Л.Гүндалай: Ардчиллын гажуудал бүхэн Ардын намтай холбоотой

АН-д өрнөж буй үйл явдлыг нэг хэсэг нь дотоод бужигнаан, даргын төлөөх тулаан гэж харж байна. Нөгөө хэсэг нь ардчиллыг аврах хэрэгтэй боллоо хэмээн дүгнэж байна. 2000 онд АН ялагдсан хүнд үед Хөвсгөлд бие дааж УИХ-д сонгогдоод тус намд гишүүнээр элсч байсан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн цахим хуудсаар дамжуулан “Ардчиллаа аваръя, АН-аа, ардчиллын буянаа аваръя” хэмээн мэдэгдэл хийсэн юм. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Би нэгэн цагт АН-ыг хүнд үед гишүүнээр элсэн, ардчиллын төлөө тэмцэж явсан. Өнөөдөр АН дараалсан ялагдал амсч, намыг авч явах лидерээ сонгох эгзэгтэй цаг мөчид санаа бодлоо хуваалцъя. Монголчуудыг ардчиллаа аврахад уриалъя.
Ардчилал өөрөө төгс биш. Үнээс сайн төгс хэлбэрийг хүн төрөлхтөн бодож олоогүй гэлцдэг. Би үүнтэй санал нэг байна.
Ардчиллыг хөгжүүлж, бэхжүүлж, хамгаалж байхгүй бол алдаа, гажуудал их гардаг гэдэгтэй ч би санал нэг байдаг.

Ардчиллын буян нь их байсан. Монголчууд одоо ч тэр буяныг амсч эдэлж байгаа, үүнийг тоочоод баршгүй. Алдаа ч бас их байна. АН-д дутагдал их байна. 1990 оноос хойшхи 30 жилийн дөрөвхөн жилд нь л АН төр, засгийн эрхийг барьсан. Ардчиллын 26 жилд нь Ардын нам төр, засгийн эрхийг барьсан. Ардчиллын алдаа, гажуудал бүхэн МАН-тай салшгүй холбоотой.

Ардчилсан намын алдаа бүхэн Ардын намыг хөгжүүлж, бэхжүүлж өнөөгийн МАН-ыг абсолют ноёрхолтой болголоо. Үүнд АН, Монголын ардчилал буруутай. Сүүлийн хоёр удаагийн сонгууль энэ бүхний нотолгоо юм.
АН-ын хамгийн том алдаа нь үнэт зүйлсээ, намаа, улс орноо тууштай авч явж чадах манлайлагч лидергүй байсантай шууд холбоотой.
АН-ын лидерүүд бүлэглэлийн толойгологч нар байлаа. Тэд АН-ыг, ардчиллыг ашиглагчид байжээ. Тэд ардчиллын үнэт зүйлд үнэнч биш, алсын хараагүй, амин хувиа хичээсэн арчаагүй жижигхэн феодалууд байжээ.
АН-ын толойлогчид аль нэг том даргын халаасны хүмүүс байжээ. Тэд МАН-ын “Утсан хүүхэлдэй”-нүүд байжээ. Тэд бас МАНАН болсон байжээ.
Нэг удаа сонгуульд ялагдахад ардчиллын буян заяа нэг уулын цаагуур ордог.
Одоо хоёр дахь сонгуульдаа ялагдлаа. АН, ардчиллын буян заяа 20 уулын цаагуур орохыг бид харах үлдлээ. Иймээс ардчиллын төлөө цохилох зүрхтэй хүн бүхэн ардчиллаа аврахад нэгдэцгээе. Хамтраад тэмцье.
АН-ын дарга нар намаа шинэчилж байна гэж 30 жил ярилаа. Ардчиллынхан ард түмнээ 30 жил ингэж хуурлаа.
Аливаа намын сэргэн мандал жинхэнэ лидерийг сонгож гаргахыг хэлдэг юм. Онол, зүй тогтол нь ийм юм. Азийн улс төрийн намын тогтоц лидер тойрч бүрэлдэн тогтдог онцлогтой.
АН-ын даргын сунгаа өмнөх гунигт түүхээ давтах гэж байна.

АН-ын шинэчлэл зөвхөн энэ намын хэрэг бус Монголын ардчиллын, ардчилалд элэгтэй хүн бүхний өмнө тулгарсан асуудал мөн. АН аль нэг намын халаасны хүнийг бус, ардчиллыг ашиглагчийг бус, бүлэг фракцийн толгойлогчийг бус, аймхай хулчгар урвагчийг бус, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, ардчиллын үнэт зүйлд үнэнч, тарж бутарсан намаа манлайлах чадвартай хүнийг даргаар сонгоход журмын нөхөд минь ухаанаа уралдуулаарай.

АН дахин ялагдвал ардчиллын буян, ард түмний амьдрал улам холдож 200 уулын цаагуур орно.

Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen