Ерөнхийлөгч: Эх хуулиа өөрчлөхөөс илүү тулгамдсан асуудал олон байна


Ерөнхийлөгч: Эх хуулиа өөрчлөхөөс илүү  тулгамдсан асуудал олон байна

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  Үндсэн хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан нарыг хүлээн авч уулз­лаа. Уулзалтад Ерөнхийлөг­чийн Тамгын газрын дарга З.Энхболд, Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар оролцов.

Уулзалтаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явцын талаар санал солилцсон юм.

Д.Лүндээжанцан гишүүн "Зөвлөлдөх санал асуулгын хуулийг баталж байж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль зүйн үндэс нь нээгдсэн. Нэгдүгээрт,  Үндсэн хууль сайн хууль тул түүнийг хөдөлгөж болохгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй. Гуравдугаарт, МАН-ын дотор цөөн гишүүд, мөн МАХН-ын зүгээс болон Ардчилсан намаас Э.Бат-Үүл нар Ардын Их Хурал, Бага хурал гэсэн хоёр танхимтай парламенттай болъё гэсэн санал гаргасан. Мөн Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар мэдэгдэл хийсэн. Энэ дотроос парламентын засаглалаа хадгалаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал 60 гаруй хувийг эзэлж байгаа”-г танилцуулж, нийт таван багц бүхий 22 асуудал тусгасан төслийг боловсруулаад байгааг Ерөнхийлөгчид гардуулав.

Үүний дараа Ерөнхийлөгч өөрийн байр суурийг хэллээ. Тэрээр "2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөд сайн, муу зүйл бий. Төрийн гурван өндөрлөгийн хоорондын эрх мэдлийн хуваарилалтыг шинэчлэх асуудлыг л Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулах нь гэж олон хүн ойлгож байна.

25 жил болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэгдүгээрт, Монгол Улс, хоёрдугаарт Монголын гурван сая ард түмний эрх ашгийг нэн түрүүнд тавих ёстой гэж Ажлын хэсгийн ахлагч үзэж байгаа гэлээ. Энэ үнэхээр гол асуудал. Гэтэл хэлэлцүүлгийн явцад УИХ-д 65 суудал авсан МАН-ын зүгээс энэ дарааллыг өөрчлөх вий гэсэн болгоомжлол бас байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын эрх ашиг эн тэргүүнд эрэмблэгдэх вий. Монгол Улсынхаа гурван сая иргэний төлөө асуудал ярьж байгаа бол, сумын Засаг даргыг орон нутгийн иргэд өөрсдөө сонгоно, УИХ-ын гишүүд алдаа гаргавал сонгогчид нь эргүүлэн татдаг байна гэх зэрэг асуудлыг нийтээрээ дэмжих магадлалтай” гээд энэ талд хатуу анхаарахыг Ажлын хэсгийн гишүүдэд сануулав.

Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг "Шинэ Ерөнхийлөгч гараад ирмэгц Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яагаад довтолгоод унав аа. Нэгдүгээрт,  та нар ингэж шууруулж болохгүй. Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэдэг нэг хэрэг. Ерөн­хийлөгчийн хэлсэнч­лэн олон нийтэд хэрэг­цээтэй зүйл байвал ярьж болох талтай. Гэтэл сал­бар хуулиудаараа Үндсэн хуулийг "будаа болтол” шүр­шээд юу ч биш болго­чих­лоо шүү дээ. Шинэ Ерөн­хийлөгч гараад ирэхээр шууруулаад эрхийг нь хаа­гаад авъя. Гэхдээ яах вэ, шинэ Ерөнхийлөгч бит­гий санаа зов. Энэ 2021 оноос үйлчлэх юм шүү гэж тайл­барлаж байгаа бол тийм зүйл огт байхгүй шүү” гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  60 тэрбумын асуудлыг шийдсэний дараа л   Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих ёстой. 60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг урьдчилсан зарсан асуудалтай холбоотойгоор бүрдсэн УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүй байх­гүй гэж үзэж байгаа­гаа хэллээ.

Эцэст нь Ерөнхийлөгч "УИХ-ын гишүүдийн 65 нь нэг намынх, тэдний 41 нь шинээр анх удаа УИХ-д сонгогдсон гишүүд байгааг Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ авч үзэхэд илүүдэхгүй шүү” хэмээн болгоомжилж байгаагаа онцгойлон анхааруулав. Мөн олон аймаг сумдын нутагт ган гачиг болж байна, зуд болох, ургац алдах гээд цаг үеийн тулгамдсан асуудал асар олон байхад УИХ нь нэн яаралтай биш Үндсэн хуулийн өөрчлөлтийг ийнхүү шавдуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen