Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

 

2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт долоо дахь удаагаа галт уул дэлбэрсэн байна. Галт уул дэлбэрсний улмаас эрх баригчид онц байдал зарлалаа. Мөн дэлбэрсэн галт уулын ойролцоо Гриндавик загасчдын тосгон, Блю Лагун халуун рашаан сувиллын газрын үйлчлүүлэгчид, иргэд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. 

Галт уул дэлбэрэх үеэр хөрсөнд үүссэн ангалын урт гурван км үргэлжилжээ. Галт уулын халуун лаав Гриндавик тосгоны замаас ердөө 700-800 метрийн зайд урсаж байна. Энэ удаагийн галт уулын дэлбэрэлт хамгийн сүүлд наймдугаар сард болсон дэлбэрэлтээс арай зөөлөн байсан гэж судлаачид мэдээлж байна. Галт уул оргилсны дараах халуун лаав наймдугаар сарынхаас удаан урсаж байгааг тогтоожээ.

Галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө 23:14 цагт Сундну-кагигар ууланд бүртгэгджээ. Одоогоор ямар нэг барилга байшин, зам гүүр зэрэг дэд бүтцэд галт уулын дэлбэрэлт хор хохирол учруулаагүй байна. 

Исланд Рейкьянес хойгт байдаг галт уулууд хамгийн сүүлд наймдугаар зууны үед дэлбэрч, үүнээс хойш 2021 он хүртэл чимээгүй унтаж байсан. Гэвч гурван жилийн өмнөөс сэрж үе үе оргилж дэлбэрсээр байна. 

Сундну-кагигар галт уултай ойрхон байдаг Гриндавик тосгон 4,000 оршин суугчтай. Тус тосгоны иргэдийг жилийн өмнөөс галт уул дэлбэрч оргилох үед нүүлгэн шилжүүлэх болсон. Тиймээс тус загасчдын тосгоны оршин суугчдын дийлэнх нь хувийн эзэмшлийн байр сууцаа худалдаж тосгоноос бүрмөсөн нүүсэн байна. 

Гриндавик тосгоны иргэний хамгаалах газрын хэлснээр ойрын өдрүүдэд тус тосгоны 50 байшинд л иргэд хоноглож байгаа ажээ. Энэ оны нэгдүгээр сард галт уул оргилох үеэр тосгоны гурван байшин руу халуун лаав урсаж шатсан байна. 

Исландл улсад идэвхтэй 33 галт уул бүртгэгдсэн байдаг. Энэ нь Европ тивд хамгийн олон галт уултай улс гэсэн үг. Галт уул судлаачид Исландын галт уулын идэвхжил шинэ үе рүү шилжсэнийг анхааруулж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen