Ц.Элбэгдорж: Х.Баттулга Ерөнхийлөгч өө !!! Монголыг минь тайван байлга. ШХАБ-ын бодлогоо зогсоо
Монгол улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж ШХАБ-д байгаа Монгол улсын байр суурийг нэмэгдүүлэх эсэх асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр "ШХАБ-д гишүүнээр орсон Монгол улс хөгжихгүй. Харин ч хөгжил нь, гадаад харилцаа нь хумигдана. Тиймээс ажиглагчийн статусаа хэвээр хадгалах хэрэгтэй" гэв. Түүний хэлсэн санааг онцлон хүргэе.
Сүүлийн үед энэ тухай олон хүн, янз бүрээр ярьж байна. Монгол улс ШХАБ-д элсэх хэрэггүй. Манай улс ажиглагч хэвээр байх ёстой. 2015 оны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан. Энэ одоо ч хүчинтэй байгаа.
Монгол улс эвсэлд үл нэгдэх, төвийг сахисан, нээлттэй бодлоготой байна гэсэн шийдвэрийг гаргаж, хоёр хөршийн төрийн тэргүүн нарт ч хэлж байсан. Тэдний зүгээс таны улсын саналыг бид хүндэтгэн үзнэ гэсэн. Мөн НҮБ-д ч танилцуулсан.
Олон нийт гайхаж байна. Өмнөх шийдвэрүүд хүчингүй болсон уу гэж, асууж байна. Төвийг сахих бодлого 1921 он, 1990 онд яригдаж байсан асуудал. Энэ бодлогыг бид 2015 он баталгаажуулсан.
Төвийг сахих бодлого бол хэн нэгнийг дагах, эрхшээлд орох боломжгүй юм. Олон улстай нээлттэй, чөлөөтэй харилцах боломжтой. Бид гэртээ, өөрийнхөө дүрмийг дагана. Монголоос гараад дэлхийтэй харьцах юм бол НҮБ-д элссэн бодлогоо л дагана.
Х.Баттулга Ерөнхийлөгч өө "Та монголын энэ чөлөөтэй, олон улстай адил тэгш харилцах бодлогыг оролдоод хэрэггүй. УИХ энэ ШХАБ-д элсэх асуудлаар битгий бодлого гаргаарай. Өмнөх бодлогоо л хэрэгжүүлж түүнийгээ дага.
Ард түмэндээ хандаж хэлье. ШХАБ-д элсэх тухай хэн яриав, хэн нь гарын үсэг зурах гээд байна. Та бүхэн түүнийг болиул. Та тусгаар тогтнолтойгоо байя гэж бодож байгаа бол ШХАБ-д элсэх хэрэггүй. Монголчууд өөрийн гэсэн бодлоготой, эрх чөлөөтэй, хуультай, бие даасан улс. Энэ бол ШХАБ- гүй бүтсэн түүх. Хоёр улсынхаа хөршид илүү, бат бөх орших нь чухал.
Бид Монголын өмнөөс, монгол хүний өмнөөс ярих ёстой. Бид ажиглагч хэвээрээ байх л хэрэгтэй. Энэ харилцааг нэмэгдүүлж, өөрчлөх гэж оролдсоны хэрэггүй" гэлээ.