Н.ЗОЛЖАРГАЛ ГАНЦААРАА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ

 
 Н.ЗОЛЖАРГАЛ ГАНЦААРАА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ

Н.Золжаргал ганцаараа хариуцлага хүлээхгүй


Монгол улсын эдийн засгийн өнөөгийн хямралын гол шалтгааныг 2012-2016 онд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын хэрэгжүүлсэн алдаатай бодлого гэх дүгнэлтийг УИХ-ын шинэхэн гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг гаргаад байгаа. Энэ дүгнэлтийнхээ дараа сошлоор Аюулсайхан гэх шинэ цол аваад байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлагадаа хариуцлага хүлээх хүмүүс Н.Золжаргалаар хязгаарлагдахгүй гэж ярьжээ. Тухайлбал, тухайн үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Ц.Баярсайхан нартай холбоотой зөрчлийг ч бас шалгуулна гэж ярьсан байна. Гэхдээ Н.Золжаргал болон эдгээр хүмүүс шалгагдах ёстой бол хуулийн өмнө шүүгдэх ёстой өөр хүмүүс бас байгааг тэр хэлэхээ мартсан байна.


Төв банкийг мөнгөний уламжлалт бус бодлого хэрэгжүүлэхийг үүрэг болгодог газар нь УИХ болон Засгийн газар. Залуухан гишүүдийн санахгүй байгаа саяхны түүхийг эргэн сөхөхөд, МАН, АН, МАХН-ын гишүүдээс тэнцүүхэн бүрдсэн УИХ-аас 2012 онд 57, 2013 онд 62, 2014 онд 34, 69 гэх мэт тогтоолуудыг баталж, ямар бодлого хэрэгжүүлэхийг нь Төв банкинд ҮҮРЭГ болгосон байх юм. Эдгээрийг шүүж үзэхэд иргэдийн өргөн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй арга хэмжээ ав, үнэ тогтворжуулах цогц механизм боловсруулж хэрэгжүүл, Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг аймаг, нийслэлийн түвшинд нам, тогтвортой байлгах арга хэмжээ ав, Хөтөлбөрийг зах зээлийн зарчимд шилжүүлэх замаар иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болго гэх мэтээр үүрэг чиглэл өгч байсан аж. Тэгэхээр анхдаг нь Н.Золжаргал биш байх нь.


Анхдагчидтай танилцъя


Шалгагдах шаардлагатай хүмүүсийн жагсаалтын тэргүүнд УИХ-аас Монголбанкийг шалгахаар байгуулсан ажлын хэсгийн гишүүн, 2012-2016 онд Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Даваасүрэн бичигдэнэ. Учир нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр яригдаж эхэлсэн 2012 оноос л тэр Төв банкийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан УЛАМЖЛАЛТ БУС бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж шаардаж байв. Цаашлаад 2012 оны 10-р сарын 4-нд "Төрөөс 2013 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөл”-ийг УИХ, Байнгын хороодоор хэлэлцүүлж байхад бага хүүтэй зээл эдийн засагт агаар, ус мэт хэрэгтэй байгааг хэлж, шаардаж байсан хүн бол тэр.


Мөн тухайн үед Н.Золжаргалын тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн буруутай эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ нас залуу, цус шингэн намын нөхөр нь хэвлэлд ярьчихсан. Төв банкны хуулийн дагуу төв банкны үйл ажиллагааны хяналт шалгалтыг хариуцаж байсны хувьд буруудахгүй байх нөхцөл үгүй. Мөн МАХН-ын ханхүү Э.Батшугар төв банкны дэд ерөнхийлөгч байсны хувьд бас л буруудаж таарна. 2012-2016 онд Н.Золжаргалыг "эдийн засгийг нураах хорон” бодлогоо хэрэгжүүлж байхад  гар хөл нь болж байсан хэлтсийн дарга нар өнөөдөр газрын захирал болчихсон. Тэднийг юуны төлөө ийнхүү албан тушаалаар "шагнасан” нь хачирхалтай.


Мэдээж ЗГ, Монголбанкнаас төсөл оруулж ирж, байнгын хороогоор хэлэлцүүлсэн ч УИХ-аар батлагдаагүй бол хэрэгжих боломжгүй. Харин дээр дурдсан хуулийн төслүүд, тогтоолуудыг УИХ-ын гишүүдийн олонхоор баталсан учраас бодит ажил хэрэг болсон. Энэ хөтөлбөрийг УИХ-ын даалгавар, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлсэн дөрвөн жилд МАН, АН, МАХН хамтарч засаг барьж байсан нь худлаа биш. Тэгэхээр өөрийнхөө болон өрөөлийн кнопыг дарсан УИХ-ын гишүүд бултаараа буруудаж таарах нь.


Үүнээс хойш юу болсон бэ гэвэл УИХ-аас тогтоол батлагдаж, үүрэг өгөгдөсний дагуу ЗГ, Монголбанк харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, энэ хүрээнд үнэ тогворжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Энэ санамж бичгийг байгуулахад засгийн газрыг төлөөлж тухайн үеийн сангийн яам ажилласан. АН-ын гэгдэж байгаа он жилүүдэд сангийн бодлогыг барьж байсан Сангийн сайд өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд гэх хүндтэй алдрыг хүртсэн. Тухайн үеийн сангийн дэд сайд нь Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн байсан С.Пүрэв.


Эдгээр хөтөлбөрийн ачаар хоосон хоноогүй олон мянган гэр бүл, ажлын байртайгаа үлдсэн 180 мянган албан хаагч, орон сууцтай болсон 80 мянган өрх хөтөлбөрүүдийн үр дүнг мэдэж байгаа учраас энд нурших юун. Харин хэрвээ эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь буруу гэж үзэж байгаа бол Аюулсайханы луйвар гэж нэрлээд буй энэ "гавъяа” ганц Н.Золжаргалынх бус, нэр дурдагдсан олон хүний хамтын бүтээл гэдгийг ойлгох хэрэгтэй. 

  

Энэ хөтөлбөрүүд буруу гэж үзвэл энэ бүх хүнээс өнөөдөр хариуцлага нэхэх ёстой.


А.Амар http://hardnews.mn/15690.html


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen