СЭТГЭЛГҮЙ САЙД НАР Л ЗАСГИЙН ГАЗРЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАЖ БАЙНА
-Хэрвээ намаа цэвэрлэж, хариуцлага шаардаж байгаа бол хэргийн эзэн, хэнгэргийн дохиуруудаа л "цавчина” биз. Жил ажилласан Засгийн газрыг огцрууллаа гээд МАН гоё харагдана гэдэг нь юу л бол-
УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Эл ялалтын дараа хамгийн түрүүнд "Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар байгуулах болсон тухайгаа сүртэй зарласан билээ. Харамсалтай нь Засгийн газар байгуулагдаж, сайдууд томилогдохтой зэрэгцээд тодотголоосоо хол зөрж, иргэдийг бухимдуулсан.
Мэдээж томилогдсон сайдуудын ихэнх нь мэргэжлийн бус. Гэхдээ сайд нар бүгдээрээ мэргэжлийн бус биш, сайн ажиллаад, салбараа мэдээд, мэдрээд явж байгаа сайдууд чамгүй олон бий. Гэвч үнэнийг хэлэхэд сайнаасаа саар нь илүү гарчихаад байгаа юм. Тиймдээ ч Засгийн газрыг огцруулах асуудал үе үе хөндөгдсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бүр ч эрчээ авчихлаа. Огцруулах шалтаг нь ч олон болж эхэллээ. Одоо эрх баригч нам дотроо хагаралдаж, хоёр хуваагдчихаад байна.
Дээр, дооргүй л бужигнаж байна. Тэр ч битгий хэл Шадар сайд нь огцрох өргөдлөө өгчихлөө. УИХ ээлжит бусаар хуралдаж, асуудлыг нь шийдэхгүй гэвэл намрын чуулган эхлэхээр л огцруулах уу, яах вэ гэдгээ шийдэх байх. Дээр нь ойрын үед Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барих асуудал ч яригдах боллоо.
Засгийн газрыг огцруулах гэж байгаа тал шударга ёс, хариуцлага нэхэж байгаа хэмээн тайлбарлаж буй. Ерөнхий утгаараа шүү дээ. Харин нөгөө талаас гарын үсэг цуглуулагчид эрх мэдлийн төлөө улайрч эхэлсэн гэж хариу тайлбар хийсээр. Ямар ч байсан Засгийн газар ганхаж эхэллээ. МАН-ын Бага хурал, Их хурал ирэх сард хуралдах учиртай. Тэр хурлаар олон асуудал шийдэгдэх болов уу. Түүнээс өмнө бол хоёр тал ширүүхэн үзэх нь тодорхой байна.
Бие биеийнхээ эсрэг янз бүрээр дайрах нь тодорхой боллоо. Дайраад ч эхэллээ. Угтаа Засгийн газар жаахан тогтвортой ажиллавал зүгээр байгаа юм. МАН-ыг ард түмэн эв түнжинтэй байж, Засаг төрөө солихгүй, өөрчлөхгүй, "самрахгүй” гэж сонгосон. Мэргэжлийн Засгийн газар ажлаа эхлээд жил л болж байна.
Өнгөрсөн хугацаанд боломжийн хэмжээнд ажиллаж байгаа. Сүүлийн нэг жилд гарсан эдийн засгийн өөрчлөлт, ахиц дэвшлийг харвал огцруулах нь битгий хэл улам ч хүч нэмэн ажиллуулмаар байгаа юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг одоогоор тэгж муу ажиллалаа, ингэж алдаа хийлээ гэж гоочилж, шүүмжлэхээр зүйл алга. Улс орны боломж бололцоо ямар байгаа билээ.
Эдийн засгийн чадавхиа аваад үзье. Нөхцөл байдал хэдий ийм ч чадлынхаа хэмжээнд харин ч боломжийн сайн ажиллаж байгаа санагдах юм. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр салбарын сайдууд нь тун тааруу ажиллаж, нэрмээс болоод байна. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нарыг нэрлэж болно.
Өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбар ямар байгаа билээ. Хэдэн эмнэлэг нь яаж ажиллаж байгааг хүн бүр л хэлнэ. Улсын эмнэлэгт үхэхээс наагуур очвол л эмч нь үздэг шахам болчихсон. Дугаар аваад үзүүлнэ гэвэл хол хэвтэнэ.Эмчид үзүүлье гээд дугаар авах гэхээр долоо, 14 хоногийн дараа ир гэдэг.
Үнэхээр хүндээр өвчилсөн бол түргэнээ дууд гэнэ. Эх нялхасын эмнэлгийн ойр хавь гэхэд л дүүрэн шалбааг. Хөл хүнд эхчүүд явах зам нь бороо орохоор ус дүүрчихдэг гээд иргэд гомдол мэдүүлж л байна. Гэх мэтээр бичвэл эрүүл мэндийн салбарын асуудал үй түм. А.Цогцэцэг сайд ажлаа авснаас хойш чухам юу хийв. Хөдөө, орон нутагт хэдэн түргэний машины асуудал шийдчихэж чадахгүй Шадар сайдад загнуулж байсныг л санаж байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээ харахад, мань хүнд Бээжинд болж байгаа чуулга уулзалтад л оролцож байгаа бололтой юм. Гэтэл өнгөрсөн зун Гэмтлийн эмнэлгийн эмч нар нь хөдөө явж байгаад осол ороод, бөөн юм болсон. Эрхэм сайд шагнаад, эмч нараа амралтад явуулсан гээд байгаа.
Гэтэл эмч нарын ар гэрийнхэн нь сонгуулийн сурталчилгаанд дайчилсан гэсэн мэдээлэл өгч байлаа, тэр үедээ. Ийм том асуудал үүсч, тэр хэрээр Засгийн газрын нэр хүнд унаад л өнгөрсөн. Харин сайдтан яав, чуулга уулзалтад оролцсон шиг л явна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын нэр хүндийг хамгийн их унагаж байгаа хүний нэг гээд хэлчихэд буруудахгүй.
Анх ажлаа аваад, Үндэсний телевизээр улс орон сүйрсэн мэтээр ярьснаас нь хойш түүнийг огцруулах санал хүртэл гарсан. Хамтын тэтгэврийн хуулийг буцаах үедээ хийсэн тайлбарыг сонссон намынхан нь хүртэл "Нялх хүүхдээс дор юм ярьж, намын нэр хүнд унагаалаа” хэмээн бухимдаж байсан ч удаа бий. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн их жишээ болсон хүн мөн л Б.Чойжилсүрэн сайд. Тост, Тосон бумбын нуруутай, холбоотой асуудал чамгүй л сөхөгдөж байлаа.
Энэ талаар сайд асан Ц.Оюунгэрэл зураг хөрөг харуулаад л ярьсан. Цаашид ч энэ асуудал яригдаж таарна. Дээр нэр дурьдсан сайдууд дотроос хамгийн сайн ажиллах нь Г.Мөнхбаяр болов уу гэж харж байлаа. Гэвч өнгөрсөн хугацаанд энэ салбарт олигтой ахиц дэвшил гарсангүй. Шугам хоолойн урсгал засвар энэ тэрийг яриагүй шүү. Байнга хийдэг тэр ажлууд бол явдгаараа л явна. Харин Улаанбаатар хотыг орон сууцжуулах, иргэдээ дулаан тохилог байранд амьдруулах.
Цаашлаад орон сууцжуулах замаар агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд өнөөдрийг хүртэл нэг жилийн хугацаанд дорвитой ажил хийсэнгүй. Мэдээж энэ мэт ажлыг хийхэд ганц салбарын хүч хүрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ салбарын сайд нь сайн ажиллавал бас үр дүн гаргаж бололгүй л яах вэ. Тийм жишээ зөндөө бий. Гэтэл иргэдийг орон сууцанд орох боломжоор хангаж байсан ганц хөтөлбөр нь бараг л зогсчихлоо. Ипотекийн зээл өгч байгаа үгүй нь мэдэгдэхгүй байна.
Монголбанкнаас зээлийн эргэн төлөлтөөс орж ирж байгаа хэдэн төгрөгийг буцааж өгч байгаа л гэдэг. Сардаа 25-30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан гэж мэдээлдэг. Тэр мөнгө нь иргэдэд очиж байгаа ч юм уу, үгүй ч юм уу л байна. Ирэх жилээс янз бүрийн орон сууцны хөтөлбөр хэрэгжих юм гэнэ лээ. Өөр олон төлөвлөсөн ажлынхаа талаар эрхэм сайд хэвлэлд ярьсан байна билээ. Гэхдээ иргэдэд төлөвлөлт биш бодит ажил л хэрэгтэй байна.
Уул уурхайн сайд Ц.Дашдорж гэдэг хүн ч байгаа байхгүй нь мэдэгдэхгүй юм үнэндээ. Наадмын өмнөхөн "Алт-2” хөтөлбөр хэрэгжих нь гэж дуулдаад сураг алдарсан. Улсын эдийн засаг сул үед алт эдийн засгийн эргэлтэд орж байвал түүн шиг сайн зүйл үгүй. Түүнчлэн Цагаан хадны боомтын асуудлыг нэрлэж болно. Өнөөдөр асуудал тартагтаа тулчихлаа. Нүүрс зөөж байгаа хэдэн жолооч нар нь хонон өнжин дугаарлаж зогсдог ажилтай болсон.
Энэ жил урагш нь гаргахаар төлөвлөсөн нүүрснийхээ хэмжээнд хүрэхээргүй болж магадгүй байна гэсэн мэдээлэл ч бий. Харин Засгийн газраас Цагаан хадны боомтын хяналтыг байхгүй болгох шийдвэр гаргасан, саяхан. Гэтэл олон хүн ажилгүй болно гээд л бөөн эсэргүүцэлтэй тулж байх шиг байна. Энэ мэтээр салбар салбарт л олон асуудал байгаа. Түүнийгээ аятайхан шийдчихэж чадаж байгаа сайд тун цөөн байна даа.
Энэ бүхэн Засгийн газрыг огцруулах шалтгааны томоохон хэсэг болчихоод байгаа юм. Угтаа зарим сайдын ажлаа олигтой хийхгүй байгаа нь Засгийн газар огцруулах шалтгаан болох ёсгүй. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын бүрдүүлсэн баг биш, улс төрийн, цаашлаад мөнгөний томилгоо учраас тэд дур дураараа л авирлаж байгаа шүү дээ. Харин Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлж, сайд нараа томилсон байсан бол түүнээс хариуцлага нэхэх ёстой байлаа. Гэвч өнөөдрийн хувьд тийм биш. Хэрвээ намаа цэвэрлэж, хариуцлага шаардаж байгаа бол хэргийн эзэн, хэнгэргийн дохиуруудаа л "цавчина” биз. Жил ажилласан Засгийн газрыг огцрууллаа гээд МАН гоё харагдана гэдэг нь юу л бол.
Монголын мэдээ
Н.Пунцагболд