Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн компанийн үйл ажиллагааг түр зогсоов

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн компанийн үйл ажиллагааг түр зогсоов

 

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд "Мөнх ариун булаг" ХХК нь тухайн орчимд байрлах орон сууцуудын орц гарцыг хааж, 24 дүгээр цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг алдагдуулжээ.

Мөн дулааны шугамыг эвдэж барилгын ажил явуулж буй зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас тухайн байршилд дахин шалгалт хийсэн байна.

Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын дүүргүүдэд зөвшөөрөлгүй авто зам, явган хүний замыг сэтэлсэн газруудад хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлүүдийг арилгуулж байна. Жишээлбэл, бидний ажиллаж буй энэ байршилд хүүхдүүдийг цэцэрлэг рүү орох зарим орц, гарцыг хаасан. Чөлөөтэй зорчиход хүндрэлтэй байна. Тиймээс нийслэлийн Хяналт шалгалтын газраас ажлыг хариуцсан холбогдох хүмүүсийг дуудсан.

Хашаагаа шинэчилж, орц гарцуудыг чөлөөлөх үүрэг даалгавар өгөөд байна. Тус компани нь барилгын үйл ажиллагааг явуулахдаа ч ажилтнуудын аюулгүй байдлыг бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл орчны аюулгүй байдлыг хангаагүйгээс гадна орчмын дулааны шугам сүлжээг гэмтээсэн байна” гэлээ.

"Мөнх ариун булаг" ХХК-иас хяналт шалгалтын газрын албан даалгавар болон батлагдсан зураг төслийнхөө дагуу хашаа, хайс, орц, гарцын асуудлыг шийднэ гэв.

Тус компанид улсын байцаагчийн хугацаатай албан даалгаврыг өгч, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, орчны тохижилт аюулгүй байдлыг бүрдүүлэх хүртэл барилгын үйл ажиллагааг түр зогсоогоод байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen