ТОГТУУН ХҮЧ

 ТОГТУУН ХҮЧ

Монголд ардчилал хэрэгтэй юу. Ийн асуухад хүн бүр "Хэрэгтэй. Ардчилал бол эрх чөлөө” хэмээн хариулдаг. Харин энэ эрх чөлөөг баталгаажуулагч, манагч нь Ардчилсан нам гэдэгт ч эргэлзэх аргагүй. Зөвхөн нэрэндээ "ардчилал” гэдэг үгийг оруулсандаа бус. Гагцхүү Монгол Улсад ардчилсан хувьсгалыг эхлүүлж, нийгмийн өөрчлөлт шинэчлэлийг удирдаж, манлайлж ирсэн түүх нь өөрөө Ардчилсан намын түүх болохоор тэр юм. Энэ дүгнэлт хэтэрхий нэг талыг дөвийлгөсөн мэт болох ч цагаан морин жилийн Сүхбаатарын талбайн жагсаал, "Эрх чөлөө, шударга ёсыг шаардаж байна” хэмээх ардчилагчдын өргөж, явсан лоозон нь өөрөө үүний баталгаа юм. Нэг ёсондоо Монгол Улсын ирээдүйн ардчилал бат бэх байх уу, дархлаатай оршин тогтнох уу гэдэг нь өөрөө Ардчилсан намаас хамаарна.

Харамсалтай нь, өнөөдөр нам дотор эрх мэдлийн хувьчлал, цөөхөн улстөрчдийн дарангуйлал нь Ардчилсан намыг ардчиллаас хол хөндий мэт харагдуулах болсоор удлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн бүтэлгүйтлийн түүх ч үүний илрэл. Харин яг энэ үед Ардчилсан намын даргын төлөөх сунгаа орон даяар өрнөж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөр нар өрсөлдөж буй нь ил тод үзэгдэл юм. Гол нь тэдний хэн хэн нь Монголын ардчилалд өөр өөрийн хувь нэмрийг оруулсан, алдаа онооны аль алиныг нь нэр дээрээ бичүүлэх онцгой улстөрчид. Харин сайнаасаа сайр нь илүү байгаасаа гэж үзвэл тэргүүн эгнээнд нь яах аргагүй УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр бичигдэнэ. Учир нь, улс төрд орсон цагаас хойшхи намтарт нь муу, муухай эс бөгөөс авлига хээл хахуул, эрх мэдлээ ашигласан түүх нэгээхэн ч үгүй юм. Энэ бол түүний тал. Гурван ч удаа УИХ-д сонгогдож, Засгийн газарт сайдын алба хашсан түүх нь өөрөө хуучин мэт болох ч нас хийгээд үзэл санааны хувьд тэр залуусын төлөөлөл.

"Чадал чинь хүрвэл хаалга өшиглөж орж ир” гэх Ардчилсан намын залуусынхаа өмнө барьдаг хатуу, харгис шаардлагын өмнө ялалт байгуулсан цөөн залуусын нэг нь. Гэхдээ хаалга өшиглөж ороогүй ч өөрийнхөө өмнөх боломжийг ашиглан улстөрчийн соёл, бодлого барьж орж ирсэн. Эзэмшсэн боловсролдоо эзэн болж, мэдлэгийн хувьсгал хийхийг өөрийн улс төрийн амьдралынхаа эрхэм зорилго хэмээн тодорхойлдог. Тэр ч утгаараа Монголын боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, бодлогын өөрчлөлт гаргаж чадсан. Очсон нутаг орных нь багш нар хадаг сүүгээ дэлгэн угтаж буй ойрын өдрүүд бол үүний баталгаа.

Түүгээр ч зогсохгүй улс төрийн хатуу байр суурь, яг таг зарчим нь өөрөө Японд боловсрол эзэмшсэн оюутан насных нь олз гэдгийг ч үгүйсгэх аргагүй. "Ахмад үедээ талархаж байна. Гэхдээ үе солигдох ёстой” гэх түүний үг үүний нотолгоо. Яг одоогийн нөхцөлд Ардчилсан нам ялагдлын гомдолдоо хөтлөгдөж, ирээдүйн ялалтаа тооцоолж чадахгүй будилж яваа нь үнэн. Ийм нөхцөл байдалд үеийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй гэдгийг намынх нь гишүүд ч ярилцаж, бүр шаардаж яваа. Тэдний хувьд 2020 оны УИХ-ын сонгууль гол бариа нь. Энэ барианд намыг нь 25 жил удирдсан лидерүүд бус харин шинэ удирдагч дагуулж орох ёстой гэдэг дээр ч санал нэгддэг. Хэрэв жирийн гишүүдийнх нь үг үг болоод, лидерүүд нь түүнийг хүндэтгэж сонсвол яах аргагүй Ардчилсан намд хийгдэх ёстой шинэчлэл бол үеийн шинэчлэл юм. Ирэх 2020 онд сонгогчдын 70 гаруй хувь нь 40 насныхан байна гэдэг судлаачдын анализийг ч тунгаан бодох хэрэгтэй.

Тэр дундаа МАН энэ судалгааг иш үндэс болгон Ерөнхий нарийн бичгийн даргаараа 34-тэй залууг тавьсан. Энэ оны зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ч МАН-ын шинэ дарга нь залуу үеэс тавигдах магадлалтай. Өөрөөр хэлбэл, ахмадууд нь үдэлтийн дуу аялж, залуус нь түрлэг өргөх дүр зураг харагдаад эхэллээ. Ийм байхад Ардчилсан намын ухрахгүй урагшлах том хүчин зүйл нь залуу удирдлага. Лу.Гантөмөрийг дэмжих хамгийн том шалтгаан нь энэ.

Дээр нь, тэрбээр сахилга баттай улстөрч. Нас залуу ч шийдвэр гаргах гаргалгаа, улс төрийн туршлагаараа тэрбээр намба суусан нэгэн. Хэзээ ч бусад намын улс төрийн салхинд дэрвэлзэж, хөл алдан гүйхгүй тийм тогтуун улстөрч. Намынхаа зөрчлийг хурцатгаж, үгнээс нь дайсан, үйлдлээс нь баатар төрүүлэх гэж дэрвэхгүй бодолтой удирдагч. Ийм л учраас сахилгагүй бацааны үйлдэлтэй намынхаа насыг дүйцүүлж, фракц хоорондын зөрчлөө улс төрийн агц хэмээн хүндэтгэдэг, үүндээ итгэхийг зөвлөдөг ахмад үеэс Ардчилсан намыг чөлөөлөхийн тулд Лу.Гантөмөрийг дэмжих нь цорын ганц зөв сонголт гэдэгт эргэлзэх хэрэггүй юм. Товчхондоо, улс төрийн бодлого нь тодорхой, улстөрчийн туршлага арвин, үзэл санаа туйлбартай, шинэчлэл хийх зориг дүүрэн түүнд амжилт хүсье ээ. 


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen