Архины магнат Г.Батхүү
2015 оны УИХ-ын гишүүдийн ХОМ-ын тэргүүн баянаар АПУ-гаар овоглосон Г.Батхүү толгой цохисон. Аргагүй дээ нэг Монгол иргэн архи худалдаж авахад Г.Батхүүд орлого орж халаас нь зузаарч байдаг юм чинь.
УИХ-ын Г.Батхүү өнгөрсөн жилийн ХОМ-тээ "Шунхлай” групп, "Шунхлай Петролиум”, "Киа Моторс”, "Сантранс Монгол”, "Медиа Групп”, "Интернэйшнл Медикал Сентер”, "Толин хул”, "Грийн Эйр гарден” зэрэг компанид нийт 72.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хувьцаатай хэмээн мэдүүлж байсан аж.
Нийтэд ил болгосон хөрөнгө нь л ийм их юм чинь ард түмэн болон улсаас нуусан хэчнээн тэрбум төгрөг байдаг болоо түүнд...
Г.Батхүүг MCS-ээр овоглосон "Энержи ресурс” компанийн ард мөнгөө тоолоод сууж байдаг 11 олигархийн нэг гэлцэх юм билээ. Тэрээр "Шунхлай” компаниараа дамжуулан Ухаа худаг ордын 15 хувийг эзэмшдэг. Уг нь УИХ-ын 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын дагуу бол Тавантолгой орд нь Стратегийн орд бөгөөд тус ордод Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Дайцуки ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон талбайг хамааруулна гэдгийг УИХ-аас тодорхойлоод өгчихсөн. Гэвч 14 компани хууль зөрчин хуваан эзэмшээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Тэрчлэн "Энержи ресурс”-аар дамжуулан "Ухаа худаг” ордоос мөнгө сааж ирсэн улстөрч олигархиуд 2010 онд Монголиан майнинг корпорэйшн нэрээр монгол улсын баялгаар барьцаа хийн Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж 700 сая ам.доллар босгосон нь, угтаа бол хууль зөрчсөн асуудал байсан юм. Учир нь Ашигт малтмалын хуулийн 5.6-д Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина гэж заасан байдаг юм. Гэтэл тэд тэгээгүй. Г.Батхүү гишүүний бүлэглэл "Энержи ресурс” компани 700 сая долларыг босгохоосоо өмнө хувьцаагаа дотооддоо гаргах ёстой байсан ч, Г.Батхүү эрхмийн тухайд аваад үзэхэд 105 сая ам.доллар оногдох хэмжээний мөнгийг Монголын ард түмний өмч болсон ордын нэгээхэн хэсгийг барьцаалан босгосон хүн юм.
Архины магнат Г.Батхүүтэй холбогдох бас нэг асуудал бол тэр болон түүний дүү нар нь хотын "А” зэрэглэлийн ихэнх газрыг өөрийн болгосон явдал. Ямартаа л Засгийн газрын тогтоолоор 5.7 га газартай байхаар тогтоогдсон Богд хааны ордон музейн газрын ихэнхи хэсгийг АПУ-гийн охин компаниуд эзэмшилдээ хувааж аваад удаж байгаа ч, хэн ч, яаж ч чадалгүй өнөөдрийг хүрч байгаа юм. Өдгөө тус музейд 2 га газар ногдож байгаа гэхээр архины бизнес эрхлэгчид арай л хэтэрсэн давралт болж байна. Засгийн газрын тогтоолоор бол музейн 5.7 га газрыг хамгаалалтын бүсэд тооцох учиртай ч, тухайн үеийн Нийслэлийн газрын алба болон холбогдох газрууд засгийн газрын тогтоолын дагуу ажиллаагүй байдаг. Улмаар "АПУ” компанийн бизнесийг дэмжиж хууль бус шийдвэр гаргасан байдаг юм. "АПУ” компанийн охин компани "Ван трейд” нь музейн цэцэрлэгжүүлсэн талбайгаас 1.6 га газрыг таслан авч, хашаа барин, зам тавьж, зуны улиралд АПУ-гийнхаа шар айргийг худалдаалаад олон жил болж байгаа.
Өнөөдөр Монголын ирээдүй хойч болсон залуучуудад Г.Батхүүгийн шар айргийг уухаас илүүтэйгээр түүх соёлоо мэдэж авах нь хамгаас чухал асуудал. Бидний өвөг дээдсийг хар усанд ортол нь архидуулсан архины магнат түүндээ цадалгүй ахиад ирээдүй хойч руу минь заналхийлж байна.
Мөнгөтэй энэ эрхэмд Монголын хууль даанч жулдаж байна даа хөөрхий.
АПУ-гийн хүчирхийлэл үүгээр дуусгавар болсонгүй ээ. "Грийн эйр гарден", "Интернэйшнл медикал сентер” зэрэг компаниуд нийслэлээс, БСШУ-ын сайдаас зөвшөөрөлтэй гэх үндэслэлээр Богдын музейн газарт халдчихаад байгаа юм. Эдгээр нь АПУ-гийн охин компаниуд мөн биш гэх мэдээллүүд бий ч, УИХ-ын гишүүн Г.Батхүү эдгээр компаниудад хувьцаа эзэмшдэг гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байдаг. Гол нь АПУ-гийн биш гэж хэлүүлэх гэж үздэг тэдгээр компаниуд эзэн суусан газрууддаа "АПУ” компанийн нэрийн барааны дэлгүүр, "Нийслэл" нэртэй фитнесс үйл ажиллагаа явуулж өөрсдийгөө илчилж өгдөг.
Г.Батхүү анх төрийн мэдэлд байсан АПУ компанийг хувьчлалаар гартаа оруулахын тулд шовгорт нь 400 мянган ам.доллар өгч байсан гэдэг. Мэдээж архины бизнес хэтэвчийг нь дэндүү зузаална гэдэг бизнесмэн хүний ухаанаар тооцсон тул шовгорт тэр зэргийн мөнгийг хаяхдаа гудайгаагүй биз.
Ард түмний итгэл үнэмшлээр УИХ-ын гишүүний суудалд суусан эрхэм архи, пивоны үнийг 500-1000 төгрөгөөр нэмэгдүүлчихвэл архичдын тоо багасна, оройн 22 цагаас хойш хүүхдүүд унтчихдаг юм чинь архи, пивоо телевизүүдээр сурталчилж болохоор байна гэсэн холыг харсан санал санаачлагыг сонгогч та бүхэнд зориулан хийж байгаа юм шиг харагдах боловч зөвхөн өөртөө ашигтай хуулийг батлуулан сууж байна.
О.Анирзун Amjilt.com
https://www.facebook.com/photo.php?fbid=236823276667885&set=a.130080907342123.1073741828.100010206431569&type=3&theater