Нурууны өвдөлт ба эрүүл, зөв амьдрал

Нурууны өвдөлт ба эрүүл, зөв амьдрал

 

Бүсэлхий нурууны өвдөлт нь хүн амын дунд элбэг тохиолддог эмгэгийн нэг юм.

Үүний улмаас олон дахин эмнэлэгт хандах, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг олон сөрөг үр дагавруудтай. Бүсэлхий нурууны өвдөлт түүнээс урьдчилан сэргийлэх аргуудын талаар иргэд мэдээлэлтэй байх нь чухал.

Хүний багана нуруу хүзүүний долоо, сээр нурууны 12, бүсэлхийн нурууны тав, ууцны тав, ахар сүүл 4-5, нийт 33-34 яснаас тогтдог. Үүнээс бүсэлхий нурууны хэсэг нэн чухал тулгуур эрхтэн. Тайван үед ч, хөдөлгөөний үед ч хамгийн их ачааллыг үүрдэг. Ялангуяа бөхийх үед нурууны ачаалал эрс нэмэгддэг. Нурууны хамгийн их хөдөлгөөнтэй, хамгийн их ачаалал ногдох хэсэг бүсэлхий нурууны болон хүзүүний хэсэг юм.

Багана нурууны бүх түвшинд нурууны суваг ар гадна талаасаа нугалмын нум, шар холбоосоор, хажуу талаасаа нугалмын нумаар, өвөр талаасаа нугалмын ар тал, нугалам хоорондын мөгөөрсөн жийргэвчээр (диск) тус бүрээр хязгаарлагдана.

Нуруу өвдөх шалтгаан
Ихэвчлэн нуруугаараа гэмтэх, унах, хүнд зүйл өргөх зэргээс үүдэн нуруу өвддөг. Зургаан долоо хоногоос доош хугацаанд үргэлжилбэл хурц хэлбэртэй гэж үзнэ.

Харин тодорхой шалтгаангүйгээр өвдөх буюу зургаан долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байвал дараах шалтгаантай. Үүнд:

•    Нурууны мэдрэлийн ёзоор дарагдсан
•    Хэрх өвчин
•    Ясны сийрэгжилт
•    Сээр нурууны ясны хэлбэр өөрчлөгдөх.
Мөн бусад өвчний үед нуруу өвддөг. Тухайлбал,
•    Хоол боловсруулалттай холбоотойгоор
•    Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, бөөрний чулуу
•    Нурууны гэмтэл
•    Зарим тохиолдолд сарын тэмдгийн үеэр нуруу өвддөг.
•     Сэтгэлийн шалтгаант нурууны өвдөлтүүд

Шинж тэмдэг
Нурууны бүсэлхий, ууцны хэсгийн дискийн (жийргэвч) ивэрхий нугасны ёзоорыг яаж дарснаас болж тухайн хүн бүрд харилцан адилгүй эмнэлзүй илэрдэг. Огцом хөдлөх, бөхийх, ачаа өргөх үед бүсэлхий орчмоор хүчтэй өвдөж эхэлнэ.

Өвдөлт суудлын мэдрэлийн дагуу гуяны ар талаар, тахимын хонхор, шилбэ, тавхайн чиглэлд дамжина. Өвдөлттэй тал руу хөдөлгөөн эрс хязгаарлагдсан байх ба аливаа хөдөлгөөн өвдөлтийг улам ихэсгэдэг.

Эмчилгээ: Эмийн болон сэргээн засах эмчилгээг хамтад нь хийвэл илүү үр дүнтэй. Эмнэлзүйгээс хамааран эмийн эмчилгээний тактик хүн бүрт харилцан адилгүй байдаг. Олон улсад сэргээн засах эмчилгээг түлхүү хэрэглэж байна.

Оношилгоо: Танд мэргэжлийн эмч мэдрэлийн нарийн үзлэг хийж, цаашид ямар шинжилгээ  хийх төлөвлөгөөг гаргаж өгдөг. Нурууны өвдөлтийн үед бүсэлхий нурууны рентген зураг, шаардлагатай гэж үзвэл бүсэлхий нурууны СРТ хийлгэх эсэхийг нарийн мэргэжлийн эмч шийддэг.

Урьдчилан сэргийлэлт
-    Цэх сууж сурах
-    Байнгын суугаа ажилтай хүмүүс дасгал хөдөлгөөн тогтмол хийх
-    Хүнд зүйл өргөхөөр бол болгоомжтой өргөх, ачааллыг зөв хуваарилж өргөх
-    Илүүдэл жингээ хасах
-    Нэг байрлалд удаан суухгүйгээр зогсох, суух зэргээр хөдөлж, нуруугаа амраах
-    Цүнх, үүргэвчийг сонгохдоо хоёр мөртэй үүргэвч сонгох
-    Өглөө сэрээд тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хүзүү, бүсэлхий нуруу өвдөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Зөвлөгөөг бичсэн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасгийн эмч: Б.Цэвэлсүрэн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen