Дэд сайдын суудалд заларсан Б.Батцэцэг тендерийн “мангас” болжээ
Гадаад хэргийн дэд сайд Б.Батцэцэгийг "Мөнхийг үсэг”-ийн Батцэцэг гэдгээр нь олон нийт илүүтэй танина. Хэвлэлийн хуудаснаа "Мөнхийн үсэг” компаниараа овоглосоор ирсэн Б.Батцэцэг олон жил намдаа үнэнч явсаныхаа хариуд дэд сайдын суудалд лавхан тухласан. Түүний "Мөнхийн үсэг” компанийг МАН-ын компани хэмээн учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ.
Тэгвэл энэ яриа оргүй зүйл биш гэдгийг зарим эх сурвалжууд баталж байна. Тодруулбал Дэд сайдын суудалд суусан Б.Батцэцэгийн "МӨНХИЙН ҮСЭГ” компани шинээр зарлагдсан бүх тендерийг хамж байгаа тухай сураг дуулдах болов.
Ёстой л албан тушаал хүнийг хэрхэн өөрчилдөгийг Б.Батцэцэгээс харж болохоор харагдаж байгаа аж. Тэрбээр Б.Батцэцэг сайд 10 гаруй тендерийг өөрийн компани дээрээ зохицуулж чадсан байх юм.
Түүний авсан тендерүүдийг жагсаавал: ЕБС-ын энэ жилийн сурах бичгүүдийг хэвлэх тендер, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны мал сүрэг, ой модны чиглэлээр олгодог бүх гэрчилгээг хэвлэх тендер, Улсын бүртгэлийн ерөнхий газрын NRSO-01, NRSO-03 тоот тендер, Зам тээврийн яамны "Бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээний тендер” , Цагдаагийн ерөнхий газрын төрөл бүрийн торгууль, шийтгэлийн баримт хэвлэх тендер, гэхчлэн цаашаа хөвөрнө.
Дээрх тендерүүдэд дурдагдсан Зам тээврийн яамны "Бүх тээврийн хэрэгслийн гэрчилгээний тендер”-ийг 2014 оноос хойш тасралтгүй авч байгаа гэдэг юм билээ. Мөн үүнээс гадна шууд дархан эрхтэйгээр олгосон тендерүүд ч байгаа гэх.
Тэрбээр Архи, тамхины онцгой албан татварын лац хэвлэх онцгой эрх (мөнгөн дэвсгэртээс дутахааргүй Монголд хамгийн ашигтай хэвлэлийн бүтээгдэхүүн) мөн түүнд олгожээ. Энэ мэт хэд хэдэн тендерийг булаан авч чадсан Б.Батцэцэг хатагтайг орчин үеийн "алтан загасны эмгэн”, тендерийн "мангас” зэргээр нэрийдэх болжээ.
Дэд сайд Б.Батцэцэгийн тухайд 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тус албанд томилогдсон. 1996-2005 онд "Мөнхийн Үсэг” ХХК-ийн захиралаар ажилласан түүнийг өнгөрсөн хугацаанд чамгүй хөрөнгөжиж амжсан бэл бэнчинтэй нэгэн гэдэг.
Тэгвэл шуналд хязгааргүй гэдэг шиг Б.Батцэцэг хатагтай сайдын суудалд заларсных сүүлийн үеийн томоохон тендерүүдийг ийнхүү алгасалгүй хамж эхэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: FACT.MN