Ирцээс нь ч ИЧМЭЭР

Ирцээс нь ч ИЧМЭЭР

-Харин хаврын чуулганы хугацаанд 21 удаа хуралдахад Б.Наранхүү гишүүн мөн л бараг оролцоогүй буюу нэг өдөр чөлөөтэй, нэг өдөр гадаад томилолттой гэдэг шалтгаан бичүүлээд 19 удаа шалтгаангүй тасалсан байдаг. Үнэн хэрэгтээ хаврын чуулганы нээлтээс хойш чуулганы танхимд үзэгдээгүй нөхөр. Сая ч мөн л суудал нь хоосон хэвээрээ-
УИХ-ын чуулганы хуралдаан бүрд л гишүүдийн ирц асуудал болдог. Энэ байдал нь өнгөрсөн сарын эхээр болсон өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн УИХ-ын ээлжит бус чуулган болон уржигдархан болсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг хэлэлцсэн хуралдаан, өчигдөрхөн өрнөсөн Монгол Улсын 2017  оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр улам бүр батлагдав.
Албан тушаал, зэрэг дэвтэй холбоотой асуудалд бол аль ч нам гэхгүй хоорондоо хэрхэн тохиролцсон байна түүгээр бөөнөөрөө ирж суугаад кнопоо дарчихдаг гэж байгаа. Харин төр, түмний төлөө, төсөв энэ гэрийгээ хэлэлцэхэд маньд хамаагүй гэсэн шиг хаана байгаа нь ч мэдэгдэхгүй "ор сураггүй” болчихдог. Энэ бол ард түмний итгэлийг хүлээж парламентын гишүүн болж, тангараг өргөсөн хүмүүсийн гэм биш бүр зан нь болчихсон үйлдэл. Учир нь өмнө нь ч дээрх байдал ажиглагдсаар ирсэн.
Гэсэн ч гишүүдийн хэнбугай нь ч өөртөө дүгнэлт хийж, тэр зангаа засдаггүй юм билээ. "Арга ч үгүй юм даа” гэж бодогддог ганц асуудал нь эрхэм гишүүдийг эргүүлэн татах, элдэв төрлийн гэмт хэрэгт холбогдоогүй л бол толгойг нь илээд байлгаж л байхаас аргагүйд хүргэх ямар нэг хуулийн заалт үгүйтэй холбоотой. Тиймдээ ч таслалтаараа толгой цохигчид үе үеийн парламентад байсаар ирсэн. Харин одоогийн болоод өмнөх УИХ-д олдож харагдах нь ховор, хүнийг бичиж болдог "улаан ном” байдаг бол бичүүлчихмээр гишүүн байдаг нь Б.Наранхүү.
Өмнөхийг нь орхиод энэ удаагийн парламентад хэрхэн оролцож буйг нь ирцийн мэдээнээс харахад л хангалттай. Тэрбээр 2016 оны намрын чуулганы хугацаанд нийт 166 цагийн хуралдаан болоход 26 цагийнхад нь л оролцож, 74 цагийг тасалж, 21-ийг гадаад томилолтоор аргалж, 32-ыг нь орон нутагт өнгөрүүлсэн хэмээн бичигдсэн байдаг. Дараагийнх нь Д.Гантулга гишүүн бөгөөд тэрбээр 58 цаг чуулгандаа сууж, 108 цагийн чуулганы хуралдаанд оролцоогүй. Гадаадад томилолтоор 27 цаг, орон нутгаар 33 цаг явсан гэх юм билээ. Мөн 21 цагийн цагийн чөлөө авсан байдаг.
Харин хаврын чуулганы хугацаанд 21 удаа хуралдахад Б.Наранхүү гишүүн мөн л бараг оролцоогүй буюу нэг өдөр чөлөөтэй, нэг өдөр гадаад томилолттой гэдэг шалтгаан бичүүлээд 19 удаа шалтгаангүй тасалсан байдаг. Үнэн хэрэгтээ хаврын чуулганы нээлтээс хойш чуулганы танхимд үзэгдээгүй нөхөр. Сая ч мөн л суудал нь хоосон хэвээрээ.
  Ингээд цувуулаад байвал таслагч олонтой парламент. Хариуцлага тооцох шийдэл үгүй юм чинь "дэмий газар” цаг үрж байхаар бизнесээ, хувийн ажлаа амжуулж байсан нь ч зарим гишүүнд илүү хэрэгтэй бас үр дүнтэй байдаг биз. Гэхдээ сонгогчидтойгоо уулзахдаа хэрхэн тайлбарлаж, юу гэдэг бол гэж бодохоор их сонин.
Мэдээж төрд өөрийгөө төлөөлж хэн нэгнийг илгээж буй сонгогчид "энэ удаа буруу хүнээ сонгож, хүртэх ёстойгоо хүртлээ” хэмээн бодож харамсдаг бол дараагийн удаа ч сонголтоо тухайн хүн, тодруулбал бүр дундговьчууд Б.Наранхүүг байн байн төрийн түшээ болгоод байгаа нь гайхширал төрүүлээд байдаг юм. Ирцийг илүү ихээр нэмэгдүүлдэг албан тушаалаас өөр бас нэг асуудал байдаг. Тэр нь ирэх оны төсвийг хэлэлцэх. Төсвийн тодотгол зэргийг бол өнгөц хардаг гишүүн олон байдаг. Харин үндсэн төсвийг хэлэлцэхдээ тойрогтоо хэдэн төгрөг илүү "тавиулчих” юмсан гэсэн агуулгаар л оролцож, түүнийхээ төлөө чухам их ажиллаж буй дүрийг үзүүлнэ.
Мэдээж араа бодож буй хэрэг л дээ. Ядаж л "тойрогтоо энийг шийдүүлж, тэрийг шийдвэрлүүлсэн”  гэдэг үгтэй болохын тулд л юм уу даа, хөөрхий. Түүнээс орлогоо хэрхэн танаж, зарлагаа яаж багасгах вэ, яавал хэмнэж, ард нийтэд хүртээлтэй байлгах вэ гэдэг бол анхаарлаа хандуулах нь бараг үгүй дээ.
УИХ-ын гишүүн гэхээр "төрийн хар хүн” гээд хүндэлмээр байдаг ч ажлаа тасалдаг гэж бодохоор өмнөөс нь ичмээр. Яагаад гэж үү. Яах вэ ажилдаа очих ёстой гэдэг зарчмыг ойлгохгүй хүн ард түмний төлөө бодож, сэтгэж, ажиллаж чадах уу гэдэг л асуудал.
Мань мэтийг бол ажлаа хийхээс аргагүйд оруулдаг хууль, дүрэм, бүр байгууллагын дотоод журам хүртэл бий. Ажил таслах байтугай минут хоцорсон бол цалингийн хэдэн төгрөгөөс хасна. Бүр ажилдаа очсон цаг бүртгэгчид хурууны хээ зэргээ уншуулаагүй бол ажилтны хохь болоод л өнгөрнө. Харин цаашлаад олон хоног тасалсан бол /тэр нь хөөрхий гурав хоног буюу 72 цаг байгууллагатаа мэдэгдэлгүй шалтгаангүйгээр алга болсон бол/ шууд дуусаа.
Дахиад ажлын байр хайх хэрэгтэй болно. Байгууллагууд бол асуудлыг их амархан шийдэж байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдэд бий болчхоод байгаа ажилдаа очсон ч яалаа, байсан ч яалаа гэх хэнэггүй за-энгийн иргэдийн хэнд ч байхгүй. Сахилга бат муутай, цагаа төлөвлөж чадаагүйгээс болж, хоолны хэдэн төгрөгөө хасуулахыг хэн хүсэх билээ. Магадгүй гишүүд "ажлаа” буюу чуулганы хуралдаанаа таслаад минут тутамд хэдэн зуун сая төгрөг, бүр ам.доллар олж байдаг бол маниус ажлаа "пялаад” минут тутамд 100 төгрөг хасуулна.
Аргагүй л тэнгэр газартай харьцуулдаггүй юм аа гэхэд ялгаа их байгаа биз. Яршиг даа, зүгээр. Энэ хэдэн гишүүнээ ядаж эргүүлэн татах хуулиа баталдаггүй юм аа гэхэд ажилд ирүүлдэг арга, механизмтай болмоор юм. Заримдаа ч бухимдаж байна шүү. Бүхэл бүтэн улсын төсвийг хэлэлцэж байхад ганц өрхийн тоонд ч хүрэхээргүй гишүүн суугаад кноп дарж байх гэж.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин”
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen