Сирийн эвлэрэлд батлан даагч болсон орнууд аюулгүй бүс байгуулах тохиролцоонд хүрлээ
Сирийн зохицуулалтад батлан даагч болсон Орос, Турк, Иран улс Астана хотноо болсон Сирийн асуудлаарх яриа хэлэлцээний үеэр Арабын энэ бүгд найрамдах улсад хүчирхийллийг шатлан өргөжүүлэхээс сэргийлэх аюулгүй бүс байгуулах тухай меморандумд гарын үсэг зурлаа.
Казахстаны Гадаад хэргийн сайд Кайрат Абдрахманов энэ тухай мэдээллээ. "Сүүлийн хоёр хоногт Астанагийн яриа хэлэлцээнд оролцогчид гал зогсоох болон байлдааны ажиллагааг зогсоох дэглэм хэрхэн хэрэгжиж байгаад дүгнэлт хийж, батлан даагч орнууд Арабын бүгд найрамдах Сири улсад аюулгүйн бүс байгуулах тухай тохиролцоонд гарын үсэг зурлаа” гэж Казахстаны сайд хэллээ.
Тохиролцоонд Оросын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сирийн зохицуулалтын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Александр Лаврентьев, Туркийн талаас тус улсын Гадаад хэргийн сайдын Ойрхи Дорнод, Африкийн асуудал эрхэлсэн орлогч Седат Онал, Ираны талаас Ираны Гадаад хэргийн сайдын Араб-Африкийн орнуудын асуудал эрхэлсэн орлогч Хосейн Жабери Ансари нар гарын үсэг зуржээ.
Аюулгүй бүс байгуулах асуудал ер нь аль эртнээс яригдаж байсан. Ингэж чадсанаар Сирийн аядуу бодлого баримтлагч сөрөг хүчнийг террорист бүлгүүдээс ялган зааглах боломжтой болно. Мөн Сирийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг аливаа саад тотгоргүй хүргэх асуудалд ч гэсэн бас хэрэгтэй гэдгийг сая ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотноо Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзахдаа хэлж байсан.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Астанагийн тохиролцоог нааштайгаар хүлээн авч, ингэснээр Сирийн ард иргэдийн нөхцөл байдлыг бодитойгоор сайжруулах боломж бий боллоо хэмээн үзэж байна. "Одоо хамгийн гол нь энэ тохиролцоог ажил хэрэг болгох хэрэгтэй. Ингэж чадах тохиолдолд аюулгүй бүсэд бүх төрлийн зэвсэг, тэр дотор нисэх хүчин ашиглахаас бүрэн татгалзаж, энгийн номхон ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэж, эмнэлгийн болон шаардлагатай бүх тусламж үзүүлэх боломж үнэхээр л бий болно” гэж Антониу Гутерриш мэдэгдлээ.
Эхний ээлжинд аюулгүй бүс байгуулах тохиролцоо зургаан сарын хугацаанд хүчинтэй. Цаашид автоматаар мөн ийм хугацаагаар сунгах бүрэн боломжтой юм байна.