Мөнхийн хоёр хөрш минь манайд мөн ч их хатуурхаж байна даа

Мөнхийн хоёр хөрш минь манайд мөн ч их хатуурхаж байна даа

 

-САВ Л ХИЙВЭЛ ХОЁР ХӨРШ “ХИЛЭЭ ХААНА, ТОГ ЦАХИЛГААНАА ХЯЗГААРЛАНА, ШАТАХУУН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ЗОГСООНО” ГЭЭД БИДНИЙГ САНДАРГАХ БОЛЛОО-.
 
           Монголчуудад Орос, Хятад хоёрыг муулах эрх байхгүй. Хэдий бид тусгаар тогтнолоо зарласан тусгаар улс гэж байгаа ч гадаад бодлого, хамтын ажиллагаа, экспорт, импортын хувьд хоёр хөршөөсөө мөнхийн хараат байгаа нь одоогийн бодит үнэн. Хэрвээ манайхан Ороc, Хятадыг муулвал сайнаа үзэхгүй гэдгийг мэдэж байгаа.  Гэтэл сүүлийн хоёр жил мөнхийн хоёр хөршийнх нь харилцаа улам бүр “хүйтэрч” монголчуудыг хоёр талаас нь шахан хавчиж байгаа нь ажиглагдах боллоо. Одоогийн нөхцөл байдалд бид буруу хазгай гишгэвэл л байдал буруугаар эргэж, эдийн засгийн ч хувьд, иргэдийн аж байдлын хувьд ч амаргүй нөхцөлд унаж мэднэ.
 
          Үндсэндээ Орос, Хятад хоёр бодлогын хувьд нэгдэж, харилцаа нь сайжраад ирэхээрээ Монгол Улсыг шахан хавчдаг бичигдээгүй хууль энэ олон жилийн хугацаанд үйлчилж ирэв. Сүүлийн үед том гүрнүүдийн харилцаа сайжирч монголчууд үүний хоморгод өртөөд тун чиг амаргүй байна. Сав л хийвэл хоёр хөрш “Хилаа хаана, тог цахилгаанаа хязгаарлана, шатахуун үйлдвэрлэлээ зогсооно” гээд манайхныг мөн ч их сандаргаж байна даа. Харамсалтай нь, энэ байдалд нь ч манай өнөөгийн улстөрчид дэндүү жижигдэж, гарын аясаар нь хөдөлж байгаад тэднийг улам бүр гааруулж орхилоо. Үгүй ээ ядаж эр хүний арван гурван мэхээ хэрэглээд хоёр хөршөө аргадаж, тайтгаруулах ухаан ч алга.
 
          Үндсэндээ Орос, Хятад хоёр бодлогын хувьд нэгдэж, харилцаа нь сайжраад ирэхээрээ Монгол Улсыг шахан хавчдаг бичигдээгүй хууль энэ олон жилийн хугацаанд үйлчилж ирэв.
     Хөрш орнуудаас төлөөлөгчид ирэхээрээ монголчуудаар дайлуулж, цайлуулж, төрийн томчуудыг жижгэрүүлж байгаад явдаг бол эсрэгээрээ манайхан хөрш орнуудад айлчлал хийвэл гуйж, гувшиж, өр зээл тавиад ирдэг нь нууц биш юм. Иймдээ ч хоёр хөрш нь манайхыг сүүлийн жилүүдэд улам бүр үл тоож, эдийн засгаар нь боож эхэллээ. Үндсэндээ бол тэдэнд манай улсыг гуравдагч хөрштэй ойртуулахгүй эдийн засаг, гадаад бодлогын хувьд мөнхийн хараат байлгах сонирхол бий. Гуравдагч хөрштэй гүнзгий харилцаатай болох вий гэдгээс айсандаа монголчуудыг аргаддаг байсан бол одоо айлган сүрдүүлэх ажиллагаанд орчихсон гэхэд хилсдэхгүй.
 

         Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай гадаад харилцаа улам хүчгүйдэж, өнөөдөр хил нь хаалттай, эдийн засгийн хараат байдалд амь наанаа, там цаанаа арай ядан хоногийн хоолоо залгуулж сууна. Яг үнэндээ манай томчууд л “Урд хөршид халдвар тараад байдал амаргүй байгаа. Дэлхий олон улс манайх шиг хилийн хоригтой байгаа” хэмээн ам уралдан ярьж байгаа ч коронавирусийн халдвар өмнөх хоёр жилтэй харьцуулахад намдаж, дэлхийн олон орон амны хаалтаа тайлж эхэлсэнтэй. БНХАУ-ын хувьд халдвар хамгааллын дэглэмээ сахиж байгаа ч гадаад харилцаа хамтын ажиллагааны хувьд харьцангуй нээлттэй байгаа. Үндсэндээ бол манайхтай харилцаагаа сайжруулж, эдийн засгийг нь нээх сонирхолгүй байгаа гэсэн үг. 

 
           ОХУ-ын хувьд ч гэсэн Монгол Улсыг эдийн засгийн хараат байлгах сонирхол нь давамгайлж, Урианы нөхцөл байдлаар далимдуулан хатуухан сануулга мэр сэр явуулсаар байгаа нь нууц биш юм. Ямар сайндаа л Үндэсний өргөн нэвтрүүлгийн телевизүүдээрээ манай руу чиглэсэн “чулуу нүүлгэж”, гадаад харилцааны хувьд анхааруулга өгч байх билээ. Энэ талаар өчигдөр манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол Улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй. Тэр талаар яриа хэлэлцэл огт хийгдээгүй. Хардах эрх хэнд ч бий. Ялангуяа цар тахлын үед бүхий л улс оронд вирустэй холбоотой хамтын ажиллагаанууд идэвхэжсэн. Монгол Улсын гадаад бодлого маш нээлттэй, зарчмаа ч баримталж ажилладаг. ОХУ-ын асуудлыг гаргаж ирж байгаа хүмүүст, зохих шинжилгээ дүгнэлт хийдэг байгууллагууд, хардаж байгаа хүмүүст үйл ажиллагаагаа танилцуулахад хэзээд бэлэн, нээлттэй байна.  Энэ өдрүүдэд гаднын төсөл хөтөлбөрийн судалгааг нарийвчилж гаргах, хардаж болох үйл ажиллагааг нягталсан ба Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд сонсгол хийх үүргийг Ерөнхийлөгч өгсөн.
 
      Монгол Улсад биологийг зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй гэсэн үндэслэлийг сая хуралд танилцууллаа. Зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш хэвлэлийн дайн ч эрчимтэй байна. Маш олон хардалтууд гарч ирсэн. Янз бүрийн буруу ташаа мэдээллийг албаар өөрсдийн эрх ашигт нийцүүлэн дурын хүн илэрхийлж болж байна. Хардах эрх бүгдэд бий. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй улс. Үүнийг ашиглаж иргэдийн бухимдлыг төрүүлэх, найрсаг харилцаатай хөрштэй нь хагалж бутаргах, ийм хардалт зөвхөн энэ сэдвээр биш бүхий л сэдвээр гардаг” хэмээн мэдэгдэв.
 
   "Ах, дүү" улсуудын найрамдалт харилцаа ийн алсарч, мөнхийн хоёр хөрш минь мөн ч их хатуурхаж байна. Хөрш орнуудын найрсаг харилцаагаа засаж, залруулж, сайжруулах ажлыг шуурхайлахгүй бол манай улсын эдийн засаг, Үндэсний аюулгүй байдал элгээрээ хэвтэх нь ээ дарга нар аа.
https://ergelt.mn/news/43/single/20364
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen