Монгол бүжгийн Бурхад чуулна
Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид "Ц.Сэвжид-100 жил” төслийг хэрэгжүүлэн, энэ жилийн хугацаанд тоглолт зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байгаа билээ.
Багадаа нутгийнхаа Толийн хийдэд шавилан сууж бурхны шашны ном үзэнгээ цамд бүжиглэж байсан энэ агуу хүн ардын бүжгийн урлагийг сонгодог хэлбэрээр баяжуулж хөгжүүлэхэд өөрийн амьдралын 50 гаруй жилийг зориулжээ. Тэрээр "Мандухай цэцэн хатан”, "Шарай голын гурван хаан”, "Учиртай гурван толгой” зэрэг 10 гаруй дуурь, хөгжимт драмын жүжгийн бүжиг, "Партизан”, "Хүүхэлдэй”, "Адуучин”, "Хатад”, "Хөдөө нутгийн залуус”, "Эрдэнэт”, "Ээрүүлт” зэрэг 200 шахам бүжиг дэглэж, төв, орон нутгийн театр, чуулга, соёлын ордны урын санг баяжуулж, "Гөөлөө”, "Саальчин”, "Жалам хар”, "Агсал-цацал” бүжиг нь ДЗО-ны их наадмын шагнал хүртэж байсан юм.
Түүний хүү Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарыг Монголын ард түмэн "Жалам хар” бүжгээр нь мэднэ. Тэрээр ХБК-ийн ардын бүжгийн багшийн анхны ангийг төгсөн, Дуурь бүжгийн эрдмийн чуулгад 1971 онд анх бүжигчнээр орсноос хойш Монголын урлагаас салаагүй бөгөөд түүнийг энэхүү их авьяасаа ааваасаа өвлөсөн гэдэг. Чуулгадаа бүжиг дэглээчээс эхлээд удирдаач хүртэл бүхий л албыг хашсан С.Сүхбаатар 40 гаруй жилийн турш их урлагийг хөгжүүлж явна.
С.Сүхбаатарын том хүү "Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах анх орчин үеийн дууг үндэсний урлаг, хувцастай хослуулан гаргаж ирсэн брэнд имижээ одоо ч хадгалсан хэвээр байгаа. Аав нь түүнд урлагийн, тэр тусмаа үндэсний урлагийн ертөнцийн амтыг мэдрүүлж, аав Ц.Сэвжидээсээ өвлөж авсан шижир авьяасаа ч тэрээр хүүдээ бас өвлүүлж чаджээ. Монгол үндэсний үзэл гэдгийг хамгийн тодоор үлгэрлэн харуулдаг урлагийн од бол "Хар сарнай” хамтлагийн Амараа гэхэд хилсдэхгүй биз ээ.Тэрээр дэлхий даяаршиж байгаа энэ цаг үед Монгол нутгийнхаа эзэн хэвээр үлдэх хамгийн зөв арга бол Монголоо гэсэн цохилох зүрхтэй байх ёстой гэсэн үзэлдээ бат итгэлтэй байдаг нэгэн.
Маргааш буюу тавдугаар сарын 29-ний 19 цагт Соёлын Төв Өргөөнөө гурван үе дамжин Монголын урлагийг гэрэлтүүлж буй ховорхон гэр бүлийнхэнд зориулсан хүндэтгэлийн тоглолт зохиогдоно. Тоглолтод Монгол улсын Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, "Чингисхаан”, "Харанга” хамтлаг, МУГЖ Ц.Түвшинтөгс гэх мэт урлаг соёлын олон одод оролцох юм. Мөн "Сэвжидийн бүжиг-Монголын бүжиг” хэмээх гайхалтай уран бүтээлийг нэрт дуучид, 250 бүжигчний хамтаар үзэгчдэд толилуулах юм байна.
Алдарт "Хатад” бүжгийг алтан үеийн ахмад уран бүтээлчид бүжин наадаж, үндэсний, язгуур, сонгодог, орчин үеийн гээд урлагийн олон төрлийг нэгтгэн толилуулж байгаагаараа энэхүү хүндэтгэлийн тоглолт онцлогтой аж.
Монголын урлагийн бурхад хуран чуулсан гайхалтай нэгэн үдшийг сэтгэл хангалуун өнгөрүүлэх боломжоо та бүхэн бүү алдаарай. Таныг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан ивээн тэтгэх болтугай.
Д.Мягмарсүрэн