Онц их хурал тамга булаалдах биш бодлогын байгаасай

 

Онц их хурал тамга булаалдах биш бодлогын байгаасай

 

-Монголчууд ардчилал, эрх чөлөөнд дургүйдээ биш, дүр эсгэгчдэд дургүй-

 

Монгол түмэн ардчилал, эрх чөлөөнд дургүйдээ АН-ыг дэмжихгүй байгаа хэрэг биш. Ардчилал, эрх чөлөө нэрээр халхавчилсан увайгүй нөхдөд туйлын дургүй болсонд л хамаг учир бий. Энэ утгаараа нэг хэсэг АН-ыг ардчилал, эрх чөлөө гэж хардаг байсан сонгогч олны боловсрол дээшилж байна гэсэн үг. АН-ын шошготой нөхөд ч өөрсдийгөө ардчилал, эрх чөлөөний эцэг хэмээн ойлгуулахыг хичээж ирсэн 30 жил ард үлдэж байгаа нь сайшаалтай.

Ард олны сэтгэлгээнд эрх биш өөрчлөлт орж, тодорхой ойлголттой болсон болохоор дүр эсгэсэн ардчилагчдын эзэлж байсан байр суурь ийнхүү унаж байгааг сүүлийн хоёр ч сонгууль тодорхой харууллаа. Үнэхээр ардчиллын үнэт зүйлийг хамгаалдаг, түүнийг дэлгэрүүлдэг, баруун төвийн үзэлтэй нам байхыг хүсэж байгаа бол дүр эсгэсэн өвгөдөөсөө салах цаг болсныг юуны өмнө сануулъя.

 

ОНЦ ИХ ХУРЛЫН ҮР ДҮН ЗӨВХӨН С.ЭРДЭНИЙН БАЙР СУУРИАС ХАМААРНА

Өнгөрөгч 2016 оны сонгуулиас хойш үймэж ирсэн АН-ынхан өнөөдөр ч учраа олсонгүй. Өнөөдөр эзэн Чингис хааны төрсөн өдрөөр Онц их хурал зарлажээ.

Эзэн хааны төрсөн өдрөөр хэмээн аанай л хэлбэр дүр эсгэж байгаа ч Онц их хурлаас эерэг үр дүн гараасай гэж иргэд олон нийт хүсэж байна. Учир нь ардчилсан тогтолцоот нийгэмд сөрөг хүчингүй дан ганц эрх баригчид ноёлох нь яав ч сайны дохио биш. Түүнээс бус тамга тэмдэг булаалдсан хэдэн нөхдийг улс төрд өргөх гэсэндээ  биш, энэ Монгол Улс, ард түмний хувь заяанд санаа зовсных билээ. Өнөө цагт сөрөг хүчин маш хэрэгтэй байгааг хуучин тогтолцоог санагдуулсан ганц намын ноёрхолоос харж болно.

\Гэтэл арчаагүй АН сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх бүү хэл дундаа ч учраа олохгүй зургаан жилийн нүүр үзлээ. Ямар сайндаа л Т.Доржханд "АН байхгүй болж, ХҮН сөрөг хүчин боллоо” хэмээн галзуурч байхав дээ. Уг нь АН Т.Доржханд мэтээр ийн дуудуулах улс төрийн хүчин биш юм сан. Гэхдээ төр, нийгэм өөрөө яах аргагүй АН-ыг үгүйлж эхэлсэн нь илтэд анзаарагдана. Маргааш болох Онц их хурал чухам ямар шийдвэрт хүрэх вэ гэдэг хүлээлтийг ч өөрийн эрхгүй үүсгэжээ. Гэтэл АН-ын албан ёсны тамга атган суугаа С.Эрдэнэ Онц их хурлыг хүлээн зөвшөөрөх үү, үгүй юу. Хэрэв зөвшөөрөхгүй бол Онц их хурал ямар ч үр дүнгүй "сэм найр” болоод л дуусна. Тэд хэчнээн олон хүн цуглуулж, хэчнээн үзэл бодлыг нь нэгтгэлээ ч үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр тэд юуны өмнө С.Эрдэнэтэй учраа ололцох хэрэгтэй.

 

ОНЦ ИХ ХУРЛЫГ Х.БАТТУЛГА, Н.АЛТАНХУЯГ НАР САМРАХ УУ

Олны ярьж байгаагаар энэ удаагийн Онц их хурал Ерөнхийлөгч асан Х.Бат­тулга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын тамга авах гэсэн санаархал дунд зохион байгуулагдаж байгаа гэх мэдээлэл бий. Хэрвээ энэ үнэн бол С.Эрдэнэ энэ хурлыг хүлээн зөвшөөрөхгүй нь лавтай. Ерөөсөө 30 жил ардчилсан дүр эсгэсэн нөхдөөсөө салахгүй бол энэ нам өөдлөн дэвжихгүй гэдгийг мөн ч олон талаас сануулах аж. С.Эрдэнийн хувьд магадгүй энэ мэт ахмадуудаас тамга тэмдгээ харамлаад байхыг үгүйсгэхгүй. "С.Эрдэнийг МАН-д худалдагдсан”, "Эрх баригчдад өдүүлсэн гэмт хэргээрээ барьцаалуулсан” гэх мэтээр ярьж байгаа нь дүр эсгэгчдийн явуулга ч байж мэднэ.

Тиймдээ ч Х.Баттулга, Н.Алтанхуяг нар залуус хэмээх нэрийдлээр О.Цогтгэрэл нарыг олны өнгөн дээр зүтгүүлээд байж мэдэх юм. Онц их хурлын нөхцөл байдал энэ зүг рүү эргэвэл ямар ч үр дүн хүлээх хэрэггүй. Цаг үрсэн асуудал болно. Гагцхүү тамгатай нөхөр л шийдэх асуудал бол­лоо. Хэрвээ Х.Баттулга, Н.Алтанхуяг нар санаархаж байгаа бол Ц.Элбэгдорж нар зүгээр гараа хумхиад суухгүй. Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр гээд "идэрчүүдийн баг” ч зүгээр суухгүй.

 

ОНЦ ИХ ХУРЛААС ОНЦ ЗҮЙЛ ХҮЛЭЭХ ХЭРЭГ БАЙНА УУ

Уг нь анх Онц их хурал бус "Эв нэгдлийн их хурал” зарлаж байгаагаа нөхөн сонгуулийн үеэр мэдэгдэж байсан. Энэ үеэр С.Эрдэнийн тамгатай намын дарга, "Утсан хүүхэлдэй”  М.Тулгат "Өнөөдөр парламентад сөрөг хүчний дуу хоолой яалт ч үгүй хэрэгтэй байна. Сөрөг хүчин гэж улс төрөөр бизнес хийдэг, намын тамгаа халаасандаа хийчихээд талбай дээр лайв хийдэг гудамжны улс төрийг хэлдэггүй. Парламентад суудалтай, ул суурьтай бодлоготой, улс төрийн соёлтой сөрөг хүчний үйл ажиллагааг явуулж эхлэх шаардлагатай болоод байна. Тиймээс АН дотоод асуудлаа шийдэх ёстой. Арваннэгдүгээр сарын 5-н хүртэл ойлголцож, нэгдэх даалгаврыг өөрсөддөө өгч байна” хэмээж байсан.

Тэгвэл Х.Баттулгын "Утсан хүүхэлдэй”, тамгагүй намын дарга О.Цогтгэрэл "Аливаа бүхэн цаг хугацаатай гэж ухаантнууд хэлсэн байдаг. Тиймээс АН-ын уналт доройтолд цэг тавих томоохон алхам хийх болсноо зарлахаар намын гишүүдийн үе үеийн төлөөлөл энд ирээд байна. Энэхүү хурлаар АН-ын хоёр даргын асуудлыг оруулж, санал хураан шийднэ. Ялсан болоод ялагдсан нь нөгөөдөө хүндэтгэлтэй хандая гэж байгаа юм. Энэ бол олон хүний санал, шахалтаар бий болж байгаа зүйл” хэмээн ярьж байсан.

 

Гэхдээ үүнийг хоёр "Утсан хүүхэлдэй” хэлсэн болохоос бус С.Эрдэнэ хэлээгүй, Х.Баттулга нь хэлээгүй болохоор ихээхэн эргэлзээтэй. Магадгүй Үүл баатрын сонгуулийн пиар ажиллагааны нэгэн хэсэг болоод өнгөрсөн байх. Энэ үеэр намаа аварна хэмээн зогсож байгаа Э.Бат-Үүл нь "Р.Гончигдорж, М.Энхсайхан, Р.Амаржаргал, Ц.Элбэгдорж нар хүрээд ирээ, намаа авар, ардчиллаа авар” хэмээн уриалсан. Үүл баатрын дуудаж байгаа нөхөд намаа улам баллуурдана уу гэхээс өөд татаж аврахгүй гэдгийг 30 жилийнх нь үйл ажиллагаа нь харуулсан шүү дээ.

Энэ мэтээр "Утсан хүүхэлдэй” нар нь ил гарч далдагнаад, жинхэнэ эзэд ар талаас нь буруу үүрэг өгөөд, Үүл мэт нь 30 жил АН-ыг самарсан нөхдөө дуудаад байвал Онц их хурлаас үр дүн хүлээх шаардлага байхгүй. Уг нь тэд АН-ыг өөрсөдтэйгөө хамт авсанд авч орох гээгүй бол болих хэрэгтэй. Тэгээд ч Эв нэгдлийн их хурлаас Онц их хурал хүртэл маш олон зүйл өрнөсөн. Энэ хугацаанд АН дотооддоо ойлголцсон гэх хандлага лав  харагдсангүй.

СӨРӨГ ХҮЧИН ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙГАА Ч УЛАМ УРУУДСААР

Яг өнөөдрийн нөхцөлд АН хэрэгтэй байна, АН гэхээсээ илүүтэй сайн сөрөг хүчин хэрэгтэй байна. Арчаагүй сөрөг хүчинтэй байгаа учраас ганц намын шийдвэр ноёлж байгаа нь бидний нийгмийн тогтолцоо биш. Тэгэхээр айсуй хоёр жилд АН сөрөг хүчний байр сууриа бэхжүүлэх нь тэдэнд бус ард түмэнд хэрэгтэй зүйл боллоо. Гэтэл өдгөө байгаа арваадхан гишүүн нь дундаа тэрсэж, нэгдмэл байр сууринд хүрэх нь үгүй. Нэг сар орчмын өмнө Засгийн газрыг огцруулахаар АН-ын бүлгийн гишүүд гарын үсэг цуглуулсан.

Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Д.Адьшаа, Ц.Туваан нар гарын үсэг зураагүй гэдгийг эх сурвалж хэлж байв. Энэ засагт огцрох шалтгаан олон байгаа ч эх баригчид тогтвортой байдлыг хүсэж байгаа.

Хамгийн гол нь чухам яагаад энэ гурван эрхэм Засгийн газрыг огц­руулах аянд нэгдээгүй вэ гэдэг нь асуудал дагуулсаар байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд унаж босож, засаг тэргүүлж байсан хүн ямар нэгэн шалтгаан байж болох юм. Тэгээд ч тэр зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө явдаг хүн. Хүнд хэцүү цагт намаа хүртэл хаяад сүүл хавчсан хүнээс юу ч гарч мэднэ. Харин өчүүхэн Ц.Туваан, Д.Адьшаа нар ямар учраас татгалзав гэдэг нь олны анхааралд өдгөө ч байсаар байна. 

 

НЭГЭН ЗҮЙЛ САНУУЛАХАД

Улс төрийн нам нь төлөөл­лийн ардчиллын институт болж хэлбэршсэн учраас ардчилал намгүйгээр орших боломжгүй гэж үзсэнд хамаг учир бий гэдэг. Гэвч нам байгаа цагт ардчилал байна гэсэн ойлголт биш гэдгийг судлаачид тайлбарлажээ. Уг нь улс төрийн нам нь ардчилсан хариуцлагыг импорт­лох гол суваг гэдэг ч манайд эсрэгээрээ явж байна.

Үнэнийг хэлэхэд "ард­чил­лын анхдагчид” хэмээгчдийн яриад байгаа шиг өөрсдийн эр зориг, бор зүрхээр цоо шинэ нийгэм байгуулчихсан хэрэг биш. Хөрш зэргэлдээ социалист орнуудад ардчиллын салхи сэвэлзэж ахуй цагт Монгол Улсад ч энэ агаар жамаараа орж ирсэн хэрэг. Түүнийг харин тосон авсан хүмүүсийг  "ардчиллын анхдагчид” гэж нэрлэвэл зохилтой. Үзэл баримтлал, суурь үнэт зүй­лээ онол практикийн түвшинд шинэчлэнэ гэхээр намаа татан буулгаад ахин шинээр байгуулах зарчмын шаардлага байгааг судлаачид хэлсэн.

 

Тэр тусмаа анхан болон дунд шатыг цэвэрлэж цэнэглэх хэрэгтэй. "Манай нам төдөн зуун мянган гишүүнтэй” хэмээн энд тэнд сайрхаж явахаар ардчиллын суурь зарчим, тэр л үнэт зүйлээ ойлгодог цөөн гишүүн байхад нам өөрөө оршин тогтноно. Тэр л үнэт зүйлийг иргэд дагах болно. Олон гишүүнтэй нам сонгуульд ялалт байгуулна гэсэн тахир дутуу ойлголтоос ч салах цаг нь ч болсон. Энэ удаагийн Онц их хурал тамга тэмдэг булаалдах, хөгшин бурхинуудын зодоон бус жинхэнэ бодлогын хуралдаан байгаасай.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen