Монополын эсрэг дайн: “Google” компанид Chrome браузераа зарахыг тулгав

Монополын эсрэг дайн: “Google” компанид Chrome браузераа зарахыг тулгав

 

АНУ-ын Хууль зүйн яамны Монополтой тэмцэх газар “Google” компанид Chrome браузераа худалдах үүрэг хүлээлгэхийн тулд шүүхэд хандсан тухай Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ. Энэ бол мэдээллийн технологийн аварга, АНУ-ын эрх баригчдын хооронд удаан үргэлжилж буй маргааны ээлжит үе шат. Өмнөх маргаан нь наймдугаар сарын 5-нд дууссан. Тухайн үед шүүх “Google” компанийг хайлтын системийн зах зээл дээр монопол байр сууриа хадгалахын тулд хууль бус арга хэрэглэсэн гэж үзэж байлаа. Тус компани браузераа худалдвал эко системд нь ямар өөрчлөлт гарах, хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлөх талаар Forbes сэтгүүл тодруулсан байна.

Өө олдов

Энэ хэрэг шийдэгдвэл дэлхийн технологийн томоохон компанийн монополчлолын эсрэг тэмцэлд гарах түүхэн арга хэмжээ болно гэr Блүмберг агентлаг онцолсон байна. АНУ-ын эрх баригчид мөн хиймэл оюун ухаан болон Android ухаалаг утасны Android үйлдлийн системтэй холбоотой арга хэмжээ авахыг шүүхээс мөн хүсэж байна. Харин яг ямар арга хэмжээ гэдэг нь тодорхойгүй.

Тус компанийн браузераа зарах шаардлага нь монополын эсрэг авч буй арга хэмжээнүүдийн нэг нь. Тус корпорацыг хэд хэдэн бизнес болгож хуваах нь үйл явдлын өөр нэг өрнөл. Ийм алхам “Google” компанийн хайлтын сервисийн зах зээл дэх ноёрхлыг сулруулах зорилготой. Өдгөө тус компанийн үйлчилгээ дэлхийн  хайлтын зах зээлийн 89 гаруй хувийг эзэгнэж байна

АНE-ын Хууль зүйн яам, “Google” компанийн хоорондын тулаан 2020 оноос эхтэй. Энэ хугацаанд АНУ-ын эрх баригчид энэ хэргээр 150 гаруй хүнээс мэдүүлэг авч, таван сая гаруй хуудас материалыг шүүхэд хүргүүлээд байна.

Шинэ биш хэрэг

Энэ бол АНУ-ын эрх баригчдын хувьд мэдээллийн технологийн салбар дахь монополын эсрэг чиглэсэн анхны хэрэг биш. 1997 онд Хууль зүйн яам “Microsoft” компанийг зах зээл дээрх монопол байдлаа урвуугаар ашигласан гэж буруутган шүүхэд хандаж байлаа. 2021 онд талууд маргаанаа шийдэж чадсан. Тухайн үед “Microsoft” компани буулт хийж, компьютер үйлдвэрлэгчдэд “Microsoft”-ын бүтээгдэхүүнээс гадна бусад компаниудын программ хангамжийг компьютерт суулгахыг зөвшөөрч байв.

Компанийг хэд хэдэн бизнес болгон хуваадаг туршлага ч мөн шинэ биш. 1980-аад оны үед технологийн салбарт “Bell System” компанийг хувааж байжээ. Гэсэн хэдий ч компанийг хувааснаар тэр бүр өрсөлдөөн бий болгодоггүй байна. Жишээ нь “Bell System” компанийн хувааснаар шинээр байгуулагдсан бизнесүүд “IBM” компанитай идэвхтэй өрсөлдөнө гэж найдаж байсан ч тэд технологио хөгжүүлэхэд  шаардлагатай хөрөнгө оруулалт хийх чадваргүй болж таарсан.

Тиймээс зарим тохиолдолд томоохон компаниудад өрсөлдөгч программд саад тотгор уруулахгүй байхыг үүрэг болгох нь илүү үр дүнтэй байдаг.

Том цохилт

Энэ удаагийн тохиолдолд шүүх АНУ-ын Хууль зүйн яамны шаардлагыг дэмжинэ гэж шинжээчид үзэж байна. Энэ нь “Google” компанийн хувьд том цохилт болно. Тус компани дахь өөрчлөлтүүд хэрэглэгчдийн мэдээлэл авах боломжид нөлөөлж болзошгүй. Өдгөө тус компани мэдээлэл цуглуулах асар их боломжийг дангаар эзэмшдэг бол шүүхийн шийдвэрээр өрсөлдөгчидтэйгөө хуваалцахаас өөр аргагүйд хүрнэ.

Тус компанийн ашиг орлогын 75 гаруй хувийг зар сурталчилгаанаас орох орлого бүрдүүлдэг. Ингэхдээ эл орлогын талаас илүү хувийг хайлтын системт дэх рекламууд бүрдүүлдэг байна. Ийм учраас “Google” компанид аль болох олон тооны хэрэглэгчдийн хувьд хайлтын гол систем байх, тэдний мэдээллийг мөнгөжүүлэх нь амин чухал байсан юм. Үүний тулд өөрийн Chrome браузерыг ашигладаг. Дэлхийн хамгийн эрэлттэй браузер. 2024 оны аравдугаар сарын байдлаар, хайлтын системийн зах зээлд Google Chrome 47:1 хувь, Яндекс 32.5 хувь, Mobile Safari 11.5 хувийг эзэгнэж байжээ.

Тус компани ийн өөрийн браузераа худалдвал эко системийн хяналтад хүчтэй нөлөөлнө. Зөвхөн Chrome браузер тус компанийн бусад сервисийн нягт уялдааг хангадаг холбогч юм. Технологийн энэ холбоос тасарснаар техникийн хүндрэлүүд гарч, улмаар эдгээрийг засахын тулд нэмэлт зардал гаргах шаардлага үүснэ.

Хайлтын зах зээлд хиймэл оюун ухаан гарч ирснээс үүдэн өрсөлдөөн ширүүсэж байгаа энэ үед “Google” компанийн хувьд Chrome браузераа худалдах нь туйлын ашиггүй. Тус компани эцсээ хүртэл үүний эсрэг тэмцэх бөгөөд шүүхэд ялагдал хүлээвэл браузераа шилжүүлэх явцыг аль болох сунгахыг хичээнэ гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн хоцрогдлоо нөхөхийн тулд цаг хожим боломжтой болно.

Харин хэрэглэгчдийн хувьд хайлтын системийн үйл ажиллагаанд тасалдалд гарч, эко системтэй ажиллах туршлага алдагдах, хувийн мэдээллээ хамгаалах стандартад өөрчлөлт орох зэрэг эрсдэлтэй.

Энэ хувилбар зөвхөн бизнес загвар төдийгүй олон сая хүний амьдралд технологийн гүйцэтгэх үүрэгт өөрчлөлт орох дохио юм. Chrome браузерыг ашиглахад хялбар бус ч болж магадгүй.

Зарим шинжээчид Chrome-ын эзэмшигч солигдсоноор хэрэглэгчид хожно гэдэгт итгэж байна. Өмнө нь “Microsoft” компани өөрийнхөө Internet Explorer-ыг хэрэглэхийг тулгадаг байсан бол өдгөө түүнийг “Google” орлож байгаа. Үнэгүй сервисийн ертөнцөд хэрэглэгчдийн мэдээлэл бараа бүтээгдэхүүн болж хувирдгийг санахад гэмгүй. “Google” компанийг монопол байрнаас нь унагаснаар хэрэглэгчдийн орооцолдсон торноос бага зэрэг суллах ч далайг бүрэн цэвэрлэж чадахгүй. Загасчдын тоо ч багасахгүй.

Ашигтай актив

Тус корпорац асуудал монополчлолд бус харин ихэнх хэрэглэгчдийн сонгодог бүтээгдэхүүний чанарт бий гэж мэдэгдэж байна. Сонгогдсон компани реклам олгогчидтой ижил арга барилаар ажиллах ёстой болно. Өөрөөр хэлбэл мэдээлэл авах ижил эрхтэй байх ёстой. Ялангуяа зар сурталчилгааны хувьд. Харин шинэ компани туйлын бие даасан байна гэдэг нь эргэлзээтэй гэж шинжээчид онцолжээ.

Chrome браузерыг худалдах шаардлага нь Alphabet корпорац болон түүний эко системд хүчтэй цохилт болж байна. Chrome нь мэдээлэл, трафикийн эх үүсвэр ба энэ нь Google компанийн рекламын бизнесийн амин сүнс. Тус браузерын тусламжтай хэрэглэгчдийн хүсэл, сонирхлын талаарх мэдээллийг цуглуулдаг. Хэдийгээр тус компани үйл ажиллагаагаа солонгоруулж байгаа ч зар сурталчилгаанаас орлогынхоо ихэнх хэсгийг бүрдүүлсээр л байгаа.

Түүхийн явцад “Google” компанийн ноёрхлыг ганхуулахад хүнд байсан. Өрсөлдөгч хайлтын системүүд ч энэ байдлыг өөрчилж дийлээгүй. Генератив сүлжээ хөгжсөнөөр “Google”-д хайлтын зах зээл дээрх хувь хэмжээгээ аажмаар алдах аюул нүүрлэсэн. Жишээ нь, хиймэл оюун ухаан ашигладаг Perplexity идэвхтэй өсөж, их хэмжээний хөрөнгө оруулалт татах болсон. Хиймэл оюун ухааны салбарт хүч үзэж байгаа ихэнх боловсруулагчид сүлжээндээ мэдээлэл хайх боломжуудыг оруулах болсон юм.

Түүнчлэн, “Google”-д өөрийнх боловсруулсан Gemini хэлний загвар бий.  Үүний трафик, мэдээллийн эх үүсвэр нь өнөөх Chrome. Тиймээс эл барузераа алдсанаар Google компанийн хиймэл оюун ухааны салбар дахь санаачилга болон хайлтын зах зээл дээрх байр сууринд нөлөөлнө.

Зарим шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын Хууль зүйн яам болон “Alphabet Inc” корпорац хооронд үүссэн маргаан тус корпорацын хуваагдлаар төгсөнө гэдэгт итгэхэд хүнд. Учир нь ийм зүйл тохиогоогүй маш удсан. Ялангуяа, хиймэл оюун ухааны технологийн төлөөх өрсөлдөөн ид хүчээ авч байгаа энэ үед төсөөлөхөд бэрх. “Alphabet” корпорац бизнесийнхээ бүтцийг хадгалж үлдэх, гэхдээ браузераа өрсөлдөөнд нээлтэй болгох тохиролцоонд хүрэх магадлал өндөр.

Гэсэн хэдий ч Chrome-ыг худалдан авагчийг олоход тийм ч хэцүү биш. Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж байгаа энэ үед мэдээллийн төлөөх тулаан ширүүсэж байгаа. Тус браузер трафикаас гадна янз бүрийн загварыг сургахад ашиглах их хэмжээний мэдээлэл өгч чадна. Өдгөө хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа олон компаниуд хөрөнгө оруулалт сайтай байгаа тул браузерыг худалдан авахад хангалттай мөнгө бий. Хэлний загвар боловсруулагчдын салбарт өрсөлдөөн  мөн л нэмэгдэж байгаа тул трафикийн ийм эх үүсвэр мөн л ашигтай худалдан авалт болно.

 

https://news.zindaa.mn/4z2l

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen