Дүр эсгэсэн сонгууль

Дүр эсгэсэн сонгууль

Ардчилал, хүний эрх, хүмүүнлэг энэрэнгүй нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засаг гэх мэт 90-д оноос Монголд дэлгэрсэн улс төрчдийн амны уншлага болсон маань, мэгзэм, тарнийн аль нь ч юм үл мэдэгдэх үг хэллэг, нэр томъёололууд, үүнийг уриа, уухай болгосон саарал ордонд үүрлэгсэд. Үр дүн нь өнөөдрийн өрөндөө баригдсан учраа олохгүй, үүрээ хөндүүлсэн зөгий мэт бужигналдсан, хямарсан төр түмэн олон. Өөдөө шидсэн чулуу нь өөрийнх нь толгой дээр унаж буйг мэдэрч айдаст автсан "Манан”-гийнхан. Ирж буй цаг, үйлийн үрээс эмээсэн тэдний хэлж буй үг болгон өөрсдийг нь жигшсээсэн, хийж буй үйлдэл болгон нь хортой үр дагавартай, батлаж буй хууль болгон нь тогтолцооны сүйрэлд хөтөлсөн муугийн туйл, сайны эхлэл энэ цагийн төрх.

Жишээ нь: "Ардчилал” хэмээх ганц тарниа "Шууд Ардчилал”, "Төлөөллийн Ардчилал”, "Дүр Эсгэсэн Ардчилал” зэргээр нэрлэн муу нохой заль гарган амь тавьж байгаагаас нь харахад л энэ тогтолцооны нас нь дуусч буй нь батлагдана. Анх "Манан”-гийнхан ардчилал хэмээх тарниа "Минийх – чинийх биш”, манайх танайх бус хэмээн булаацалддаг байсан бол дараа нь шууд, шууд бусдаа хүрч улмаар төлөөлсөн, төлөөлөөгүй ардчилагчдын дүрд тоглосоор сүүлдээ бие биенээ дүр эсгэсэн "Ардчилагч”-аар цоллож улайравч ямар ч шидгүй, хулхи "Ардчилал”-д мухраар сүсэглүүлж зальдаж байсан нь илэрч түмэн олон ч хуурагдахаа болив. Ямар сайндаа л яахаа мэдэхээ больсон "Ардчилал”-г импортлож авчирсан, сурталчилж түгээсэн, өмчлөх гээд л үгээ олж ядаад цэцэрхээд байдаг ерөнхийлөгч Элбэгдорж нь хөлсөө чийхруулаад "Ардчилал” гэдэг чинь зүгээр л "Үйл өрнөл” (оросоор – процесс, англиар - process) юм байна лээ ш дээ, манай сүүлийн 25 жилийн амьдралаа "Ардчилал” гээд бодчих, угаасаа процесс юм чинь мөнх үргэлжлэх зүйл шүү дээ гээд булзаад ярьж суух.

Уг нь "Ардчилал” гэдэг үг бол маш тодорхой ойлголт, 1992 оны "Үндсэн Хууль”-нд тодорхойлогдож, томъёологдож, баталгаажсан нийгмийн зөвшилцөл, хэнбугай ч зөрчих ёсгүй тулгуур зарчимм мөн бөгөөд энэ нь "Үндсэн Хууль”-нд байгаа ард түмний "Сонгох – сонгогдох эрх, дэвших – дэвшигдэх эрх” түүнийг нь үнэн зөвөөр баталгаажуулах эрх зүйн орчин, дагаж бий болох "Монголын Төр” гэсэн нэгдмэл цогц тогтолцоог бүрдүүлэх ухагдахуун юмсан.

Гэтэл "Манан”-гийнхан та бүхний тоглоом чинь сүүлдээ бүр хэрээс хэтэрч ард түмнийхээ хувьд шоглоом боллоо. Ард түмэн нийгмийн сэхээрсэн, оюунлаг хэсгийнхэн та нарын утгыг нь ч өөрсдөө сайн ойлгохгүйгээр, мэдэхгүйгээр мэдэмхийрч учир зүйн (логик) хувьд алдаатай янз бүрийн "Ардчилал” ярьж цэцэрхэдгийг чинь дооглон, шоолон тэссэн бол харин анх 2011 онд батлаж, 2012 онд өөрсдийгөө сонгуульсан, 2015 онд бүр муутган дахиж өөрсдийгөө "сонгуулихаар” шинэчлэн батласан "Сонгуулийн Хууль” чинь "Үндсэн Хууль”-иар ард түмэнд олгогдсон байсан бидний язгуур "Эрх” болох "Сонгох – сонгогдох эрх”-ийг намын нэрээр булаан авч, нам дэвшүүлэх эрхтэй болгосноороо ард түмнээрээ сонгуульдаг, баталгаажуулдаг үүрэг болгон хувиргаж хэлбэр төдий дүр эсгэн оршиж байсан "Ардчилал”-аа булшиллаа та нар. Хуулийнх нь нэр нь хүртэл үүнээ батлах мэт "Сонгуулийн хууль”. Зүй нь бол "Үндсэн хууль”-нд байгаа ард түмний сонгох-сонгогдох эрхийн тухай ойлголтоор "Сонгуулийн хууль” биш, "Сонголтын” эсвэл "Сонгох” хууль гэж нэрлэгдэх ёстой. Жишээ нь "Төрөө сонгох хууль” гээд нэрлэхэд л нэршлээсээ эхлээд ард түмэн эрхтэйгээ мэдрэх, сонголтоо зөв хийх утга, үр дагавартай байх. Үндсэн хуулиар ард түмэн эрхээ эдлэж сонголт хийх ёстой болохоос намууд хүнээ сонгуульдаг, баталгаажуулдаг түүнд нь ард түмэн оролцох үүрэгтэй биш. Харин бүр эсрэгээрээ сонгуульсан бус, сонгогдсон төр нь ард түмнийхээ өмнө сонгогдсон хугацаандаа үүрэг хүлээх ёстой.

Өнөөгийн улс төрчид "Манан”-гийнхан хэрэгтэй үедээ өөрсөддөө тааруулж үндсэн хуулийг тайлбарладгийн тод жишээ нь : Тэдний байнга хэлэх ард түмнээсээ сонгогдсон гэх хэллэг. 2011 онд батласан намууд хүнээ дэвшүүлж тэдэн дундаасаа ард түмнээр сонгуульсан, баталгаажуулсан бүр ноцтой нь үндсэн хуулинд ямар ч хоёрдмол утгагүйгээр баталгаажсан ард түмнийхээ "Хүн сонгох эрх”-ийг "Нам” (жагсаалт) сонгуульсан үүрэг, хүчирхийлэл дахиад л ард түмний сонгох эрхийг үүрэг болгосон эмгэнэл. Сая 2015 оны эцэст нөгөө сонгуулийн хуулиа "Сонгох Хууль” болгон сайжруулахын оронд улам дордуулж "Дүр Эсгэсэн Сонгууль”-ийн хууль болгон батласан увайгүй үйлдэл. Та нар төр түмэн нүдтэйг мэдэхгүй мэдрэхгүй байна уу? Эсвэл нэг өдөр ч гэсэн саарал ордныхоо олбогон дээр заларч байя, болно биз гэсэн хоосон горьдогсод уу?! Үхэхдээ үхэр буугаар буудагсад уу?! Бөхөхийнхөө өмнө бадамлагсад уу?!

Миний хувьд та бүхэн минь нэг эх орон, заяа тавьлантай нэгдмэл байх ёстой монголчууд, агуу түүхт өвгөдийн үрс. Ихэнхийг чинь танина, бараг бүгдийг чинь мэддэг хүний хувьд гол нь хариас шургуулж, удирдаж буй дэглэм, түүнд үйлчилдэг тогтолцооны золиос бид бүгдээрээ болж гэдгийг судлаж, ухаарч, ойлгосон эх орон ард түмэн, үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж, шаналдаг нэгэн тул бид нийтлэг зовлон, бэрхшээлтэйгээ харцгааж эвлэж – эелэж гарах гарц, гаргалгаа хамтдаа хайхын тулд л хандаж буйг ойлгоцгоогоорой. "Дүр Эсгэсэн Сонгууль”-д ард түмнээ оролцуулах гэж бүү үүрэгд!, сонгуулийн хуулиараа далайлгаж, дарамтлаж, хуурч үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх бүү ав!

Маш энгийнээр зүгээр л наад "Дүр Эсгэсэн Сонгууль”-аа үндсэн хуулиа дээдэлсэн, ард түмнээ хүндлэж эрхийг нь баталгаажуулсан "Сонголт Хийх” хууль болгоод засчих, дахиад баталчих. Угаасаа та бүхэн хуучин хуулинд нь байсан хугацааны зохицуулалттай заалтыг сая батлахдаа аваад хаячихсан учраас хуулиа өөрчлөх эрх чинь байгаа. Харин би сая батласан "Сонгуулих хууль”-нд чинь байгаа хар технологийн түмний дэмжих хүмүүсийг шүүх, сонгуулийн хороогоор дэвших боломжийг нь хаасан, техникийн, процессын хувьд яаж ч тоглож болох булхай заль хийх ноцтой заалтуудыг дурьдсангүй шүү. 

Ардчилсан Монголын Ардчилсан Ард Түмэн Ардчилсан Сонгуульд Оролцохдоо сонгуулийн хуудас бөглөх тэр торгон агшиндаа "төрөө сонгох” эрхээ эдэлдэг юм хэмээн олон жил ярьж сурталчилсанаа биелүүлцгээ! Эцэст нь сануулахад 
– Түүх шүүж, Тэнгэр эцэг гэсгээж, Газар эх шийтгэдэг ертөнцийн хууль, хорвоогийн жамыг байнга бодож байцгаагаарай. Ирж буй цагаас хэн ч бултан зайлж чадахгүй шүү. 

Хүндэтгэсэн :
Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү
2016 оны 2 дугаар сарын 19


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen