Израиль дүрвэгсдийн хуаранг онилж байна
Израилийн батлан хамгаалах цэргүүд Газын зурвасын төв хэсэг болон Нусейрат дүрвэгсдийн хуаранд агаарын цохилт өгч, энгийн иргэдийн амь насыг аюулд оруулж байна. "Aljazeera" агентлагийн мэдээлснээр Израиль цэргийн орон зайгаа өргөсгөхийн тулд Нусейрат хуаранг бөмбөгдөж, барилгуудыг нурааж байгаа аж. Палестины "Вафа" агентлагийн мэдээлснээр, Пүрэв гаригийн үүрээр Хан Юнисын зүүн талд байрлах Абасан дүрвэгсдийн хуарангийн ойролцоо нисгэгчгүй онгоцнууд Палестины энгийн иргэдийг онилж байжээ. Улмаар дөрвөн хүн нас барсан байна.
Израилийн хувьд Газын өмнөд хэсэгт орших Рафах хотын зүүн хэсэг болон хойд хэсгийн Жабалиа зэрэг хэд хэдэн газар нэгэн зэрэг дайралт хийж байгаа бөгөөд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжийг хүчээр таслан зогсоох ажиллагаа явуулж байна гэж ажиглагчид үзжээ.
Түүнчлэн, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены санаачилгаар Израиль, Ливаны гал бүрэн зогссон гэж хэвлэлүүд мэдээлж байсан. Хэлэлцээрийн дагуу Израилийн цэргүүд Ливаны өмнөд хэсэг рүү хөдөлж, иргэд нь орон гэртээ буцсан гэж Байдены засаг захиргаа мэдэгдсэн. Гэсэн хэдий ч гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос нэг өдрийн дараа Израиль Маркаба хот уу гал нээж, хоёр иргэн шархадсан гэж Ливаны төрийн мэдлийн Үндэсний мэдээллийн агентлаг (NNA) мэдээлэв. "Aljazeera" агентлагийн эх сурвалж уг халдлагыг баталсан бөгөөд шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.
Мөн Израилийн танк Кфарчуба хотын зах руу хоёр удаа их буугаар онилсон нь хоёр орны гал зогсоох хэлэлцээр дуусаагүйг нотолж байна гэж "NNA" мэдээллээ.