"Цагаан сараар хүйтний эрч чангарах төлөвтэй байна"
Жил бүрийн Сар шинийн баяраар иргэд хуулийн дагуу шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Энэ жилийн хувьд ч Сар шинийн баярын битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 4-ны даваа гарагт ердийн цагаар ажиллаж, хоёрдугаар сарын 5, 6, 7, 8-ны өдрүүдэд амарна.
Дээрх өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга, доктор Л.Оюунжаргалаас тодрууллаа.
-Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
-Цагаан сарын үеэр, тухайлбал шинийн нэгэнд гайгүй дулаан байх боловч хүчтэй салхитай байхаар байна. Салхитай үед хүний биед мэдрэгдэх температур нэлээн хүйтэн жиндүү байдаг. Тиймээс хөдөө гадаа, морьтой, явган явах хүмүүс цагаан сарын өдрүүдэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Манайхан сүүлийн жилүүдэд архи, дарс хэтрүүлэн хэрэглэх нь харьцангүй гайгүй болсон байна лээ. Тэгэхдээ л халамцуу, архи уусан үедээ хээр хөдөөгүүр битгий хол яваарай, осгож хөлдөхөөс болгоомжлоорой гэж анхааруулъя. Харин шинийн хоёрноос хүйтэрнэ. Нутгийн хойд хэсгээр цасан шуурга, явган шуургатай, бусад нутгаар нэлээн салхи шуургатай байх нь байна.
-Тэгэхээр баярын өдрүүдээр хүйтэн байх нээ?
-Ерөнхийдөө хүйтний эрч дахиад чангарах төлөвтэй байна. Тэгэхээр ер нь цагаан сарын өдрүүдэд хүйтэн жиндүү, салхи шороотой байх нь. Ард иргэд минь анхаарал болгоомжтой байх нь хамгийн чухал. Өнгөрсөн нэгдүгээр сард олон жилийн дунджаас дулаан, цаг агаар тогтвортой байлаа. 28, 29-ны өдрүүдээс эхлээд энд тэндгүй жаахан салхилж, хүйтний эрч чангарлаа. Хоёрдугаар сар эхлэнгүүт, ялангуяа 2, 3-ны өдрөөс ахиад л бүх нутгаар хүйтэрнэ гэх мэтчилэн цаг агаар тогтворгүй болно. Зарим газар олон жилийн дунджаас хүйтэн, зарим газраар дулаан, зарим газар яг дунджийн үзүүлэлттэй ижил байхаар янз бүр харагдаж байна.
ЦУОШХ-ээс гаргасан 2019.02.02-ноос 02.06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 2-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 2, 5-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 4-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.