У.Хүрэлсүхийн "суудлыг өнцөгдүүлсэн" Хэнтийн нөхөн сонгууль
Өнгөрсөн өвлийн улс төр М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулж, Г.Занданшатарыг томилон, Хэнтийн нөхөн сонгуулийг товлож, намрын чуулганаа өндөрлүүлснээр дуусгавар болсон хэдий ч энэ хаврын улс төрийн өнгийг ч тодорхойлсон.
Тиймээс хаврын тэргүүн сар гарахтай зэрэгцээд улс төрийн намууд Хэнтийн нөхөн сонгуульд дахин бэлтгэж, эрх баригч хүчний удирдагч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг батламжлахгүй буцааснаар хаврын улс төр үргэлжилж байна.
Цаашлаад ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан эрхмүүдтэй хариулцлага тооцохыг нийгэм шаардаж, үүн дээр ШХАБ-д гишүүнээс элсэх эсэх яриа ч хүчтэй газар авч, нийгмийн эсэргүүцэлтэй тулаад байгаа. Өнөөдөр НИТХ-аар нийслэлийн Засаг даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар дахин өрсөлдөх бол “ЖДҮ”-чдийг эсэргүүцэж, хариуцлага тооцохыг шаардсан тайван жагсаалд оролцохоо иргэний нийгмүүд илэрхийлж, мэдээлэл хийхээр товложээ. Энэ жагсаал зөвхөн “ЖДҮ”-чдийг эсэргүүцээд зогсохгүй ШХАБ-д гишүүнээр элсэхийн эсрэг байр сууриа илэрхийлэхээ мэдэгдээд байна.
Эрх баригчид руу чиглэсэн шүүмжлэл, шаардлага үүгээр зогсохгүй. Цаасан дээрх эдийн засгийн өсөлтөө чанаржуулахыг өнгөрсөн долоо хоногт болсон банкны салбарынхны хэлэлцүүлгийн үеэр Р.Амаржаргал, С.Дэмбэрэл нарын нарт эдийн засагчид шаардаж, “Валютын урсгалыг Монголдоо татах талаар Засгийн газар ямар ч ажил хийхгүй байгаа”-г онцолсон байсан. Хугацаат цэргийн албан хаагч ангидаа амиа алдаж, цагдан хорих төвд саатуулагдсан гавьяат хуульч хоригдсон өрөөндөө амиа егүүтсэн зэрэг нийгмийг цочроосон хэргүүд ар араасаа гарлаа. Тиймээс ч нийгмийн зүгээс салбар хариуцсан сайд нарыг огцруулах шаардлагыг тавьсаар байгаа.
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар байгуулагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч ЗГХЭГ-ын дарга, БСШУС-ын сайд, ХХААХҮ-ийн сайд, ЗТХ-ын сайдаа тус тус огцруулж, чөлөөлөн дараагийн сайдыг томилоод байгаа. Тэр дундаа У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэхэд ЗТХ-ийн сайдаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ тус яамны Газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэргээр огцорсон бол дараагаар нь томилогдсон Я.Содбаатар ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлаар гурван сарын хугацаанд дээрх албан үүргийг гүйцэтгээд огцорсон. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх тус салбарт гурав дахь сайдын нэрийг өргөн барьж томилуулаад байна. 100 хувь парламентаас бүрдсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын дараагийн томилгоо ч мөн парламентаас орж ирсэн. Нэгэнтээ намын дарга, Ерөнхий сайд парламентын гадна байгаа энэ үед Засгаа төдийгүй албан тушаалдаа тогтвортой байж, эрх мэдлээ хэрэгжүүлэхийн тулд парламентад гол хүчээ төвлөрүүлэх тактикийг эрх баригч хүчний дарга барьж байгаа юм.
Харин парламентаас гаднах намын 200 гаруй мянган гишүүд, дэмжигчдэдээ хэр нөлөөтэй, дэмжлэгтэй байгааг одоогоор таашгүй. Ямартай нам дахь гол нөлөө бүхий хотын фракцтайгаа үл ойлголцолд хүрснийг өнөөдрийн нийслэлийн Засаг даргын томилгоо харуулж байгаа. Өнөөдрийн НИТХ-аар Удирдах зөвлөлийн шийдвэрээр нэр дэвшсэн С.Амарсайхан олонхийн саналаар нийслэлийн Засаг даргад томилогдох эрхээ авсан ч хотын фракцтайгаа эвлэлджээ гэвэл эндүүрэл.
Ийнхүү өнгөрсөн хугацаанд эрх баригч хүчний дарга У.Хүрэлсүхийн нийгмийн шударга ёсыг сахиулна гэсэн үг томилгоотой нь хамт салхинд хийсч, алба тушаал, ардын Засгаа хамгаалсан үйлдлүүдийг л олон түмэн харсаар ирлээ.
Энэ хаврын улс төр өндөр халууралтай үргэлжлэх нь. Энэ бүхэн ирэх зуны Хэнтийн нөхөн сонгуулийн "бэлтэл ажил"-тай хамааралтай. Тэр дундаа парламент дахь нэг суудлаа алдах эсэх эрх баригчдад сөрөг нөлөөлгүй ч намын даргаас хамаарах намын рейтэнгид шууд хамааралтай. Тиймээс л нөхөн сонгууль эрх баригч хүчний удирдагчийн суудлыг ганхуулж мэдэхийг ажиглагчид таамаглаж байгаа. Үнэндээ ч Хэнтийн нөхөн сонгуулийн "бэлтгэл ажил" МАН-ын дарга У.Хүрэлсүхийн суудлыг өнцөгдүүлээд байгаа юм.
Н.Энхлэн
SHUUD.MN