Тахимаа өгч сураагүй бөх давж чаддаггүй

Тахимаа өгч сураагүй бөх давж чаддаггүй

 

Төр захиргааны өндөр албан тушаалд томилогдсоныгоо насан турш өв залгамжилсан хунтайжийн сэнтий мэт боддог хүмүүс олон болжээ. Тиймээс хууль, захирамж, дүрэм журам, төрийн албаны эрэмбэ дараа, ээлж халаа гэгчийг тэд үл тоон дураар авирлах болов. Үүний тод жишээ Баянзүрх дүүрэгт болж буй үйл явц. Тус дүүргийн өмнөх Засаг дарга нь тамгаа шилжүүлж, төрийн албаа хүлээлцэхгүй гэж зүтгэсээр он дамнан хэрүүл тэмцэл нь даамжирсан.

 

Дөрвөн жил Баянзүрх дүүргийн Засаг даргаар хэл амтайхан шиг ажилласан Пүрэвдаваагийн хувьд ИТХын сонгуулийн дүнд МАН, АН-ын хүчний харьцаа тэнцүү болсон гэх үндэслэлээр ажлаа хүлээлгэн өгөхгүй аргацаасаар байсан юм. Гэтэл ИТХ-д АН-аас хэд хэдэн төлөөлөгч сонгуулийн үеэр мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсоноор Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН үнэмлэхүй олонхи буюу 19 суудалтай болсон юм. Ингээд хуулийн дагуу бүх процесс явагдаж нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг батламжилсан захирамжаа  гаргасан байна. 

 

Болж өнгөрсөн процесс ердөө ийм. Үүнийг ойлгоход хууль зүйн болон улс төрийн гүн гүнзгий мэдлэг огт шаардлагагүй. Энгийн хүн үүнийг ойлгоно. Дүүргийн шинэ Засаг даргыг томилсон нь зүй ёсны хэрэг гэдгийг хэлэх болов уу. Гэтэл Д.Пүрэвдаваа болон дүүргийн АН-ынхан үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа ажээ. Энэ нь нөгөө л улстөржилт, төрийн албыг төрлийн алба, хувийн эзэмшил мэт боддог увайгүй зангийн илрэл. 

 

Дээд шатны байгууллага нь хуулийн дагуу захирамж шийдвэрээ гаргаад шинэ Засаг даргын ажлыг хүлээлцүүлэхээр ирэхэд өмнөөс нь энгийн номхон иргэдээ турхирчихаад өөрөө ард нь нуугдан суух нт төрийн хүний шинж мөн үү. Д.Пүрэвдавааг ажлаа өгөх нь гэнгүүт ярсхийтэл гүйж ирээд шатан дээр  жагсчихдаг иргэд ч гэсэн бас сүрхий улс төрийн мэдрэмжтэй хүмүүс аж. Төрийн ажлыг ингэж дээр доор, эх захгүй болгож, хууль журмыг уландаа гишгэж замхруулсан хүн нь Д.Пүрэвдаваа өөрөө билээ. Гэхдээ АН-ын гишүүд бүгд Д.Пүрэвдавааг дэмжиж байгаа юу гэвэл үгүй. Тэрээр угаасаа л дөрвөн жилийн өмнөөс л Засаг дарга болмогцоо дүүргийнхээ АН-ыг хагалан бутаргаж, өөрийн тойрон хүрээлэгчдээрээ элдэв бусармаг үйлдэл хийлгэж, намчирхаж, талцуулж байсан гэдэг. АН-ын гишүүд нь "Эр хүн шиг тахимаа өгөөд төрийн тамгыг нь хадагтай нь хамт хүндэтгэлтэй гардуулчих хоншоор Пүрэвдаваад алга даа" хэмээн толгой сэгсэрч байна. МАН нийслэл, дүүргүүдэд үнэмлэхүй олонхи болсон тул тэдэнд бүх хариуцлагыг нь үүрүүлэх нь зүйтэй гэж үзэх хүмүүс ч олон байгаа. Гэтэл Д.Пүрэвдаваад Засаг даргын л зөөлөн сэнтий юу юунаас чухал, намынхан гишүүдийн үзэл бодол, үнэт зүйлээс ч илүү хэрэгтэй байгаа бололтой. 

 

АН засгийн эрх барьж байсан өмнөх дөрвөн жилд ч зарим дүүрэг, аймагт Засаг даргын суудлын маргаан гарч л байсан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дээрээс нь "зүтгүүлж", крандаж байгаад л Дорнод зэрэг хэд хэдэн аймагт АН-ын хүнээ Засаг дарга болгож л байсан. Бүр АН-ынхан хоорондоо үзэлцээд хоёр тамга сийлж аваад хоёр Засаг даргатай болох ч шахаж байсан. Одоо тэр бүхнийг ярихаа байг гэхэд ядаж улс төрийн наад захын соёл, зарчим төрийн албаны хууль, журам, жишиг зэргийг бодолцоод ялагдсан намын хувьд тахимаа өгсөн шиг өгч, бүрх эрх нь дуусгавар болсон Засаг дарга нь тамгаа нэр төртэйгөөр хүлээлгэн өгвөл олон түмэнд гоё харагдахсан. Хааны алба халгаатай, эзний алба ээлтэй гэдэг үг ч бий. Үүнийг Д.Пүрэвдаваа ойлгохгүй суугаа ажээ.  Ялагдаж сурна гэдэг ялахын эхлэл байдаг гэдэг. Сонгуульд булхайцчихаад түүнээсээ болж ялагдчихаад тахимаа өгөхгүй тамгаа өгөхгүй ширээгээ тойрч зугтаан гэдэг инээдтэй бөгөөд эмгэнэлтэй хэрэг билээ. Ялагдаж сурна гэдэг улс төрийн хамгийн том соёл гэдгийг хал үзсэн хашир туршлагатай улстөрчид хэлдэг. Төрийн албаа нэртэй төртэй хүлээлгээд өгчихөж чадахгүй бусдын араар бултагнаж байгаагаас нь харахад Д.Пүрэвдаваа дарга өнгөрсөн дөрвөн жилд албан тушаалын амтанд орсных, басхүү хэвлэлээр байнга шахуу бичигддэг булхай луйврууд нь үнэний ортой юу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ. 

 

А.Гал

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen