Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчид!
Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томилоод буй билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжид "Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зйүлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай.
Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай” гэсэн байгаа юм.
Амаржаргалын Гансүх нь
ТӨХ-ны Хууль эрх зүйн албаны ажилтан
Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал
ТӨХ-ны газрын дарга
Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд
УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээнд онцолжээ.
Сануулахад, А.Гансүх, Х.Баттулга нарыг хэрэгт холбогдуулан шалгаж буйгаа хуулийн байгууллагаас мэдээлж байсан байдаг.
2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улсын Ерөнхий Прокурорын газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, Нийслэлийн прокурорын газрын прокурор Г.Бясман нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тэр үед прокурор Г.Бясман "Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан нь үнэн. А.Гансүх одоогоор эх орондоо байгаа. Харин УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар олимпод оролцох бололцоо, нөхцөлийг нь хангаж хилийн хоригийг нийслэлийн Прокурорын газраас түр цуцалсан” гэх мэдээллийг өгч байсан билээ.
Гэхдээ сүүлийн байдлаарх мэдээллээс харахад шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэж ойлгогдож буй.
За харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба нөгөө нэг бие төлөөлөгч Долгорсүрэнгийн Дагвадоржийг дараах байдлаар танилцуулжээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар
Японы Нагоно мужийн Мацумото Их сургуулийн хүндэт доктор
Сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн
Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж гүүр болсоор ирэв гэсэн байна.
Эх сурвалж: Hunnu.mn