Судлаач Д.Ганхуяг: АТГ-ын тэнэг улс төр

АТГ-ын тэнэг улс төр
У.Хүрэлсүх "төрийн эрх мэдлийг хууль бусаар булаах авах”-аар шийджээ. Ингээд Цагдаад ажилладаг өөрийн дүү болон хамаатан садны хэдэн хүн элсүүлж, өөрийгөө "мөрдөн тагнажээ”. Улмаар "өөрийгөө мөрдөн шалгаж байна” гэсэн цуурхал тарааж, ийм утгатай монтаж эвлүүлэг хийжээ. Үүнийг нь манай "яруу алдарт” Цагдаа мэдэж байж, мөн "яруу алдарт” Тагнуулын Газар мэдэж байж. Тэгээд "чадахгүй” болхоороо хамгийн сүүлд "яруугийн яруу алдарт” Авилгатай тэмцэх Газар шилжүүлжээ. АТГ асуудлыг "нэн хурдан шуурхай” шийдвэрлэж У.Хүрэлсүх "төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авах”-ыг санаархсныг олон нийтэд Хэвлэлийн хурлаар зарлав. Энэ тухайд өөрийн хийсэн анализыг хүргэе:
Бичгийн анализ
Монголын хүчний байгууллагуудын, түүний дотор АТГ-ын бичиг үсгийн чадвар "улаан нойл” гэдгийг бүх монголчууд сайн мэднэ. Ингэхлээр АТГ-ын төлөөлөгчийн уншсан мэдээллийг буюу бичгийг шинжлэх аваас бид маш олон хөгийн зүйл мэдэж болно.
Нэг. АТГ: "Шадар сайд У.Хүрэлсүх зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон.” 
Тайлбар: Энэ бол шал худал. Учир нь АТГ 9 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж байцааж буйгаа өөрөө мэдээлсэн. Хэрэв мөрдөн байцаалт явагдаж байгаа бол уг хэрэг дээр мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна гэсэн үг. Хэрэв хэрэг хийсэн нь "тогтоогдсон” бол АТГ энэ хэргийг Шүүх болон бусад газар руу шилжүүлэх хуультай. Энд АТГ "тогтоож” чадаагүй, "тогтоож амжаагүй” хэргээр олон нийтэд мэдээлэл өгч байгаа нь илт байна. Одоо АТГ-аас "У.Хүрэлсүхийн "хэргийн” мөрдөн байцаалт дууссан уу ?” гэж асуух л үлдэж байна. Хэрэв "дууссан” бол энэ хэргийг шүүх, прокурорт яаралтай шилжүүлэх ёстой, хэрэв "дуусаагүй” бол дундаас нь чалчиж улс төрийн дүгнэлт хийхээ болих хэрэгтэй. "Тэнэгээрээ гайхуулах” ямар ч тохиолдолд утгагүй байдаг.
Хоёр: АТГ: "У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна” 
Тайлбар: Хэрэв "хэргийн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж” байгаа бол АТГ-ын хийх ажил "эхлээгүй” буюу үгүй ядаж л "дуусаагүй” гэсэн хэрэг. Үүнээс өмнөх бүх тохиолдолд АТГ: "энэ хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэж хүйтэн царайлдаг "ёс заншилтай”. Энэ удаад У.Хүрэлсүхийн хэргийг "дундаас нь яаралтай мэдээлэх” шаардлага АТГ-т үүссэн байна. Энэ бол улс төрийн шаардлага болох нь гарцаагүй. АТГ олон нийтийн шаардлагаар л дуртай дургүй мэдээлэл өгдгийг манай ард түмэн мэддэг. Гэтэл энэ удаад АТГ "сайн дураараа”, чингэхдээ бүр олон нийтэд хандан мэдээлэл өгч байгаа нь АТГ "мундаг сайн, шуурхай” болсны шинж гэж биш нь лавтай.
Гурав. АТГ: "Энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх оролцоо тогтоогдоогүй.”
АТГ хадуурч, балайрч байна. Хэрэв хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явагдаж байвал "захиалагчийн” асуудлыг эцэслэн тогтоогоогүй гэсэн хэрэг. Энэ балай тэнэг, илүү өгүүлбэрээрээ АТГ Засгийн Газар, тухайлбал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өмгөөлж хамгаалж байгаагаа илт харуулж, улмаар улс төрийн байгууллага мөн гэдгээ нотолж байна. У.Хүрэлсүхийн "хэрэгт” Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "холбогдолгүй” гэсэн АТГ-ын "үндэслэл” бол бас л улс төрийн зорилгоор хийсэн илүүц, усан тэнэгээ нотолсон үйлдэл мөн.
Дөрөв. АТГ: "У.Хүрэлсүхийн энэ хэрэг нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн.” 
Дөнгөж саяхан "У.Хүрэлсүх зохион байгуулалттайгаар өөрийгөө тагнаж, мөрдүүлсэн нь тогтоогдсон” гэж хэвлэлийн хурлаа сүр дуулиантай эхэлсэн АТГ одоо "шинжтэй байна” гэж дүгнэж байна. Хэрэв АТГ хэргээ дуусгасан бол "шинжтэй нь тогтоогдсон” гэсэн хэллэг хэрэглэх ёстой. Гэтэл АТГ үүний оронд "прокурорт хүсэлт явуулсан” гэсэн балай хэллэгийн ард нуугдаж байна. "Хүсэлтээ прокурорт явуулсан” гэж 2-3 удаа давтаж байгаа нь АТГ худал мэдээлэл зохиосондоо бантаж, прокурорын нэрийг барьж нохойтож байгааг л харуулж байна.
У.Хүрэлсүхийн "өөрийгөө мөрдөж тагнасан” хэрэг яахаараа "төрийн эрхийг хууль бусаар авах” ангилалд орсныг АТГ тайлбарлах ёстой. Мөрдөн байцаалт нь дуусаагүй байгааг АТГ өөрөө хэлчихээд одоо болохоор хэргийн зүйл ангийг нэн тодорхой нэрлэж байгаа нь бас л улс төрийн асуудал болон хувирч байна.
Төрсөн дүү, хамаатан садантайгаа нийлж "төрийн эрх мэдлийг булаан авах”-ыг санаархдаг тэнэг гэж хорвоод байдаг юм уу ?!
Миний мэдэж байгаагаар "төрийн эрх мэдлийг булаан авах” гол арга нь эсвэл нам, эсвэл төрийн байгууллага дахь бүлэглэлийн нууц хуйвалдаан, эсвэл бослого байдаг. Гэтэл АТГ-ын мэдээлэлд нам ч алга, төр ч алга, бүлэглэл ч алга, "бослого” ч алга, харин хэдэн ах дүү, хамаатан садан нь байна. Түүнчлэн АТГ У.Хүрэлсүхийг "цуурхал тараасан” гэж яллаж байгаа. Үнэндээ цуурхал бол хамгийн ил тод, нэн тодорхой арга мөн. Гэхдээ цуурхал мэтийн ил аргаар төрийн эрх мэдэл булаан авах ямар ч боломжгүйг АТГ-ынхнаас өөр ямар ч тэнэг сайн мэднэ.
АТГ-ын "мэдээлэлд” хамгийн энгийн текстологийн анализ хийхэд л тэдний бүх бузар булай, балай тэнэг араншин илт харагдаж, АТГ бол улс төрийн байгууллага мөн гэсэн дүгнэлт гарцаагүй гарч байна. Иймээс би АТГ-ынханд эхлээд алгын чинээ цаас зөв, логиктой бичиж сурчихаад дараа нь улс төрөөр оролд гэж зөвлөж байна. 
Гүтгэж, сүржигнэсэн мэдээлэл хийхдээ хүртэл яаралгүй, тэнэгтэлгүй, хүн үнэмшмээр хийчихэж болохоор байсан ч АТГ-ынхны "боловсрол” дэндүү нимгэджээ. Ер нь цаашдаа АТГ-ын энэ бичгийг (мэдээллийг) хүчний байгууллагын их дээд сургуулиудад "тэнэглэлийн” үлгэр жишээ болгож судлуулах нь зүйд нийцнэ… 
Улс төрийн анализ
Энэ ч ойлгомжтой асуудал. Эдүгээ Монголын улс төрийн тэмцлийн талбар МАНАН-гийн эсрэг хүчин, МАНАН-г хамгаалах хүчний дунд өрнөх болсныг би өмнө тодорхой дурдсан. МАНАН-гийн эсрэг тэмцэл МАН дотор голлон явагдаж, харгис хатуу хэлбэртэй болж байгааг ч дурдсан. Миний дурдсан дурдаагүй үүнийг манай олон түмэн мэдэж байгаа.
МАН доторхи МАНАН-гийн эсрэг хүчин бүрэлдэн төлөвшиж байгаа ба түүний гол удирдагчдын нэг нь У.Хүрэлсүх болоод байгааг бас л бүгд мэдэж байгаа.
"Хуучин толгойнууд” чадвал өөрөө, чадахгүй бол угсаа залгамжлагч нараа шинэчлэл нэрээр гарган ирж, У.Хүрэлсүхийн чармайлтыг саармагжуулж, самууруулж эрх мэдлээ хадгалан үлдэх талаар бодохгүй байна гэж номонд хазгай.” ("Хуучин толгойнууд” бие хайх үед…2017.08.23.)
"МАН-ын шинэчлэл болон шинэчлэгчдийг хатуу ширүүн тэмцэл хүлээж байна. Ялалтын шоо шинэчлэгч залуучуудын талд бууж байгаа боловч хуучин хүчин тэмцэлгүйгээр зайлдаг тохиолдол дэлхийд үгүй.” ("Дэлхийн намууд ба Монголын намууд” 2017.08.16.)
У.Хүрэлсүх рүү дайралт ирэх байсан уу ? гэвэл маргаангүй ирэх байсан. Чингэхдээ намын зүгээс, Засгийн зүгээс л ирвэл ирэх байсан. Ингэвэл улс төрийн жирийн нэг байдаг л өрсөлдөөн болох байсан.
Гэтэл цохилт хүчний байгууллагын зүгээс, чингэхдээ АТГ-ын зүгээс ирнэ гэдэг бол эрх баригч бүлэглэлийн бүхий л арга дуусч, "сүүлчийнхээ сумыг” тавьж байгааг илт харуулж байна. Сүүлийн үед МАНАН-гийн дээд удирдлагын улс төрийн арга "дуусч шавхагдсан” учир хүчний байгууллагуудыг улс төрд татан, шууд оролцуулдаг адгийн, жигшмээр аргад автаад буйг сүүлийн үеийн олон үйл явдал хөдөлбөргүй нотолдог. Энэ бол МАНАН нуран унаж буйгийн баттай шинж мөн. 
АТГ хэмээх "улс төрийн байгууллага”
АТГ-ынхан манайх улс төртэй холбоогүй гэж мэлзэнэ байх. Гэвч бодит баримт, "эд мөрийн баримт” АТГ бол улс төрийн байгууллага мөн гэдгийг хөдөлбөргүй баталж байна.
Ухаандаа МАН Ц.Элбэгдоржийн "удирдлагаар” өөрийн намын гишүүдийг хоморголон шоронд илгээж, тэднийгээ ор тас мартсан баримтууд хуучраагүй байна. Жишээ нь:
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга дэд дарга асан Д.Дондог гэхэд л авилгын хэрэгт холбогдон өөрөө шоронд суухаас гадна араасаа 10 гаруй хүн "чирсэн нь саяхных. Тэр 10 гаруй хүмүүсийн олонхи МАН-ын гишүүд байсан нь мэдээж хэрэг.
Улаанбаатар хотын мэр, хотын намын хорооны дарга, УИХ-ын гишүүн асан, "алимаа” Батбаяр (2,1 жил) болон Нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгтийн (2,6 жил) хэрэг байна. Бас л МАН-ын гишүүн 10 орчим хүнийг араасаа чирчихсэн.
Мөн Орхон аймгийн Ц.Оюунбат, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр болон ИТХ-ын дарга Д.Батсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Архангай аймгийн засаг дарга Ё.Баатарбилэг гээд энэ жагсаалт их урт үргэлжилнэ. Нийт 18 аймгийн засаг дарга гэмт хэрэгт холбогдсон.
Энэ мэтчилэн МАН-ын Бага Хурлын гишүүн, засаг дарга, ИТХ-ын дарга, яам агентлагийн дарга асан 67 хүн гэмт хэрэгт холбогдож, нэлээд нь шоронд ял эдэлсэн. Энэ нь МАН-ын Бага Хурлын нэг удаагийн нийт бүрэлдэхүүний 22 хувь буюу тавны нэгээс илүү шүү дээ.
Эндээс МАН-ыг гэмт хэрэгтний буюу болзошгүй гэмт хэрэгтний нам хэмээн нэрлэх бүрэн үндэслэлтэй. Энд нэр дурдагдсан "шоронгийн тавууд” бол дандаа дунд, жижиг гарууд байсан агаад томчууд нь тэднийгээ АТГ-т барьж өгөөд өөрсдөө "гэм халгүй” үлддэг "ёс заншил” тогтоод олон жил болсон.
Ийм "жижиг” хэргийг манай Цагдаа, Тагнуул, ялангуяа АТГ "хурдан шуурхай” ажиллаж, тухай бүрд нь "илрүүлж” шийтгэдэг, харин том, үнэндээ бол үндэстний эсрэг дуулиант гэмт хэргүүдийг АТГ тухай бүр хаацайлан өнгөрдөг байсан нь бас л хөдөлшгүй баримт юм. Ийм жишээ захаасаа аваад "үй түм”, иймээс хэдхэн том жишээ дурдъя:
С.Баярын 7 байрны хэрэг, оффшорын хэргийг АТГ хаацайлан дарсан нь саяхны явдал. Үүнийг АТГ-ын дарга асан Н.Ганболд: "Бид шалгаад прокурорынхонтой ярьсан. Тэд харин "Наад хэрэг чинь цааш явахгүй юм байна аа” гэж хэлсэн…Материал бол архивт байгаа. Тодорхой нөхцөл байдал үүссэний дараа яаж ч эргэж болно.” Эдүгээ "тодорхой нөхцөл байдал” аль хэдийн үүссэн гэж бодож байна. Гэтэл үүнийг АТГ огт шалгахгүй байгаа нь улс төрийн үндэслэлтэй гэж үзэхээс өөр аргагүй.
АТГ архивын газар биш бөгөөд тэд ямар хэргийг "архивдаа хийх”, ямар хэргийг "архиваасаа гаргаж ирэх” зэрэг нь гарцаагүй улс төрийн шийдлийн асуудал юм. Түүнчлэн АТГ-ын дарга асны дурдсан "тодорхой нөхцөл байдал үүсэх”, "асуудал эргэх” зэрэг "нэр томъёо” нь мөн л улс төрийн шийдвэрээс өөр зүйл биш.
Цаашаа. Ц.Элбэгдорж 2012 онд Оюу Толгой компанийн Brian Marsden гэгчтэй P13271 гэрээ хийж, Brauhaus хотхоноос 7 тоот байрыг 36 сая 369 төгрөгөөр хувьдаа хүлээн авсан хэргийг "Ц.Элбэгдорж Рио Тинтод өөрийн байрыг түрээслүүлсэн” гэсэн шог үндэслэл гаргаж хувиргасан. Энэ чинь л жинхнээсээ АТГ-ын ажил шүү дээ.
"Саус гоби сэндс” компанийн удирдлагууд Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн учруулсан ба үүнд гол үүрэг гүйцэтгэсэн Жастин Каплаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль зөрчин уучилж, үүнд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аван тус болсон нь АТГ-ын шалгах ёстой ажил мөнөөсөө мөн. Гэтэл "яруу алдарт” АТГ үүнийг шалгаагүй, ус балгасан мэт алга болсон…
Цаашаа. Саяхан болсон 60 тэрбумын хэрэг бол яах аргагүй авилга, авилгын сүлжээ үүсгэж, төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авахыг оролдсон буюу булаан авсан гэмт хэрэгт ямар ч маргаангүй багтана. Энэ хэргийг бантан хутгаж, завааруулж, замхруулж хаясан нь АТГ-ын үйл ажиллагаатай шууд холбоотой. Одоо АТГ ажлаа огт хийгээгүй бусармаг явдлаа "хамтарсан ажлын хэсэг байгуулсан” гэдэг ганцхан тэнэг үгээр халхавчилж буй.
Ийм жишээг би "хязгааргүй” үргэлжлүүлж чадах ч энд авсан хэдхэн жишээ АТГ-ыг улс төрийн байгууллага гэдгийг нотлоход хангалттай бөгөөд хүрэлцээтэй юм. Энд би "хэрэг тарьснаар” нь АТГ гэж яриад байгаа болохоос миний дээр хийсэн дүгнэлтүүд Монголын Цагдаа, Тагнуул болон шүүхүүд, ялангуяа Дээд Шүүхэд туйлын их хамаарна гэдгийг онцлон дурдаж байна. 
Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр манай хууль, хүчний байгууллагууд "улс төрийн ажлаа” хэрхэн хийж, яаж шогтож байгааг манай ард түмэн бүгдээрээ харсан, жигшсэн. 
У.Хүрэлсүхийг "шалгах” ажилд АТГ ойролцоогоор 1 сар орчим хугацаа зарцуулж, тэр дор нь "илрүүлж” чаджээ. Гэтэл илт тодорхой баримттай 60 тэрбумын хэргийг шалгахад 2 жил шахам хугацаа зарцуулаад одоо болтол шийдэж чадаагүй байгаагаа АТГ "тайлбарлах” л үлдэж байна.
АТГ 60 тэрбумын хэрэгтэй Ц.Сандуйг яаж ч чадахгүй арчаагаа алдаж байж МАНАН-гийн эсрэг тэмцсэн У.Хүрэлсүхийг "зуух” гэж дайрч байгаа нь МАН болон МАНАН-гийн улс төрийн захиалгаас өөр зүйл биш. АТГ-ын хийсэн У.Хүрэлсүхийн "гэмт хэргийн” тухай мэдээллээс би дараах дүгнэлт хийж байна.
Нэг. АТГ Засгийн Газар огцрох, огцруулах хууль ёсны үйл явцыг албан ёсны мэт цуурхал тараах аргаар зогсоож, төрийн эрх мэдэл нэг хүчнээс нөгөөд Үндсэн Хуулийн дагуу шилжихэд саад учруулан, төрийн эрх мэдлийг булаан авах гэмт хэрэг үйлдэж байна.
Хоёр. АТГ хэдэн жилийн өмнө эрх баригчдын бизнес өрсөлдөгчийн дарамтлан зайлуулах мэтийн "эдийн засгийн” ажил хийдэг байсан бол одоо шат ахиж, "чанаржиж” эрх баригчдын улс төрийн өрсөлдөгчийг гүтгэж, гутаах замаар улс төрийн гэмт хэрэг хийдэг болсон байна.
Гурав. Монголын АТГ бол МАНАН-гийн цөөн эрх мэдэлтний зарц, багаж хэрэгсэл, тэнэг муна мөн.
Дөрөв. АТГ улс төрийн ажилд хутгалдан оролцсоноороо өөрийн байгууллагын болон ажилнуудынхаа нэр төрийг шороотой хутгаж байна.
Тав. Энэхүү АТГ гэсэн улс төрийн байгууллагыг эсвэл татан буулгах, эсвэл удирдах бүрэлдэхүүнийг нь бөөнөөр нь солих зүй ёсны шаардлага үүсч байна.
Үүнээс өөр дүгнэлт АТГ-ын энэ "адал явдлаас” гарахгүй, гарах ч боломжгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn– ээс уншина уу?
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen