Хэнтийн нөхөн сонгуулийн “мөлхөө” сурталчилгаа эхэллээ

Хэнтийн нөхөн сонгуулийн “мөлхөө” сурталчилгаа эхэллээ

Хүчингийн хэрэгт холбогдсон гэх УИХ-ын гишүүн Б.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт гаргаснаар УИХ 75-уулаа болж, нэг гишүүний ор гараад байгаа. Ийн гишүүн бүрэн эрхээсээ татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор нөхөн сонгуулийн товыг тогтоох ёстой. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд зохион байгуулахаар тогтов. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдэх юм.

Ийн аль хэдийнээс таамаг дэгдээж байсан Хэнтийн тойргийн нөхөн сонгуулиар албан бусаар эхлэх нь. Хэдийгээр санал хураалт аравдугаар сарын 7-нд эхлэх ч энэ зуны турш тойргийн төлөө тэмцэл, "мөлхөө” сурталчилгаа явагдана гэдэгт нэг их эргэлзэх зүйлгүй. Өөрөөр хэлбэл энэ зуны турш Хэнтийн наадмуудаар намуудын горилогчид ганган дээл өмсөн үзэгдэж харагдаад эхлэвэл гайхах зүйл үгүй гэсэн үг.

Энэхүү тойрогт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар өрсөлдөнө гэсэн таамаг байсан ч У.Хүрэлсүх нэр дэвшихгүй гэдгээ зарласан. Ц.Элбэгдорж одоогоор ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Хэнтийн тойрогт аль эртнээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өрсөлдөнө гэж байсан болохоор МАН, АН хоёроос сул нэр дэвшигч "шидэж өгч” магадгүй гэсэн таамаг бас дэгдээд байгаа юм. Эртнээс сонгуульд нэр дэвших эрхийнхээ төлөө тэмцэж байгаа Н.Энхбаяр нөхөн сонгуулиар ялж чадвал цаашлаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч өөрийгөө "сойж” буй гэсэн яриа мөн гараад байна.

Харин мөн л таагүй асуудалд холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Д.Муратын хувьд бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж намынх нь нөхөд нь авран гарсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үүнд хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээн авсан ч хуулийн хувьд ойлгомжгүй асуудал үүсч байна гэсэн тайлбартайгаар өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан байна.

А.Ану

ЭХ СУРВАЛЖ: https://www.infomongol.mn/content/read/159250.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen