Баянзүрхийн шинэ дуулиан буюу жүжигчин Ц.Төмөрбаатарын шинэ алба

 

Баянзүрхийн шинэ дуулиан буюу жүжигчин Ц.Төмөрбаатарын шинэ алба

 

Хэдхэн хоногийн өмнө МАН, АН-ынхан засаг ноёны суудлаа булаацалдаж жижиг хэмжээний мөргөлдөөн үүсгэв. Эрх баригчид цагдаагийн хүчээр сүрийг үзүүлж, хаалга цонхоо эвдэцгээгээд бөөн л юм болов. Дараа нь нийслэлийн Засаг дарга С:Батболдын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх түдгэлзүүлсэн тул дүүргийн өмнөх удирдлагууд ажлаа буцаагаад авлаа л гэсэн. Товчхондоо бол холион бантан болсон. Гэтэл дээгүүрээ ийн будилж байх хооронд доороо бүр ч баларч байгааг олон хүн мэдээгүй. Дээрээ суудлаа олохгүй заамдалцаж байх зуур доогуураа харин албан тушаалын наймаа, солилцоо болоод өнгөрчээ. 
 
2016 онд болсон УИХ, нийслэлийн сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар Ж.Энхзул хэмээх бүсгүйг томилжээ. Хуулиар бол Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга дүүргийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр томилгоо хийдэг хуультай. Сонгууль бүрийн дараа болдог ээлжит халаа сэлгээ биз гээд хүмүүс тухайн үед тоогоогүй байх. Гэтэл Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул сар шинийн өмнө шийдвэр Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын томилгоог хийжээ. Томилсон хүн нь хэн гээч. Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар. Мэргэжлийн хүмүүсээр засгийн эрх бариулна гэж амлалт өгсөн МАН ийнхүү жүжигчин мэргэжилтэй хүнээр Баянзүрх дүүргийн хүн амын эрүүл мэндийг сахиулахаар, бодлого тодорхойлуулахаар томилсныг эвэртэй туулай үзсэн мэт гайхацгааж байна.
 
Ц.Төмөрбаатар бол Монголын нэртэй, удам сайтай, авьяаслаг жүжигчин гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Түүний тайз, дэлгэцэнд мөнхөлж үлдээсэн олон дүрийг бид мэднэ. Гэхдээ эрүүл мэндийн салбар бол онцгой салбар. Дурын хүн улс төрийн томилгоогоор дүүлэн нисдэг газар биш. Хүн амынхаа тоогоор нэгд бичигддэг нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн захиргааны даргад үүнээс өөр хүн МАН-д олдоогүй гэхэд итгэхэд бэрх. 300 гаруй мянган хүний эрүүл мэндийг найдвартай сахин хамгаалах хариуцлагатай ажил улстөрчдийн албан тушаалын наймаа, өр авлагын асуудал биш гэдгийг захын хүн хэлнэ. Жүжигчин Ц.Төмөрбаатараас гадна спортын мастер цолтой эрхмийг ч тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалд томилсон гэх хэл ам гараад эхэлжээ.
 
Ц.Төмөрбаатар эдүгээ 61 насыг зооглож буй бөгөөд тэтгэвэрт суух хуулийн болзлоо хангачихсан нэгэн. Дээрээс нь мэргэжлийн бус. Ийм байхад мэргэжлийн Засгийн газар байгуулаад мандуулаад өгнө гэж амлалт өгсөн МАН жүжигчин мэргэжилтэй хүнийг эрүүл мэндийн хариуцлагатай салбарт хууль зөрчиж томилсон нь ёстой л зүүдэнд ч оромгүй явдал гэлтэй. Хуульд зааснаар бол дүүргийн Эрүүл мэндийн төв нь дүүргийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй Мөн амбулаторийн тусламж үзүүлдэг байгууллга юм. Энэ томилгооны талаар тус төвийн дарга Ж.Энхзултай утсаар холбогдож тодруулахад "Төмөрбаатар гуайг томилсон тушаалыг цуцлах гэж байгаа. Би ажил дээрээ очоод гарын үсэг зурна” гэсэн товч хариулт өглөө. Энэ яриа ажлын цаг дууссаны дараа болсон гэдгийг тодотгоё. Харин дуулианы эзэн болоод байгаа Ц.Төмөрбаатар гадаад руу явсан гэх мэдээллийг зарим эх сурвалж мэдээлсэн. 

 


http://www.niislel.mn/v/5638

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen