Цагаан сараар гурав хоног амарна

Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-ны даваа гаригт тохиож байгаа. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий.

Энэ дагуу хоёрдугаар сарын 27, 28, гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд бүх нийтээр амарч, шинийн 4-ний өдөр буюу гуравдугаар сарын 2-ны пүрэв гаригт ажилдаа орох юм. Энэхүү заалтад ямар нэгэн өөрчлөлт орох эсэхийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Энэ жилийн хувьд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Хуульд заасны дагуу гурван өдөр амраад, шинийн 4-нөөс ажлын өдрүүд эхэлнэ” гэсэн хариу өглөө.

Харин "Оюутан, сурагчдын амралтад өөрчлөлт орох уу” гэсэн асуултыг бид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас тодруулахад "Оюутнуудын хувьд цагаан сарын баяртай холбоотойгоор тусгайлсан зохицуулалт байхгүй. Харин хот, хөдөөгийн сурагчид ялгаатай амарна. Хотын хүүхдүүдийн хувьд шинийн 1-3-ны өдрүүдэд амрах бол аймаг, сумын сурагчид цагаан сараар долоо хоног амарна” гэсэн хариу өгсөн байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen