НӨХӨН СОНГУУЛЬД 287,6 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийнхон жил гаруй хугацаанд сонгосон төлөөлөгчгүй явж ирсэн.
2016 оны сонгуулиар УИХ-д ялалт байгуулж сонгогдсон Д.Гантулга гишүүнээсээ чөлөөлөгдөөд бараг жил болов.
УИХ-аас ҮХЦ-ийн шийдвэрийн дагуу хуулиндаа өөрчлөлт оруулж, нөхөн сонгууль хийх тогтоол хүчин төгөлдөр гарсан бөгөөд сонгууль хийх товоо гаргасан.
Тодруулбал, ирэх зургадугаар сарын 30-нд Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдана. Энэ талаар өчигдөр СЕХ-ноос мэдээлэл хийсэн юм.
Тэгвэл нөхөн сонгууль явуулах зардлыг УИХ-ын чуулганы хоёрдугаар сарын 2-ны хуралдаанаар баталжээ. Сонгуульд 287,6 сая төгрөг зарцуулна. Үүнээс 246,1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр, 32 сая гаруй төгрөг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, найман сая гаруй төгрөг нь цагдаагийн байгууллагад зарцуулагдах ажээ.
О.Гэрэл