Ханиад томууны үед сода, хужраар хоолойгоо зайлах нь үр дүнтэй
Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, булчингаар өвдөх, бие сульдах зэрэг ерөнхий шинж тэмдгээр илэрдэг. Иймд томуу, томуу төст халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүргэж байна.
Үүнд:
- Амны хаалт тогтмол хэрэглэх
- Ханиаж найтаалгах үед амны алчуур, цаас хэрэглэх
- Халуун, бүлээн шингэн зүйл ихээр уух
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Гараа тогтмол угаах
- Амин дэмээр баялаг тэжээллэг хоол, унд хэрэглэх
Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?
- Эмнэлэгт яаралтай хандаж, хэвтрийн дэглэм сахих
- Халуун аарц, чацарганын шүүс, саримстай хар шөл зэрэг шингэн уух зүйлийг түлхүү хэрэглэх
- Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийх
- Уламжлалт тан ууж дархлаагаа дэмжих шаардлагатай.
Мөн түүнчлэн томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс гэрийн нөхцөлд хоолойгоо зайлах нь чухал аж.
Тэгвэл энэ талаар Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн Эмнэлэг (УАУТХЭ)-ийн Хүүхдийн уламжлалтын их эмч Г.Ганболд дараах зөвлөмжийг өгөв.
Тэрээр" Гэрийн нөхцөлд хоолойгоо зайлах олон арга байдаг. Сода, давс, хужир, цайны хужир, ямар нэгэн харшилгүй тохиолдолд нимбэгний шүүс, саримсны шүүс, царвангаар хоолой зайлж болно. Мөн содатай уусмал бэлтгэж хоолойгоо зайлах нь ханиад томуунаас сэргийлэх үр дүнтэй арга болж чадна. Ингэхдээ 100 грамм буцалсан усанд хоёр грамм орчим сода хийгээд ямар нэгэн тунадас үүсэхгүй болтол нь хутгаж хоолойгоо зайлна. Энэ үйлдлээ 5-10 удаа хийнэ" гэв.