Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ
Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Майн ам”, “Монгол алт” зэрэг газарт гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийжээ.
Хяналт шалгалтаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13 экскаватор, усан буу 6, Зил-131 автомашин 5, Норд бенц маркийн ачааны автомашин 1-ийг битүүмжилж, экологи, эдийн засагт учирсан хохирлын үнэлгээг хийлгүүлжээ. Түүнчлэн хууль бусаар газрын хэвлийд халдахаар нууж байршуулсан техник, бартаа саадтай ууланд нуусан хүнд даацын экскаватор тавыг олж тогтоон, цагдаагийн байгууллагад татан байршуулсан байна.
Мөн дээрх этгээдүүдтэй гэмт хэрэг хамтран үйлдсэн, хууль бусаар олборлосон алтыг худалдан авч, санхүүжүүлж байсан Я.Э-ийн гэрт Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлөөр нэгжлэг хийж 819.5 грамм алт, 65 килограмм цагаан мөнгө, бэлнээр 60 сая төгрөг, бичиг баримтгүй галт зэвсэг хоёрыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг хийж байна.
Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлж, 34 этгээдийн холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.