“APT” анхаарал сарниулаад байна

“APT” анхаарал сарниулаад байна

 

Өмнөд Солонгос даяар хагас сая оюутан амьдралынхаа хамгийн чухал сорилттой тулгарлаа. Тодруулбал, дэлхийн хамгийн хүнд сорилтуудын нэг гэгддэг Өмнөд Солонгосын их дээд сургуулийн элсэлтийн шалгалт Пүрэв гаригт эхэлжээ. Энэ шалгалт найман цаг үргэлжилдэг. Шалгалтын үеэр замын хөдөлгөөний хязгаарлалт хийх, барилгын ажлуудыг зогсоох гэх мэтээр засгийн газраас зохицуулалтууд хийдэг.

Гэвч энэ жил оюутнуудын анхаарлыг Бруно Марс, Ружэ нарын хамтрал “APT” сарниулах болжээ. Тиймээс дэлхий дахинд хит болсон энэ уран бүтээл оюутнуудын хувьд “хориотой” дуу болоод байна.

Нэгэн оюутан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Шалгалт өгч байх үед энэ дуу толгойд эгшиглээд байх вий гэж миний санаа зовж байна. Яагаад ийм зүйлд стресстэх ёстойг том хүмүүс ойлгохгүй инээх байх. Гэхдээ бидний хувьд ийм чухал сорилттой үед сэтгэл санааг үймүүлж мэднэ” гэжээ.

Шалгалт өгөх оюутнуудыг “BTS”-ийн "Go Go" болон “SHINee”-ийн "Ring Ding Dong" зэрэг дуунаас зайлсхийхийг өмнө нь уриалж байв. Чихэнд хоногшсон ийм уран бүтээлүүдийг “чихний хорхой” гэж нэрлэх нь бий.

Элсэлтийн шалгалтыг саадгүй явуулах нь улсын хэмжээнд хүчин чармайлт гаргадаг чухал ажил. Энэ жилийн тухайд 10 мянга гаруй цагдаагийн алба хаагч дайчлагдаж, онцгой байдлын үед сурагчдыг хүргэж өгөх зэрэг үүрэг хүлээсэн. Мөн дэлгүүрүүд Пүрэв гаригт өглөөгүүр ажиллаагүй. Цаашилбал, нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд бэлэн байлгахаар 10 гаруй галт тэрэг зэхжээ.

Энэ шалгалтын үйл ажиллагааг тасалдуулах нь ноцтой асуудалд тооцогддог. Өнгөрсөн арванхоёрдугаар сард багш нар шалгалтын хугацааг санамсаргүйгээр 90 секундээр богиносгосны улмаас сурагчид шүүхэд хандаж байв.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen