА ДАХИН ЭХЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРЛӨӨ АВАВ
Халзан бүрэгтэй төслийн баг тус оны хавраас үйл ажиллагаа дахин сэргээх хүрээнд тусгай зөвшөөрлөө батлуулсан. Мөн тус оны аравдугаар сарын хайгуулын ажлаа дахин эхлүүлсэн.
•     •     •

 

2022 оны 11 сарын 3
МОРЬТОН МЯНГАДУУДЫН ТЭМЦЭЛТЭЙ ТУЛГАРАВ
Нутгийн иргэдийн жагсаал, эсэргүүцэл дахин сэдрэв. Цуглаанд Мянгад болон ойр орчмын зарим сумдын 300 гаруй иргэд цуглаж жагссан байна. Цуглаанд оролцогч морьтон Мянгадууд угсаатныхаа эртний түүхийн бэлгэдэл болгон цагаан алчуураар толгойгоо ороож, “Ард иргэдийн үндсэн хуулиар олгосон эрхэнд бүү халд!”, “Халзан бүрэгтэй дэх ашиглалтын хууль бус лицензийг цуцлуул”, “Хариуцлагагүй уул уурхайг эсэргүүцэж байна”  уриа лоозонгууд барьж, тухайн компанид болон Мянгад сум хийгээд Ховд аймгийн ИТХ, Засаг дарга, Тамгын газарт шаардлага хүргүүлсэн юм.
•     •     •

 

2022 оны 11 сарын 7
АЖЛЫН ХЭСЭГ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙХЭЭР ОЧИВ
Тус өдрийн А/99 дүгээр захирамжаар байгуулагдсан хараат бус Ажлын хэсгийнхэн болон МУИС-ийн Ховд аймаг салбарын шинжээчдийн баг, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, сумын ИТХ-ын зарим төлөөлөгчдийн хамт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэмжилт хийхээр очтол компанийнхан болон өрөмдлөг явуулж байсан хүмүүс хэмжилт хийх ажлыг нь эсэргүүцэж хориглов. Ийнхүү Ажлын хэсгийнхэн хэмжилт хийлгүй буцжээ.
•     •     •

 

2022 оны 11 сарын 16
ЦАЦРАГ ИДЭВХТ БОДИСЫГ ХЭМЖИХЭЭР БОЛОВ
Засгийн газраас Ажлын хэсэг томилогдон, Ховд аймгийн Мянгад сумын Халзан бүрэгтэйд ажиллав. Ажлын хэсэг болон оролцогчдын хяналтын дор цацраг идэвхт бодисын идэвхийг хэмжих хэмжилт явуулав.
Хэмжилтийн үр дүнд Халзан бүрэгтэй дэх тусгай зөвшөөрөл бүхий талбайд цацраг идэвхт бодисын идэвхийн нөлөө нь байгалийн нөхцөлдөө буюу хөрсөн дээрээ Монгол орны ердийн дунджаас 4-8 дахин их (энэ нь өрөмдлөг явуулан газрын хүйсийг цоолж хэвлийг нээсэнтэй холбоотой), (Цөмийн энергийн газрын шинжээч, албаны дарга Нямдаваагийн танилцуулснаар ердийн дунджаас 7-8 дахин) их байгаа нь тодорхой болов.
•     •     •

 

2022 оны 11 сарын 25
ҮАБЗ-ӨӨС ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ТӨСЛИЙН БАГТ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭВ
ҮАБЗ-ийн 2022 оны тус өдрийн 4/663 тоот албан бичгийн дагуу хайгуулын талбайд ажилласан ажлын хэсгийн тайланд тусгасан санал, зөвлөмжийг  Халзан бүрэгтэй төслийн багт хүргүүлсэн.
Одоогоор тэд талбайн хаягдлын далангийн туршилт, судалгааг гүйцэтгүүлэхээр Австрали улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон улсын тэргүүлэх байгууллага болох “Knight piesold”-ийг зөвлөх компаниар сонгож,  цацрагийн чиглэлээр байгаль орчин болон нийгмийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэх гаднын зөвлөх “Sustainability”, SLR зэрэг олон улсын компанитай хамтран ажиллаж, цацрагийн эрсдэлийг үнэлэхэд шаардлагатай бүхий л өгөгдлийг цуглуулж ажилладаг аж.
•     •     •

 

2022 оны 11 сарын 30
ЦАЦРАГИЙН ХЭМЖЭЭГ ЗАРЛАХЫГ ШААРДАВ
Тус өдрийн 1/877 тоот “Цацрагийн хэмжилт, шинжилгээний тухай” албан бичигт шинжилгээний үр дүн дэх утгууд нь нэгтгэн, нийлбэрийг тооцсон утга нь 1-ээс хэтэрсэн буюу хяналтаас чөлөөлөх түвшнээс хэтэрсэн гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг мөн ажлын хэсэг ажиллах үеэр авсан дээжүүдийн шинжилгээний үр дүнд Цацрагийн аюулгүйн дүрмээр тогтоосон нормд үндэслэн гаргасан боловч шинжилгээний үр дүн дэх изотоп тус бүрд бус, кали, уран, тори, изотоп тус бүрийн утгыг нэгтгэн, нийлбэрийг цацрагийн чөлөөлөгдөх түвшинд харьцуулан гаргасан нь “Халзан бүрэгтэй” төслийн байгалийн цацрагийн идэвхийн түвшний талаарх зөрүүтэй ойлголтыг бий болгоод байгаа юм. Тиймээс байгалийн цацрагийн хэмжээ нь хяналтаас чөлөөлөх түвшинд байгаа, эсэх талаарх ойлголтын зөрүүг цаашид нэг мөр болгох шаардлагатай гэжээ.
•     •     •

 

2023 оны 3 сарын 1
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.БОЛОРМААГ ШҮҮХЭД ӨГӨВ
Халзан бүрэгтэй төсөл хэрэгжүүлэгч компани Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, хууль бус шийдвэр гаргасан гэдэг үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
•     •     •

 

2023 оны 9 сарын 4
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУ-ЭРДЭНЭ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАВ
Ховд аймагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ, Засгийн газрын төлөөллүүд ирж ажиллахад тус аймагт үүссэн зарим тулгамдсан асуудлууд түүний дотор Мянгад сумын нутаг дахь Халзан бүрэгтэй төслийн хууль бус үйлдлийн талаар хурц, ширүүн шүүмжлэлүүд өрнөсөн. Ерөнхий сайд нутгийн иргэдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг албаныханд үүрэг болгосон.
•     •     •

 

2023 оны 9 сарын 6
ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ТӨСЛИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЭВ
 Ерөнхий сайд Ховд аймагт ажилласны дараахан Засгийн газрын хуралдаанаар “Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааны тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байна.  Тогтоолын агуулга нь "Орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд нийцүүлэн, "Халзан бүрэгтэй ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэхийг шийднэ" гэх утгаар төслийг түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.
•     •     •

 

2024 оны 8 сарын 16
САЙДЫН ТУШААЛААР ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ТӨСЛИЙГ ДАХИН СЭРГЭЭВ
 Ингээд жил орчим хугацаанд зогсонги байсан Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх тухай албан бичгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан холбогдох албаныханд хүргүүлсэн байна. Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх үндэслэл нь, аж үйлдвэрийн салбарын баримтлах бодлоготой нийцэж байгаа, мөн үүссэн зөрчлийг арилгасан талаар Улсын байцаагчийн дүгнэлт гарсантай холбоотой гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тайлбарласан юм.
•     •     •

 

2024 оны 11 сарын 2
ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ТӨСЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ ИРГЭДИЙН ТЭМЦЭЛ ХУРЦДАВ
2024 оны арваннэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Халзан бүрэгтэй уулыг хөндүүлэхгүй гэж Ховд аймгийн 200 гаруй морьтой иргэн болон 1000 гаруй хүн жагсаал хийж,төслийн талбайд эмх замбараагүй байдал үүсгэв. Тодруулбал, төслийн ажилчдын байрлаж байсан гэр кемпийг буулгаж, техник хэрэгслийг эвдэж, замбараагүй байдлыг үүсгэсэн байна.
•     •     •

 

2024 оны 11 сарын 7
ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ТӨСЛИЙГ ДАХИН ЗОГСООВ
Орон нутгийн иргэд тэмцлийн хүнд хэлбэрт шилжиж, Халзан бүрэгтэй төсөл хэрэгжүүлэгч компани болон ажилчдын аюулгүй байдалд халдав. Үүссэн асуудалтай холбоотойгоор Ховд аймгийн Мянгад суманд “Халзан бүрэгтэй”-д газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч  “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагаа явуулахдаа зөрчил гаргасан болох нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдсон гэж үзээд төслийн үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 7-ны өдрөөс зогсоох тухай Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа захирамж гаргажээ.
•     •     •

 

2024 оны 11 сарын 11
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ МЭДЭГДЭЛ ГАРГАВ
Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч "Монголиан Нешнл рийр ийрт корп” ХХК мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, “Үймээний үеэр төслийн талбайд үүрэг гүйцэтгэж байхдаа бэртэж, гэмтсэн 66 ажилтан тэдний гэр бүлээс уучлал гуйж харамсаж буйгаа илэрхийлье.
Олныг хамруулсан үймээнийг зохион байгуулсан, удирдсан, санхүүжүүлсэн байж болзошгүй этгээдүүд, ТББ-уудыг хуулийн байгууллагад шалгуулж хариуцлага тооцуулна. Халзан бүрэгтэй төсөл нь хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нарийвчилсан ТЭЗҮ бэлтгэх ажил эхэлсэн. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний судалгаа 2024 оны нэгдүгээр сард эхэлсэн, 2026 онд дуусгах төлөвлөгөөтэй” гэлээ.
•     •     •

 

2024 оны 11 сарын 12
ХАЛЗАН БҮРЭГТЭЙ ТӨСӨЛ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙГ МЭДЭГДЭВ
Халзан бүрэгтэй төслийг зогсоосон асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан байр сууриа илэрхийлэв.
Тэрээр “Монгол Улсад газрын ховор элементийн чиглэлд ахиц гаргасан төсөл бол Халзан бүрэгтэй. Гэтэл энэ төслөө урантай холбоотой мэт буруу мэдээлэл түгээж, хайгуул судалгаагаа хийж байгаа компанийн эд хөрөнгө, хувь хүмүүсийн эрх ашигт халдаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам буруу гэж үзэж байна.
Монгол Улс хуультай орон. Бид ямар нэгэн байдлаар байгалийн баялгийг ашиглахдаа Ашигт малтмалын тухай хууль, журмын дагуу хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг олгодог. Халзан бүрэгтэй төслийн баг, ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч компани ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй” гэлээ.
•     •     •

https://itoim.mn/t/2024/11/13/analyze/wpc?dbbd8723448dc4c04f5a4cbbf6264bc8

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen