“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

 

“Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл хийлээ.Нутгийн иргэдийн төлөөлөл:

  • Цөмийн энергийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагаас цацрагийн хэмжилт хийсэн. Энэ дүгнэлтээр хэвийн хэмжээнээс 7-8 дахин их байна гэсэн тул нутгийн иргэд их айдастай байгаа, тиймээс эсэргүүцэж байна.
  • Тухайн бүс нутгийн болон нутгийн эрх ашиг зөрчиж байгаа учраас ард иргэд эсэргүүцэл илэрхийлэн тэмцэж байгаа. Баруун бүсийн аймгийн нийт иргэд эсрэг байр суурьтай байна. Энэ нь 10 мянга гаруй иргэний гарын үсгээр баталгаажсан.
  • “Монголиан Рийр Ийрт корп” ХХК үргэлж хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.Тухайлбал, тусгай зөвшөөрөл нь хуульд нийцэхгүй байгаа тул энэ зөвшөөрлийг цуцлуулахаар төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан. Мөн байгаль орчны үнэлгээгээ хийлгэлгүй үйл ажиллагаа явуулжээ. Энэ мэт шалтгааны улмаас ард түмэн шийдвэртэй эсэргүүцэж байгаа.
  • Энэ зөвхөн Мянгад сумын асуудал биш, Ховд цаашлаад баруун бүсийн аймгууд, Монголын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбоотой асуудал юм. Тиймээс Уул уурхай, эрдэс баялгийн сайд мэргэжлийн багтай суманд очиж бодит нөхцөл, байдалтай танилцах хэрэгтэй байна. Төр захиргааны байгууллагууд ажлаа хийж, ард иргэдийг бодит мэдээллээр хангамаар байна.  Иргэд, компани хоёр учраа ол гээд түлхмээргүй байна, бид хэзээ ч учраа олохгүй. Энэ асуудалд албан ёсны мэргэжлийн баг гаргаж өгөхийг хүсэж байна, шаардаж байна.
  • Компанийн хүмүүс тэнд амьдарч байгаа малчдыг малаас дор үзэж байна" гэлээ.

Ховд аймгийнхан “Хүрэн толгой” гэх хайрхныг “Халзан бүрэгтэй” хэмээн нэрийдэж эртнээс тахин шүтэж иржээ. Энэ хайрхан нь Улаанбаатар хотоос 1,400 км, Ховд аймгийн Ховд хотоос хойш 60 км зайд Мянгад сумын нутагт байрладаг. Тус ордод Лантан (La), Церий(Ce), Иттри (Y), Диспрози (Dy), Неодим(Nd) гэх газрын ховор элемент болон бусад ховор металлын нөөц байгаа хэмээж буй.

Халзан бүрэгтэй ордын нөөцийг 1983 оноос анх судалж эхэлсэн бөгөөд  2004 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр анх ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс хойш тусгай зөвшөөрлийг Монгол, Америк, Япон зэрэг олон орны компани эзэмшсэн бол өнөөдөр “Монголиан Рийр Ийрт корп” ХХК (Mongolian national Rare Earth Corportion (MNREC)-д бүртгэлтэй байгаа.

Уг компани одоогоор ордыг ашиглаж эхлээгүй байгаа ч хайгуулын үйл ажиллагаа нь нутгийнхны эсэргүүцэлтэй тулгараад буй юм. Тухайлбал, энэ оны аравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн иргэд хүчтэй эсэргүүцэл өрнүүлсний улмаас тус аймгийн Засаг дарга энэ сарын 7-ны өдрөөс “Монголиан Рийр Ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох захирамж гаргажээ.

Улмаар нутгийн иргэдийн зүгээс “Халзан бүрэгтэйд явуулсан уурхай, өрөмдлөгийн үйл ажиллагааны улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаа, амьдрах хүсэл тэмүүллээрээ хохирсон. Иймд хохирлыг бодитойгоор тогтоолгож, уг хохирлыг барагдуулах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаярт мэдэгдэл хүргүүлсэн байна.

Ташрамд мэдээлэхэд, Монгол Улс газрын ховор элементийн ислийн нийт 3.1 сая тонны нөөцтэй. Нийт 6 орд илрүүлснээс 4 нь том, 2 нь жижиг орд байна. Үүнд:

  • Халзан бүрэгтэй 1.511.6 мянган тонны орд,
  • Мушгиа худаг 314,3 мянган тонны орд
  • Хотгор 1,213.7 мянган тонны нөөцтэй орд
  • Лугийн гол 14.5 мянган тонны орд тус тус багтаж байна. (Эх сурвалж: Эрдэнэс Монгол нэгдэл)

Үүнээс Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, Халзан бүрэгтэй ордод улсын болон аж ахуйн нэгжүүдийн төсвөөр газрын ховор элементийн хайгуулын ажил гүйцэтгээд байна. Эдгээр ордыг бүрэн ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлагатай. Учир нь газрын ховор элементийг ашиглаж, эргэлтэд оруулах нь Монгол Улсын эдийн засагт маш чухал нэмэртэй гэж төр, засгаас үзэж буй юм.

Гэсэн ч "Халзан бүрэгтэй" ордод олборлолт эхэлбэл цацрагт идэвхт бодис нь идэвхжиж Монголын цэвэр усны ай сав Их нууруудын хотгор орчмын байгаль экологид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг нутгийн иргэд онцолж байна.

Газрын ховор элемент бүхий орд газарт уран, тори, кали гэх мэт цацраг идэвхт элементүүд агуулагдаж байдаг, энэ элементүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн судалгааг нарийвчилсан байдлаар хийх шаардлагатай гэж үзэж буй юм.

 

https://gogo.mn/r/57k98

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen