80 мянган айлын амьдралыг УЛСТӨРЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮҮ
Төв банкны хараат бус байдал, тус банкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхт байдлыг үл тоон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль угтаж хийсэн Монголбанкны хяналт шалгалт нийгмийн анхаарлаас нэг хэсэгтээ л салахгүй нь бололтой. Т.Аюурсайхан нарын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтийг МАН-ын бүлэг хаалттай хэлэлцэж, намын гишүүдийнхээ өр төлбөрийг хасаж орхиод оруулж ирсэн нь илэрч, түмний шившиг болж буй.
Нөгөөтээгүүр, энэхүү шалгалт эдийн засгийн тооцоолол, бодит тоон баримтад тулгуурлаагүй гэдэг нь ч хэдийнээ ил болжээ. Парламентад суудалтай улс төрийн намуудаас нэгийг нь ч оруулаагүй, дан ганц МАН-ын бүлгийн шинэхэн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтийг олж уншсан ч ойлгох ухаан хүрсэнгүй. Хяналт шалгалт зөвхөн нэг талыг барих учиргүй.
Үнэхээр л бодлогын шалгалт хийх гэж байгаа бол бодит үр дүн юу байсан, байгаа оносон ажил нь юу болох, цаашлаад алдсан алдаа байгаа бол түүнийг хэрхэн сайжруулах, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засагт гарсан эерэг өөрчлөлт юу байсныг нэг бүрчлэн шалгах учиртай юм. Тэр ч байтугай хэрэгжүүлж байсан хүнийг нь дуудаж ирүүлээд, эс бөгөөс тэр үед засгийн эрхийг барьж байсан улс төрийн намаас ажлын хэсэгт төлөөлөл оруулах учиртай ч тийм зүйл болсонгүй.
Дүгнэлтээс зөвхөн АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг муухай харагдуулах гэсэн, АН-ын хийсэн сайхан бүхнийг баллуурдах гэсэн улс төрийн сөрөг пиар үнэртэж байсныг нуух юун.
Засгийн газар, УИХ-аар баталсан хөтөлбөрийг Монголбанк яагаад хэрэгжүүлэх болсон, ямар үр дүн гарсныг бус зөвхөн хүүгийн алдагдлыг бодит хохирол хэмээн тооцсон, арилжааны банкнуудын олгосон зээлийг Төв банк олгосон мэтээр нийгэмд ойлгуулах, зээл авсан аж ахуйн нэгжүүдийн 98 хувь нь эргэн төлснийг тоочихгүй атлаа цөөхөн зээлээ төлж яваа хэдхэн аж ахуйн нэгжийг онцлон нэр цохож, хүүгийн алдагдлыг АН-ын Засгийн газрын хоёр гурван сайд, Монголбанкны өмнөх Ерөнхийлөгч идэж уусан мэтээр харлуулах гэсэн ядмагхан дүгнэлттэй МАН-ын гишүүдээс бусад нь санал нийлэхгүй нь гачлантай.
Инфляц хурдацтай өссөн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны жижиглэнгийн үнэ сардаа л 200 төгрөгөөр нэмэгдэж, валютын ханш огцом хэлбэлзэж, эдийн засаг ёроолдоо хүртэл унаж байсан тухайн цаг үед үүнээс өөр гарц байгаагүйг олон ч эдийн засагчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тэлсэн эдийн засгийг хумих гарц үүнээс өөр байхгүй гэдгийг МАН-ын улстөрчид ч хүлээн зөвшөөрч байсныг худлаа гэж хэлэхгүй биз ээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, УИХ-аар хэлэлцэх үед МАН-ын /25 гишүүнтэй байсан/ олон гишүүд дэмжиж кноп дарж байлаа.
УИХ, Засгийн газрын даалгавраар, УИХ-аас баталж өгсөн уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хамгийн чухал үр дүн нь намайг бас чамайг байртай болгосон явдал гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Гэр хорооллын янданг 80 мянгаар бууруулж, цалингаас өөр орлогогүй миний амьдралд өөрчлөлт авч ирсэн нь энэхүү хөтөлбөрийн хамгийн том амжилт.
Чин үнэнийг хэлэхэд, дөрөвхөн жилийн өмнө ам дөрвөлжин хашаанд тоосгон байшинд амьдарч, өвөлдөө нүүрсний утаатай, зундаа жорлонгийн эхүүн үнэртэй зууралдаж явлаа.Тэр үед АН-ын Засгийн газар Төв банканд үүрэг чиглэл өгч орон сууцын ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж билээ. Дундаж орлоготой иргэдээ дэмжих зорилго бүхий энэхүү хөтөлбөрийн хүрээнд орон сууцын зээлийг найман хувийн хүүтэйгээр олгож эхэлснээр бохиртой зууралдах борогхон амьдралдаа баяртай гэж хэлснээ хэнээс нуух билээ.
Үүнийг дагаад олон олон аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босож чадсан. Барилга барьдаг олон зуун компани, барилгын материал зардаг олон зуун иргэн, аж ахуйн нэгж хөл дээрээ бат зогсож чадсан билээ. Түүнчлэн, цалингаас өөр бодит орлогогүй над шиг олон залуус орон байртай болж, зорилготой амьдарч байгааг үгүйсгэх тэнэг хүн гарахгүй гэж найдъя. Гэр хорооллын амьдралдаа дасан зохицож, олсон цалингаа үр дүнгүй шахам үрж байсан 80 мянган залуу өнөөдөр шал өөр зорилготой болжээ.
Шоу цэнгээн, зоогийн газар, амралт аялалд үрэх гэхээс илүүтэй өглөө гарахдаа байрны зээлээ төлөх ёстой гэсэн нэгэн том зорилготой болсон нь худлаа биш. Бааранд үрдэг нэг ширхэг пивоны мөнгөөрөө байрны цахилгаанаа төлөх амьдралын зорилго бий болгож чадсан учраас 2012-2016 онд хэрэгжсэн хөтөлбөрт буруу өгч чадахгүй нь. Урьдчилгаа цуглуулах чадваргүй нь түрээсээр ч болов орон сууцад орж чадсанаар гэр хорооллын яндан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй мянгаар хорогдсоныг хэн ч онцолсонгүй.
Тэр тусмаа ажлын хэсгийн дүгнэлтэд энэ тухай А үсэг ч алга. Н.Золжаргал нарын идсэн уусан гэх гурван их наяд төгрөгийн дийлэнх нь дундаж орлоготой иргэдээ дэмжих, тэдний амьдралын баталгааг хангахад чиглэсэн гэдгийг МАН-ынхан харамсалтай нь нэг ч удаа ярьсангүй. Дундаж орлоготой иргэдээ дэмжих төрийн зөв бодлогын нэг нь орон сууцын зээл байдаг. Орон байртай болсон иргэдийн хөдөлмөрлөх, мөнгөө хураах, ажлын бүтээмж нэмэгдэж, үүнийг дагаад эдийн засагт эерэг өөрчлөлт ирдэг нь зах зээлийн хууль. Айл өрх орлогынхоо 45 хувийг хуримтлалд төлж байгаа учраас эрэлтийн инфляцыг устгахад ипотекийн хөтөлбөр зайлшгүй чухал.
Ипотекийн тогтолцоогүйгээр инфляц хэзээ ч нам дор байдаггүй. Ипотекийн зээлд хамрагдсан өрхийн тоо олон байх тусам инфляц улам нам, тогтвортой болдог. Инфляц нам байвал дунд болон урт хугацаанд зээлийн хүү буурч, эдийн засаг тэлнэ гэх мэтээр бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой. Тэр ч байтугай гэр хорооллын яндан буурахын хэрээр улиг болтол ярьсан утаа багасаж, үүнийг дагаад эрүүл мэндийн салбарын ачаалал хөнгөрөх гэх мэтээр нийгмийн ач холбогдол ч их байгаа юм. Харамсалтай нь ажлын хэсэг үүнийг олж харсангүй, онцолж ярьсангүй.
Хэрвээ хүүгийн алдагдлыг нөхөх ёстой гэвэл ипотекийн зээлээр байртай болсон би, чи, та, бид бүгд байраа алдахад хүрнэ. Алдагдлыг гэрээлэгч этгээд л төлөх учиртай болохоос хэрэгжүүлсэн дарга, хэрэгжүүлэх чиглэл өгсөн УИХ, Засгийн газар төлөхгүй. Тиймдээ ч өнгөрсөн дөрвөн жилд үр ашгийг нь хүртсэн иргэн бүхэн Монгол Улсад өртэй болох вий дээ. Найман хувийн хүүтэй зээлээ 15-20 хувь болгож, "Сайн” малчин хөтөлбөрт хамрагдсан 50 мянган малчнаас МАН-ынхан өр нэхэх бололтой, энэ байдлаараа.
Дэлхий дахинд хэрэгжиж ирсэн ипотекийн зээлийг хэрэгжүүлсэн төрийн бодлого буруу гэж үзэж байгаа бол иргэдээ байртай болгох талаар ирэх дөрвөн жилд юу ч хийхгүй нь тодорхой юм байна. Нийгэм эдийн засгийн амьдралд бодит үр дүнгээ өгсөн хөтөлбөрийг буруу гэж үзэж байгаа бол дараагийн дөрвөн жилд зөвхөн гаднын зээл, буцалтгүй тусламжид найдсаар дуусах нь ээ. Улсынхаа эдийн засгаар туг тахих ийм ноцтой асуудлыг улстөржүүлж суугаа тэднээс зөв бодлого, зөв санаачилга хүлээх хэрэггүй бололтой.
Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ, Б.ЭРХЭС