Туркт санал асуулга боллоо

Туркт санал асуулга боллоо

 

Турк улсад өчигдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Бүх ард түмний санал асуулга боллоо. Хэрвээ тус улсын иргэд Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэхийг дэмжиж санал өгвөл Туркийн шинэ түүхэнд улс төрийн томоохон өөрчлөлт шинэчлэлийн зам нээгдэх аж.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр Турк улсад эрх барих засаглал парламентаас Ерөнхийлөгч рүү шилжиж, Ерөнхий сайдын эрх мэдэл багасч, парламентын гишүүдийн тоо өсч, шүүхийг өөрчлөх аж. Бүх ард түмний санал асуулга явагдахын өмнө Туркийн төрийн тэргүүн Режеп Тайып Эрдоган иргэдэд хандаж өөрийнхөө дэвшүүлсэн шинэчлэлийг дэмжихийг уриалсан байна. Эрх баригчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор засаглалын систем сайжирна гэж үзэж буй.

Эрдоганы явуулж байгаа улс төрийн бодлогыг шүүмжилдэг сөрөг хүчнийхэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал Турк улс авторитар дэглэмд шилжих ээлжит алхмаа хийх болно хэмээн үзэж байна. 2016 оны долдугаар сарын 15-нд болсон төрийн эргэлт бүтэлгүйтсэний дараа эрх баригчид төрийн хяналтыг чангатгаж, олон хүнийг баривчилж хорьж эхэлсэн.

Төрийн эргэлт хийх оролдлогоос хойш Турк улсад 40 мянган хүнийг баривчилж, 120 мянган хүнийг ажлаас нь халжээ. Барууны орнууд Туркийн эрх баригчдын явуулж буй бодлогыг байнга шүүмжилж байна.


М.ХҮСЛЭН /ЗУУНЫ МЭДЭЭ/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen