“Суулгалт, бөөлжилтөөс болж хүүхдийн амь нас эрсдэлд ордог”

“Суулгалт, бөөлжилтөөс болж хүүхдийн амь нас эрсдэлд ордог”

 

Халдварт өвчин судлалын үндэсний төв/ХӨСҮТ/-өөс өнөөдөр /2024.11.29/ томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчин, уушигны хатгаатай 207 өвчтөн эмчлүүлж байна. Тэднээс зургаа нь эрчимт эмчилгээний тасагт байна. Хатгаатай, хүчилтөрөгчийн дутагдалтай хүнд хүүхдүүдийг эрчимт эмчилгээний тасагт эмчилж байгаа юм.

Яаралтай тусламжийн тасгаар хоногтоо 40-60 хүүхэд ирж үйлчлүүлж байгаагаас  80 хувь нь хэвтэж байна. Дийлэнх нь халууралтай, ханиалгатай, хатгаатай, өрх, дүүргээр үзүүлээд хэвтэх шаардлагатай гэдэг зөвлөмжтэй.

ЭНЭҮТ-ийн Хүүхдийн хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын эмч О.ТҮМЭНДЭМБЭРЭЛ:

-Томуу, томуу төст өвчний үед хүүхэд суулгах бөөлжих шинж тэмдэг ихээр үзүүлдэг. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаарх зөвлөмж өгье.

Хүүхэд хоногтоо буюу сүүлийн 24 цагт дөрөв буюу түүнээс дээш удаа шингэн ялгадас гарахыг суулгалт гэж нэрлэдэг. Суулгалт, бөөлжилт маань яагаад аюултай вэ гэхээр ийм шинж тэмдэг үзүүлсэн нөхцөлд хүүхэд эрдэс шингэнээ биеэсээ их хэмжээгээр алддаг учраас амь нас эрүүл мэндэд нь хохирол учруулах эрсдэлтэй хүнд өвчин.

Нөгөө талаараа суулгалтаас болоод гэдэсний ханаар шимэгдэх шимт бодисын хэмжээ нь багассанаас хүүхэд жингийн алдагдалд хүрч, турдаг. Энэнээс болж ойр ойрхон өвчилж, мөн өвчин нь хүндэрдэг. Суулгалт, бөөлжилтийн үед асаргааг цаг алдалгүй эрт эхэлж чадвал гэрээр эмчлэгдэх боломжтой.

Томуу, томуу төст өвчний үед хүүхдэд ямар нэгэн зовиур шаналгаагүй хэр нь живхнээс нь хальж гарсан, цайвар шаргал өнгөтэй шингэн гардаг. Энэ нь суулгалт.

Гэрийн асаргааг зөв хийж чадвал 5-7 хоногт суулгалт зогсох боломжтой. Гэрийн асаргааг зөв хийж чадахгүй бол суулгалт хүндэрч, шингэн алдалт нь усгүйжүүлэлтэд хүргэдэг.

Нэгдүгээрт, дээрх тохиолдолд шингэн зүйлийг ердийнхөөс илүү хэмжээтэйгээр ойр, ойрхон өгнө. Усаар зөвхөн шингэнийг нөхөх боломжгүй, хорсолоор нөхнө. Хорсолыг бага багаар бүлээнээр өгнө. Шфриц юм уу, халбаганд хорсолыг бага, багаар хийж уулгана. Хорсол өгөх үед хүүхэд бөөлжвөл 10 минут хүлээгээд өмнө өгч байсан эрчмээсээ бууруулж өгөх хэрэгтэй. Ингэж хорсолыг бага, багаар бүлээнээр өгч байж алдаж байгаа шингэнийг нөхнө.

Шингэнийг нөхөхийн тулд хоёроос доош насны хүүхдэд суулгалт бөөлжилт бүрийн араас 50-100 мл хорсол уулгана. Хоёроос дээш настай хүүхдэд суулгалт бөөлжилт бүрийн араас 100-200 мл хорсол уулгаж чадвал алдаж байгаа шингэнийг нөхөж чадаж байна гэж ойлгож болно.

Хүүхэд маань хоногтоо 5 удаа шингэн алдвал 500 мл хорсолыг бөөлжүүлэхгүйгээр өгч чадвал шингэн алдалтаас сэргийлж чадна.

Мөн ийм үед хоолны дэглэм барина. Жигнэж болгосон, шөлтэй устай, хүүхэд амархан шингээхээр хоол хийж өгнө. Гаднаас хоол авч өгч болохгүй. Чихэр, жимс, өтгөн жүүс, чихэрлэг хүнс хэрэглэх юм бол суулгалтыг даамжруулахаас гадна өвчин эдгэрэлтийг удаашруулах сөрөг талтай.

Ариун цвэрийн дэглэм баримтална. Гаднаас орж ирж байгаа хүн хувцасаа тайлж, гараа угаагаад ам хамраа зайлаад хүүхэддээ хүрнэ. Шингэн баас болон бөөлжилтийг цэвэрлэсний дараа гараа сайтар угааж хүүхэддээ хүрэхгүй бол халдварыг тараах эрсдэлтэй.

Аюултай шинжийг анзаарах ёстой.

Нэгдүгээрт, хүүхэд унтаарах, ноомой болох, эсвэл тайван бус цочимхой болох. Эсвэл нүд нь хонхойх, зургаан сараас доош сартай хүүхдийн зулай хонхойх шинж тэмдэг илэрвэл. Уухгүй, мөөмөө хөхөх чадваргүй болох. Уйлахад нулимс гарахгүй болох, ердийнхөөс бага хэмжээтэй шээх тохиолдолд эмнэлэгт яаралтай хандана.

Шингэн зүйлийг ердийнхөөс илүү хэмжээгээр бага багаар ойр ойрхон шингээж өгч чадвал шингэн алдалт усгүйжүүлэлтээс сэргийлэх боломжтой.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen