Ертөнцөд байхгүй есөн хувийн АМНАТ тойрч мэтгэлцэв
УИХ-ын чуулганы сүүлийн хоёр өдрийн нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Уг хуулийг хэлэлцэн баталснаар цөмийн эрчим хүч ашиглах, уран олборлох болон ирээдүйд барьж байгуулах төлөв бүхий Атомын цахилгаан станцтай холбоотой хууль, эрх зүйн орчин бүрдэх юм. Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн дунд багагүй мэтгэлцээн болсны нэг нь суурь АМНАТ-ын тухай байв.
СУУРЬ АМНАТ-ЫГ ЕСӨН ХУВЬД ХҮРГЭВЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ДАЙЖИНА
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд суурь АМНАТ нь ашигт малтмалын борлуулалтын орлогын таван хувь байх, нэмэгдүүлэн тооцох АМНАТ нь ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-9 хувь байх, тусгай АМНАТ-ыг тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийн түвшинг харгалзан УИХ тогтоох нь зүйтэй хэмээн тусгажээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудал орж хэлэлцүүлэг хийх үеэр УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн суурь АМНАТ-ийн хувь хэмжээг есөн хувьд хүргэх санал гаргаж, санал хураалтад 13 гишүүн оролцсоноос найм нь буюу Р.Батболд, Д.Батлут, П.Ганзориг, Ц.Даваасүрэн, Д.Мөнхтулга, Б.Түвшин, Да.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн нар дэмжиж олонх болжээ. Харин АБГББХ-ны гишүүд түүнийг 100 хувь эсэргүүцэв.
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан АБГББХ-ны хуралдаан дээр хэлэхдээ “Суурь АМНАТ есөн хувь болсон нөхцөлд төсөл зогсоно, хөрөнгө оруулалтын гэрээ цааш явах боломжгүй болно. Учир нь хөрөнгө оруулагч дээрх төрлийн төлбөр хийхээс гадна давуу эрхийн 10 хувь, АМНАТ-ын үнэ өссөн нөхцөлд 19 хувь, ААНОАТ зургаан тэрбумаас дээш гарвал 25 хувийн татвар төлнө. Дээр нь газар ашигласны, ус ашигласны төлбөр, хөрөнгө оруулалтын гэрээнд заасанчлан хөрөнгө оруулагч нь орон нутагт жил бүр мөнгө олгох зэрэг маш олон төрлийн хураамжуудыг хөнгөлөлтгүйгээр хураалгах тул есөн хувийн АМНАТ боломжгүй” хэмээж байв.
АМНАТ-ыг өндөр тогтоох нь “Олон улсын хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах, үйл ажиллагаа явуулахад нээлттэй” гэх үгээр далдлаад ашигт малтмал ашиглуулсныхаа төлбөрөөр тэдэнд хаалт тавин дайжуулах нэг хэлбэр болно хэмээсний үндсэн дээр АБГББХ-ны хурлын үеэр дээрх есөн хувь гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар эсэргүүцжээ.
ЕСӨН ХУВИЙН СУУРЬ АМНАТ-ТАЙ ОРОН ЕРТӨНЦӨД БАЙХГҮЙ
Хуралдааны үеэр гишүүд есөн хувийн суурь АМНАТ-тай орон ертөнцөд байхгүй гэдгийг тайлбарлаж байлаа. Дэлхий дээр ураны ихээхэн нөөцтэй 13 улс байна. Тэднээс тав нь дэлхийн ураны нөөцийн 80 хувийг эзэмшдэг. Татварын орчныг нь үзвэл дэлхийд хамгийн их ураны нийлүүлэлт хийдэг Казахстан АМНАТ зургаан хувь, Канад таван хувь, Нигери таван хувь, Австрали таван хувь, Узбекистан найман хувийн АМНАТ авдаг. Тэгэхээр Монгол Улс есөн хувийн АМНАТ тогтоох нь хэт өндөр дүн гэдгийг тэд тайлбарлав.
Санал хураахын өмнө УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж:
-27 жилийн турш ярьсан ураны төслийг урагшлуулах зорилгоор Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Энэ хуулийн өөрчлөлт нь ашигт малтмалын дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох ёстой гэдэг агуулгыг бүрэн биелүүлж байгаа. Энэ хуулиар суурь АМНАТ таван хувь, тусгай АМНАТ таван хувь, өсөн нэмэгдэх АМНАТ нь есөн хувь байхаар заасан. Мөн дээрээс нь ААНОАТ зургаан тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувь байгаа. Дээр нь 10 хувийн давуу эрхийн хувьцаа авч байгаа. Ингэхээр нийт дүнгээрээ манай эзэмших хувь 51 хувиас дээш гарна. Мөн 13 төрлийн татвар болон төлбөр хураамж авах ёстой. Ингэснээр хангалттай хэмжээнд татвар авах боломжтой. Ц.Даваасүрэн гишүүний саналаар суурь АМНАТ-ыг дөрвөн хувиар нэмж есөн хувь болгоно гэдэг нь төслийг зогсоох гэсэн зорилго агуулж байна. Эндээс сайн үр дүн гарахгүй. Ийм байдлаар асуудлыг гацаадаг үе өнгөрсөн гэдгийг хэлэх нь зүйтэй.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Би Ц.Даваасүрэн гишүүний саналын эсрэг байна. Монгол Улсад цаашид уран олборлох асуудлыг том зургаар харах ёстой. Цөмийн энергийн тухай хуулийн төслийн гол агуулга нь зөвхөн Зөөвч-Овоогийн асуудал биш. Цаашдаа хэд хэдэн ордын асуудал яригдаж байгаа. Энэ хууль бол Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа юу, үгүй юу гэдгийн шийдэл шүү. Казахстаны АМНАТ авдаг арга өөр. Борлуулалтаас илүү ашгаас авдаг.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Би 20 жил түмний төлөө зүтгэж байна. Би хүн ярих дургүй, асуудал ярих дуртай. Есөн хувийг ард түмэндээ өгье гэж ярихад юу нь буруу байх вэ. Цөмийн энергийн комиссын ажлын албанаас 2015 оны зургаадугаар сарын 26-нд АМНАТ-ыг есөн хувь болгоход бэлэн байна гэж байсан. Гишүүд сонгогчдынхоо төлөө ярих ёстой. “Арева” өөрөө 0.5 хувиар бууруулаад өгсөн юман дээр битгий өмнөөс нь санаа зов. Ямар хар сүүдэр та нарыг дайрчихав аа.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
-Олон жил суусан ах маань буруу ярьж байна. Энэ бол ураны тухай хууль биш, Цөмийн энергийн тухай хууль. УИХ-д олон жил суучихаад өөрсдийгөө бүгдийг мэддэг царай гаргадгаа одоо боль. Эх оронч дүр гаргаж, эх орны эсрэг юм хийдгээ больцгоо.
Ганбаа ах аа одоо наад маскаа тайл. Худлаа попорч, худлаа жүжиг тавьж, эх орончийн царай гаргадаг хүмүүсээ бид бодитой харах ёстой. Нэг нэгнээ хамгаалж, энэ үйлдлээ олон жил парламентад хийж хэвшицгээсэн юм билээ. Есөн хувь гэсэн санал гаргасан Ц.Даваасүрэн гишүүн өөрийнхөө удирддаг Байнгын хороон дээр хүмүүсийнхээ ирцийг харж байгаад дэмжүүлчихсэн юм шиг байна. АБГББХ ирцээ 100 хувь бүрдүүлж байгаад энэ саналыг нь дэмжээгүй шүү.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Парламент дээр гишүүд байр суурийн зөрүүтэй байх нь нээлттэй. Улс орны хувь заяатай холбоотой асуудал учраас ард түмэндээ зөв мэдээллийг өгөх ёстой. Сая С.Ганбаатар гишүүн Цөмийн энергийн ажлын албанаас авсан мэдээлэл гэж жишээ авч тайлбарлаж байна. Ажлын албаны хүмүүс УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөхдөө хоёрдмол ойлголт өгөлгүйгээр бодитой, баталгаатай мэдээлэл өгөх ёстой. Улстөржөөөд явчихдаг сэдэв байж болохгүй. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн боломжоо сайжруулах, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх, түүний төлөө хамтарсан Засгийн газар байгуулж, зориг гарган томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх алхам хийж байгаа цаг үеийг алдаж болохгүй.
Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдсэний дараа тодорхой улс гүрэнтэй гэрээ байгуулах эсэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэнэ гэсний дараа зарчмын зөрүүтэй саналын томъсоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82 гишүүн буюу 80.4 хувь нь “Суурь АМНАТ-ыг есөн хувь болгох тухай” Төсвийн байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийх юм.