Судалгаа: Тогтмол бус нойртой байх нь цус харвалт, зүрхний шигдээсний эрсдэлийг нэмэгдүүлнэ

Судалгаа: Тогтмол бус нойртой байх нь цус харвалт, зүрхний шигдээсний эрсдэлийг нэмэгдүүлнэ

 

Шинэ судалгаа унтах, сэрэх цаг нь тогтмол бус байх нь хангалттай нойр авч байгаа хүмүүсийн хувьд ч зүрхний шигдээс болон цус харвалтын эрсдэл ихсэхтэй холбоотой гэдгийг харуулжээ.

Өмнөх судалгаанууд ихэвчлэн унтсан хугацаа хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдгийг авч үздэг байсан. Харин нойрны мөчлөгийн өөрчлөлт хүний биед хэрхэн нөлөөлдөг талаар мэргэжилтнүүд харьцангуй бага мэдээлэлтэй байсан гэж тус судалгааг бичсэн эрдэмтэд хэлсэн юм.

Энэ асуудлыг тодруулахын тулд, 40-79 насны, урьд өмнө ноцтой зүрх судасны өвчлөлөөр өвчилж байгаагүй 72,269 оролцогчдыг долоон хоногийн турш хянасан байна. Ингэхдээ эрдэмтэд хүн бүрийн нойрны тогтмол байдлын индексийн (Sleep Regularity Index, SRI) оноог тооцоолсон юм. Өндөр оноо авсан хүмүүсийн нойр илүү тогтмол байгааг илтгэнэ. Дараа нь тэд зүрх судасны асуудлын улмаас нас барах, зүрхний шигдээс, зүрхний дутагдал, цус харвалтын тохиолдол гарсан эсэхийг найман жилийн турш хянаж үзжээ. Ийнхүү хянахад нойрны хэмнэл тогтмол бус хүмүүс тогтмол нойрны хэмнэлтэй хүмүүстэй харьцуулахад эдгээр өвчнөөр өвчлөх магадлал 26 хувиар илүү байсан аж. Тогтмол бус нойр гэдэг нь унтах болон сэрэх цагийн хэлбэлзэл их байхыг хэлдэг.

Энэхүү 26 хувийн тооцоололд нас, хөдөлгөөний идэвхтэй байдал, архи, тамхины хэрэглээ зэрэг судалгааны үр дүнд нөлөөлж болох олон хүчин зүйлийг тооцжээ. Гэхдээ энэ эрдэм шинжилгээний ажил нь зөвхөн ажиглалтын судалгаа учраас шалтгаан-хамаарал тогтоох боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нойрны хэмнэл тогтмол бус байх нь эрсдэл нэмэгдүүлсэн гэдгийг баттай мэдэх боломжгүй, зөвхөн холбоотой гэж хэлнэ.

Судалгааны баг мөн нойрны индекс өндөртэй буюу нойрны хэмнэл тогтмол хүмүүс мэргэжилтнүүдийн хоногт унтахыг зөвлөсөн хугацаагаар унтах магадлал нь их байгааг илрүүлжээ (18-64 насныхан өдөрт 7-9 цаг, 65-аас дээш насныхан өдөрт 8 цаг унтах). Тогтмол нойрны хэмнэлтэй хүмүүсийн 61 хувь нь зөвлөмжийг биелүүлсэн бол тогтмол бус хүмүүсийн 48 хувь нь биелүүлсэн юм.

Гэхдээ хангалттай хэмжээний нойр авдаг ч тогтмол бус нойрны хэмнэлтэй хүмүүс зүрх судасны ноцтой өвчлөлд өртөх эрсдэл илүү өндөр байжээ. “Манай судалгааны дүнгээс үзэхэд нойрны урт биш, харин нойрны тогтмол байдал илүү чухал байх магадлалтай” гэж судалгаанд бичсэн байна.

Судалгааг ахалж бичсэн Канадын Оттавагийн их сургуулийн хүүхдийн анагаах ухааны профессор Жан-Пьер Шапют “CNN” агентлагт хэлэхдээ  “Нойрны хэмнэл тогтмол бус байх нь хангалтгүй нойр авахтай харьцуулахад нас баралтын эрсдэлд илүү их нөлөөлдөг гэдгийг харуулсан судалгаанууд нэмэгдэж байна” гэжээ.

Зүрх судасны өвчнөөс сэргийлэхийн тулд артерийн даралт нь хамгийн гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг болдог гэдгийг Шапют онцолсон юм. Тэрбээр “Үүнийг уншиж байгаа хүмүүс өдөр бүр долоогоос есөн цагийн тогтмол, тайван нойрыг эрхэмлэх хэрэгтэй. Учир нь нойроо хангалтгүй авбал даралт ихсэхэд хүргэж болзошгүй” гэж тэр хэлсэн байна.

Шапют амралтын өдрүүдэд нойроо нөхөж унтахаас зайлсхийхийг зөвлөжээ. Тэр “Хэдийгээр амралтын өдрүүдэд урт хугацаагаар унтаж тодорхой хэмжээнд нойроо нөхөх боломжтой ч ажлын хоногуудын архаг нойргүйдлийн сөрөг нөлөөг бүрэн арилгаж чадахгүй” гэжээ. Тэрбээр унтах босох цаг яг таг байх албагүй гэдгийг мөн онцолсон байна. Шапют “Унтах болон сэрэх цаг өдөр бүр яг адилхан байх албагүй. Биеийнхээ биологийн цагийг дэмжихийн тулд ердийн хуваариасаа 30-60 минут хэлбэлзүүлэх нь хамгийн сайн” хэмээсэн юм.

Эх сурвалж: CNN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen