ШХАБ ТОЙРСОН ЭРГЭЛЗЭЭ

ШХАБ ТОЙРСОН ЭРГЭЛЗЭЭ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна” гэж мэдэгдсэн. Үүнээс үүдэн  ШХАБ олон нийтийн анхаарал татсан сэдвийн нэг болов. Энэ өдрүүдэд ШХАБ-д элсэнэ элсэхгүй, элсэх шаардлагатай, шаардлагагүй гэх үзэл бодлын “дайн” дэгдэж байна. ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх асуудлаар улстөрчид, судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлэх ч байгаа ч энэ нь сүүлдээ энэ асуудал хэт улстөржүүлсэн өнгө аястай болчихлоо. 

ШХАБ-ын тухай 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага 1996 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ, ОХУ, Казакстан, Киргизстан, Тажикистан улсын төрийн тэргүүн нар “Хил орчмын нутагт цэргийн итгэлцлийг бэхжүүлэх тухай” гэрээнд гарын үсэг зурснаар “Шанхайн тав” бүлгэм үүсэн байгуулагдсан. 
ШХАБ нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм. ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн зөвлөл нь тус байгууллагын шийдвэр гаргагч гол бүтэц юм. Уг зөвлөл нь ШХАБ-ын гишүүн орнуудынхаа нийслэл хотод жил бүр ээлжлэн зохион байгуулдаг уулзалтын үеэр хуралддаг. ШХАБ-ын орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн одоогийн гишүүд: Алмазбек Атамбаев /Киргизстан/, Эмомали Ракмон /Тажикистан/, Шавкат Мирзаяёев /Узбекистан/, Ши Жиньпин /БНХАУ/, Нурсултан Назарбаев /Казакстан/, Владимир Путин /ОХУ/, Рам Нат Ковинд /БНЭУ/, Мамнун Хуссейн /Пакистан/.

Монгол Улсын хувьд ШХАБ-ын ажиглагч орнуудын нэг. Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статусыг 2004 онд Ташкент хотод болсон уулзалтын үеэр авсан бөгөөд тус байгууллагын анхны ажиглагч орон юм. Ажиглагчийн статус гэхлээр тодорхой асуудал хэлэлцэж байгаа ажлын хэсэг, хороодод ажил хэрэгчээр оролцох бололцоогүй.  

Харин сүүлийн үед ШХАБ-д Монгол Улс элсэн орох шаардлагатай эсэх талаар судлаач, нийтлэлчид янз бүрийн байр суурь илэрхийлээд байгаа юм. Ямар ч байсан Монгол Улс ШХАБ-ын хуралдаанд жил бүр идэвхтэй оролцсоор ирсэн юм. 

Нийтлэлч Б.Баабар “Гишүүнээр элсэж үүрэг хүлээж байснаас ажиглагчийн статустайгаар, түүнийгээ “идэвхтэй” гэсэн тодотголтойгоор цэргийн бус бүхий л ажиллагаанд нь идэвхтэй оролцоод явахад харин ч илүү нэр хүндтэй баймаарсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол  Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуун “”ШХАБ-д Монгол Улс  гишүүнээр элсэх нь зүйтэй. Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улс хамгийн түрүүнд өөрийн геополитикийнхоо орчныг бодитойгоор харах хэрэгтэй. Бид далайд гарцгүй. Дэлхийн хамгийн том хоёр улсын дунд хавчигдмал байдалд байгаагаа  бодитоор хараад, эндээс хөгжлийн гарцаа олох хэрэгтэй.  Хаяа дэрлэсэн Орос, Хятадтай сайн хөршийн харилцаагүйгээр Монгол хөгжиж яавч ч чадахгүй. Манай улсын хөгжлийн нэг гол угтвар нөхцөл бол хоёр хөрштэйгээ бүх талын хамтын ажиллагаатай байх нь чухал. Улстөрийн сайн харилцаатай байхын зэрэгцээ эдийн засаг, худалдаа, соёлын  өргөн харилцааг хоёр хөрштэйгээ хоёулантай нь бэхжүүлэн хөгжүүлэх  ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байна. Судлаачид хийгээд улс төрийн хүрээнд яг ийм маргаан удтал өрнөх нь. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар Монгол Улс ШХАБ-д элсэхээр хадаг яндараа өгөөгүй байна.

Гадаад яамны зүгээс ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлыг албаны түвшинд идэвхтэйгээр ярьж эхлээгүй байгааг дуулгаж байгаа юм. Угаас  энэ байгууллагад элсэх асуудал амаргүй процесс байдаг. Тодруулбал, ШХАБ-д аливаа орныг элсүүлэх процедур эхэлсний дараа түүний гэрээ хэлэлцээрийг тухайн улсын парламентаар нэг бүрчлэн хэлэлцүүлдэг. Нэг үгээр эцсийн шийдвэрийг парламент гаргана гэсэн үг. Яг одоо бол Монгол Улс хэрхэх вэ гэдэг эргэлзээтэй асуултад хариулахад эрт. Асуудал судалгааны түвшинд л яваа гэдгийг хэлэх хэрэгтэй биз.  
П.ГОО 
Оллоо.мн
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen