МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?
МҮХАҮТ-ын Ээлжит бус XXII Их хурал хуралдаж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох сонгууль өчигдөр /2024.11.28/-нд болж өндөрлөлөө. Тус танхимын Ерөнхийлөгчийн төлөө МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од, “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан,Эдийн засагч Б.Лакшми, Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх,“Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар нар нэр дэвшиж өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдээд байсан юм.
Нэр дэвшсэн 9 хүнээс Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий нар нэрээ татсан бол МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг хууль шүүхийн байгууллагаас 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаад байсан юм.
Нэр дэвшигчид тус бүртээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, аж ахуйн нэгжүүд нэр дэвшигчдээс асуулт асуусан. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн бие төлөөлөгчөөрөө дамжуулан видео бичлэгээр мөрийн хөтөлбөрөө танилцуулж, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар хийсэн байна.
Тиймээс ямартай ч үлдсэн 7 хүний дунд Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн өрнөж эхний санал хураалтаар "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од 37.3 хувь, Таванбогд групп"-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан 27 хувийн санал авсан. Улмаар нийт саналын эрхтэй гишүүдийн 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч гараагүй тул хамгийн их санал авсан хоёр хүний дунд дахин санал хураалт явуулсан аж.
Ингээд дахин санал хураалтад 512 гишүүн оролцсоноос Ц.Баатарсайхан 236 хүний санал буюу 46 хувь, Л.Төр-Од 276 хүний санал авч 54 хувиар ялалт байгуулсан байна. Ингэснээр "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Л.ТӨР-ОД ГЭЖ ХЭН БЭ?
Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр Транспарэнси интернэшнл – Монгол ТББ-ын тэргүүнээс гадна МҮХАҮТ-д ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Түүний хувьд 2011-2011 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2012-2013 онуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал хариуцсан шадар туслах, Хууль зүйн сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Мөн хувийн хэвшилд ажилласан туршлагатай нэгэн. Тухайлбал, Хас банк, Монголын банкны холбоо, М Банк, Ашид капитал ХХК, Монгол даатгал ХХК-д ажиллаж байсан туршлагатай. Түүний бизнесийн салбар дахь ажлын туршлагаас хуваалцвал,
- 2024 оны 10 дугаар сараас Цахим Байшин ХХК -д Гүйцэтгэх захирал
- 2023 оны 7 дугаар сараас: Монгол даатгал ХК (www.mongoldaatgal.mn) Гүйцэтгэх захирал, Үйл ажиллагаа хариуцсан захирал, Зөвлөх
- 2022-2023 он: М Банк, Ашид капитал ББСБ (www.m-bank.mn) ТУЗ-ын Нарийн бичгийн дарга, Хууль зүй, комплайнсийн захирал, Зөвлөх
- 2019 оноос: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (www.mongolchamber.mn Ахлах зөвлөх, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 2012-2022 он: Аръяамед эмнэлэг ХХК (www.aryamed.mn) Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
- 2010 – 2012 он: Монголын банкны холбоо (www.mba.mn) Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга, Бодлого хөтөлбөр хариуцсан зөвлөх
- 2009-2012 он: Монголын эдийн засгийн форум (www.meforum.mn) Ерөнхий захирал, Санхүүжилт хариуцсан зохицуулагч
- 2005-2011 он: ХасБанк (www.xacbank.mn) Гүйцэтгэх дэд захирал, ТУЗ-ийн Нарийн бичгийн дарга, Хууль зүй, хянан нийцүүлэх газрын захирал, Тамгын газрын захирал, Банкны зөвлөх бөгөөд Лондон дахь төлөөлөгч
- 1998-2005 он: СИДАН ХЗХ Үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн