Уушгийг шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа робот хийжээ
НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /TASS/. Америкийн мэс засалчид уушгины архаг бөглөрөлт өвчтэй хүний уушгийг бүхэлд нь шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаа автомат мэс заслын төхөөрөмжөөр хийсэн тухай Нью-Йоркийн их сургуулийн эрүүл мэндийн төвийн (NYU Langone Health) хэвлэлийн алба мэдээлэв.
“Робот мэс засалчдыг ашигласнаар мэс засал амжилттай болох магадлалыг дээд зэргээр нэмэгдүүлэх, мөн хагалгааны дараа үүсэх хүндрэл, мэс заслын дараах хурц өвдөлтийг намдаах боломжийг олгоно” гэж Нью-Йоркийн их сургуулийн доцент Стефания Чанг ярилаа.
Эрдэмтэд өвчтөний уушгийг бүхэлд нь авч, донор эрхтэнээр солих хүнд мэс заслыг анх удаа автомат мэс заслын системээр хийсэн бөгөөд мэс засалчдын оролцоо хамгийн бага түвшинд байв. Сарын өмнө “NYU Langone Health”-ийн эмч нар нэг уушгийг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн бол энэ удаад эрдэмтэд амьсгалын энэ эрхтний хоёр хэсгийг хоёуланг нь шилжүүлэн суулгаж чаджээ.
АНУ-ын Шерил Меркар хэмээх 57 настай иргэн шилжүүлэн суулгах мэс заслыг робот мэс засалчдаар хийлгэх туршилтын анхны оролцогч болсон байна. Түүнд хүнд хэлбэрийн уушгины архаг бөглөрөлт өвчин 2010 онд оношлогджээ.
Меркарын биеийн байдал 2022 онд коронавирусийн халдвар авсны дараа улам дордсон тул түүнд уушги бүхэлд нь шилжүүлэн суулгах шаардлагатай болжээ. Энэ мэс засалд тохирох донор саяхан олдож, улмаар эмч нар өвчтөний уушгийг бүхэлд нь шилжүүлэн суулгах мэс заслыг роботоор хийх туршилтад оролцох саналыг тавьсан байна. Роботууд уг эмэгтэйн хавирганы хооронд хоёр жижиг зүсэлт хийснийхээ дараа уушгийг нь авч, донорын уушгиар сольжээ. Мэс засал амжилттай болсон нь амьсгалын энэ эрхтэнд нарийн төвөгтэй мэс засал хийх үед автомат робот мэс засалчдыг өргөнөөр ашиглах боломжийг нээж өглөө. Ингэснээр уушгины хүнд өвчтэй олон мянган хүний амийг аврахаас гадна мэс заслын дараа хүндрэл үүсэх магадлалыг бууруулна гэж эрдэмтэд үзэж байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг