Улс төрийн намын тухай хуулийг маргааш эцэслэхээр хойшлууллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.
Чуулганд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх нь тус хуулийн хугацааг хойшлуулах шаардлагагүй, хууль хэрэгжиж эхлээд удаагүй байна. Сайн ололттой талууд байгаа, хуулийг хойшлуулбал Ерөнхийлөгч хориг тавих эрсдэлтэй зэрэг байр суурийг илэрхийлсэн.
Тэгвэл уг хуулийн төслийг маргааш болох УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцүүлж, санал хураахаар болж, хойшлуулав.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар, намууд шинэчилсэн дүрмээ 2024.07.01-нээс зургаан сарын дараа Улсын дээд шүүхэд хүргүүлэх ёстой. Харин парламентад суудалгүй намууд хүсэлт гаргаснаар, энэ хугацааг 2027.08.01 болгож сунгах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан юм.