Б.Чойжилсүрэн "шүдний өвчин"-өөсөө салж чих амрав
Сайжруулсан түлш үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш” компани өмнө нь Эрчим хүчний яаманд харьяалагдаж байсан ч өнөө жил нийслэл рүү шилжүүлсэн юм.
Тэр цагаас хойш Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн чих амраад байна гэж хэлж болно. Агаарын бохирдолтой холбоотой асуудлаар байр суурь авахаар сэтгүүлч хандвал “Сайд С.Одонтуяа, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хоёроос асуу. Би энэ асуудлыг хариуцахаа больсон” гэдэг эелдэг хариулт өгдөг болоод удаж байна.
Жил гаруйн өмнө сайд Б.Чойжилсүрэн дээрх асуудлыг хариуцдаг байх үедээ “Хагас кокжсон түлшийг Хятадаас импортолж, тодорхой бүсүүдэд туршиж үзнэ. Өвлийн ид оргил үеэр хагас коксжсон түлшийг хэрэглэнэ. Агаарын бохирдол хоёр дахин буурах боломжтой” гэж мэдэгдэж байсан юм. Энэ чиглэлээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас ч шийдвэр гаргасан. Ингэхдээ урд хөршөөс хагас коксжсон түлш авахад зориулж 177.5 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт тусгаж байв. Гэвч ногоон автобусны дуулианаас болж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, шинэ захирагч томилогдсон. Мөн олон нийтийн зүгээс дээрх туршилтыг эсэргүүцэж байв.
Харин Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч болонгуутаа “Агаарын бохирдлыг бууруулахын тулд Хятад улсаас хагас коксжсон түлш оруулж ирэхийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн.
Энэ талаар тэрбээр “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд түлшнээс эхлээд яндан, зуухыг шинэчлэх зэргээр маш олон аргыг хэрэглэсэн. Амжилт олоогүй. Судлаачдын үгийг сонссон, хагас коксжсон түлш хэрэглэснээр агаарын бохирдол буурна” гэж хэлэхгүй байгаа. Тиймээс дэмжих боломжгүй” гэж мэдэгдэж байсан удаатай.
Тэр үеэс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайжруулсан түлш үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш” компанийг нийслэл рүү шахах хатгаасыг хийж эхэлсэн. Харин хотын захирагч Х.Нямбаатар “Алдагдал үйлдвэрлэдэг, агаарын бохирдол бууруулдаггүй компани нийслэлд дараа л болно” гээд аваагүй.
Улмаар УИХ-аар асуудал орж, Б.Чойжилсүрэн сайдын шүдний өвчин болж байсан “Тавантолгой түлш” компани нийслэлийн харьяанд шилжсэн юм.
Улаанбаатар хот энэ өдрүүдэд Хүхэртийн хөндий болж хувираад буй. Хүйтний эрч чангарах тусам сайжруулсан түлшний хэрэглээ өсч, тэр хэрээр агаарын бохирдол улам ихсэнэ. Харин тэр үед сайд Б.Чойжилсүрэнг шалгаах боломжгүй болоод байна.
Г.ХОРОЛ
https://news.mn/r/2765822/