60 ТЭРБУМЫН ХЭРГИЙН ЦААНА ХЭН НУУГДАЖ БАЙНА ВЭ

60 ТЭРБУМЫН ХЭРГИЙН ЦААНА ХЭН НУУГДАЖ БАЙНА ВЭ

Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулиар гуравхан сая хүнийг үймүүлж чадсан этгээд бол алдарт "60 тэрбум төгрөгийн схем”-ийг зохиосон Г.Доржзодов. Өнгө, мөнгөний төлөө нүдээ ч ухаад өгөхөд бэлэн болсон энэ гэмт этгээдийг АН-ынхан овжноор ашиглаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хар пи-ар-даа татан оролцуулж, олон нийтийн оюун бодлыг чилээсэн билээ.
Ямартай ч Г.Доржзодов гэгч яг хэн юм бэ гэдгийг олон нийт одоо мэдэх болсон. Ийн хэлэхийн учир нь анх 60 тэрбум төгрөгтэй холбоотой эвлүүлсэн аудио бичлэг олон нийтэд ил болох үеэр хүн бүр хуурцганд дуу нь хураагдсан нэр бүхий гурван хүнийг харааж зүхэх болсон. Гэтэл удалгүй энэ схемийг хэн зохиосон, санаа зорилго нь юу байсан, яагаад ийм бохир зүйл хийх болов гэдэг нь ил болж, энэхүү жүжгийг зохион байгуулсан эзэд нь өнгөрсөн хугацаанд тодорч эхлээд буй билээ. Түүнчлэн шинэ Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу эл хэргийг АТГ-аас дахин шалгаж төрийн өндөр албан тушаал хашиж буй 3000 гаруй хүнээс мэдүүлэг авч эхэлсэн явдал.

Уг нь дээрх хэргийг сонгуулийн өмнө л хянаж, шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, тэр ч бүү хэл гүтгэлэг хэмээн тогтоосон ч шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтээр дахин сэргээн шалгахаар болсон нь энэ юм. Ямартай ч олон нийт үүнийг Ерөнхийлөгчийн хүсэлтээр сэргээн шалгаж байна гэж ойлгож байгаа бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр үүнтэй холбоотой мэдээлэл тасрахгүй байгаа.

АТГ орчмоор сураглавал одоогоор төрийн албан тушаалд очсоныхоо харгайгаар эрх баригч намд мөнгө төлтлөө дарамтанд орсон хэн нэгэн гарч ирээгүй байгаа гэнэ. Гэхдээ энэ хяналт шалгалт яг хэнд ашигтай тусах юм бол гэдэг нь сонирхол татмаар.

Учир юу гэвээс, яг одоо МАН-ын дотоод асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс ч чухал, анхаарал татсан сэдэв болоод байна. Хамгийн гол нь, энэ хэрүүл маргааны томоохон сэдэв нь энэхүү 60 тэрбум төгрөг. Чухам эндээс л прокурорууд Ерөнхийлөгчийн хүсэлтийг тэргүүн чиг болгов уу, эсвэл МАН-ын дотоод сөрөг хүчин үүний цаана байна уу гэдэг нь тодрох ёстой аж.

Учир нь үүнд шалтгаан шаардлагатай тул мөнөөх "60 тэрбум”-ыг байсхийгээд сөхдөг, үүнийг олон нийтийн сүлжээ, хэвлэлээр дамжуулан нийтэд цацах болсон. Энэ үйлдэл нь мэдээж олны анхаарлыг татсан. Уг нь эл хэргийн талаар Ерөнхийлөгч Х.Баттулга ганц удаа л дуугарсан, АН-ын зүгээс бол тэгтэл их ач холбогдол өгөхөө больсон. Гэтэл МАН-ын дотоод дахь бүлгийн зүгээс иймэрхүү дайралтыг хийж, энэ хэргийг бараг мартсан олныг турхирах болсон нь ийн анхаарал татах болсон юм. Хамгийн гол нь 60 тэрбумын асуудал амьдрал дээр бодитоор хэрэгжсэн эсэхийг тус намын нөхөд хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэднэ. Гэтэл өөрсдөө энэ асуудлыг дахин дахин гаргаж ирээд шоудаад байгаагийн цаад шалтгаан нь ойлгомжтой.
 

Төмөр замын хэрэг, 60 тэрбум хоёрын аль нь бодит вэ?


Бас нэгэн зүйлийг энд цохон дурдахад Г.Доржзодовын зохиосон 60 тэрбум гээд байгаа нь бодит биш, хэн нэгэн этгээдийн барьж ирсэн хийсвэр төлөвлөгөө. Үүнийг хэрэгжүүлсэн хүн нэг ч байхгүй. Харин дээрх 60 тэрбумаас илүүтэй нөгөө алдарт "Ухаа худаг-Гашуун сухайт”-ын төмөр замын 280 сая ам.долларын хэрэг бол жинхэнэ бодит явдал. Хамгийн гол нь, Чингис бондын мөнгөнөөс авсан 280 сая ам.доллар өдгөө хүртэл улсаас төлөгдөөд явж байгаа гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин ч хууль хяналтынхан энэхүү хэрэгжиж эхлэх нь бүү хэл хэн нэгэн шуналтай этгээдийн хүслийг гүйцэлдээгүйн төлөө 60 тэрбумаар шоудаж байхын оронд өнгөрсөн 2015 оноос шалгагдаж ирсэн Төмөр замын 280 сая ам.долларын бодит хэргийг яаралтай эцэслэвэл үнэнд ойртох байх. Ямартай ч 60 тэрбум төгрөгийн схемийг өөрөө зохиож, нам болгоны холбогдох хүмүүстэй уулзаж явсан Г.Доржзодовын энэхүү үйлдэл харин ч төрийн эрх мэдлийг эргүүлэн авахыг завдсан төдийгүй уг асуудалдаа нэр бүхий хүмүүсийг татан оролцуулсан нь өөрөө маш том гэмт хэрэг гэмээр. Яг үнэндээ Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулиар АН-ынхан түүхэнд байгаагүй хар пи-ар хийсний хүчинд төрийн тэргүүний суудлыг авсан гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа. Хэрвээ уншигчид санаж буй бол Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн сурталчилгаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө эзэмшлийн "С1” телевизээр "Улаан тарианы хүүхдүүд” нэртэй нэвтрүүлэг цацаж шуугиан тарьсан. Тухайлбал, Олон улсын тоймч Ш.Гантулга "Монголыг цэвэрлэхийн тулд 200 хүнийг толгойг тасдаж, монголчууд түүнийгээ тойрон бүжиглэх хэрэгтэй” хэмээн хэлж үзэгч олныг айлгасан. Энэхүү бичлэг цацагдсаны дараа Х.Баттулга урт ташуур барьсаар "Монгол ялна” гэсэн уриатайгаар гарч ирж байсан билээ.

Яг үнэндээ албан тушаалын наймаа, авлигын тухай яриа, шуугиан АН-ыг засаг барьж байх үед бүр ч тодоор дэгдэж байсан. АН засгийн эрхэнд гармагц нэн түрүүнд төрийн албан дахь хүмүүсийг хуугаар нь өөрчилж, мэргэжилтэй эсэх нь хамааралгүйгээр өөрсдийн гэсэн бүхнээр суудлын тоо бөглөсөн. Тэр үед, батлагдаагүй хэдий ч агентлаг, хэлтсүүдийн дарга нар албаныхаа төлөөсөнд тэрбумыг төлдөг гэцгээдэг байв. Тэр ч бүү хэл, орон нутгийн захиргааны ажилтан хүртэл нэг сая төгрөгөөр ажлаа авч байгаа тухай шуугиан гарч байсныг олон нийт мартаагүй ч эдгээрийн аль нь ч нотлогдоогүй. Тиймээс энэ удаагийн хэргийг дахин сэргээх санаархал хаанаас хааш чиглэж байгаа нь л асуудлын гол учиг ажээ. Эцэст нь хэлэхэд 60 тэрбумаар халхавч хийж үүний ард ямар хор найрагдаж байна вэ гэдэг нь анхаарал татна.

Өглөөний сонин
Р.Саруул

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen