НАМРЫН ЧУУЛГАНААР БАНКНЫ САЛБАРТ ХАМААТАЙ ХУУЛИУДЫГ БӨӨНДӨХ ҮҮ

НАМРЫН ЧУУЛГАНААР БАНКНЫ САЛБАРТ ХАМААТАЙ ХУУЛИУДЫГ БӨӨНДӨХ ҮҮ
Ерөнхийлөгч өнөө маргаашгүй банкны зээлийг нь тэглэж, баярын салют буудуулчих юм шиг иргэд хүлээж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын өмнөхөн иргэдийнхээ бүх төрлийн зээлийг нэг удаа төр хариуцан барагдуулах талаар мэдэгдсэн. Хамгийн гол нь энэ тухай Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөртөө тусгаагүй байгаа. Амлалт төдий гэсэн үг.

 Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Ерөнхийлөгч иргэдийн зээлийн хэзээ тэглэх тухай тодорхой мэдээлэл өгсөнгүй. Түүний зүгээс "Банкууд мөнгө хүүлж байна” хэмээн Монголбанкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ерөнхийлөгч иргэдийн зээлийг тэглэх хуулийн төсөл боловсруулж байна. Иргэдийн цалингийн, оюутны болон тэтгэврийн зээлийн нийт хэмжээ 5 орчим их наяд төгрөгт хүрсэн. Хаанаас, ямар эх үүсвэрээр эдгээр зээлийг эргүүлэн төлж, иргэдийг зээлээс чөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна. УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан баг энэ асуудлыг судлан, шийдэл гарган танилцуулах үүрэг хүлээгээд ажиллаж байгаа. Гэхдээ зээлээс чөлөөлөх нь хурдан хугацаанд хийх ажил биш, 4-5 жил шаардлагатай. Хуулийн төсөлд 2020 оноос эхлэн дагаж мөрдөнө гэж заасан” хэмээжээ. Ямартай ч ирэх намрын чуулганаар цалин тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлж эхлэх болов уу гэх хүлээлт хамгийн эхний найдвар болж байна. Хууль батлагдсан ч цалин тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой асуудал 2020 оныг хүртэл "хүлээлгийн өрөө”-нд орох нь тодорхой болж байна.

Үүнээс гадна МАН-ын бүлгийн зарим гишүүд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа сурагтай. Тэд энэ хуулиа ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мөн өнгөрсөн хаврын чуулганы эхэнд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл нэлээд шуурхай хэлэлцэгдэж байсан. Гэвч тухайн үед Ерөнхийлөгчийн зүгээс уг хуулийг батлахын эсрэг байгаа тухайгаа чуулганы индэр дээрээс хэлсэн. Үүний дараа эрчимтэйгээр хэлэлцүүлэгдэж байсан хуулийн төсөл хав дарагдсан. Энэ хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын банк хэрхэн, ямар байдлаар үйл ажиллагаа явуулахтай холбоотой зохицуулалтыг хийж өгөхөөр байв. Нэг үгээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль банкны салбарт шинэ өрсөлдөөнийг бий болгоно хэмээн хууль санаачлагчид хэлж байв. Тухайн үед Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дараа буюу намрын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх тухай албан бус мэдээлэл байсан юм. Ийнхүү  намрын чуулганаар Банкны салбартай холбоотой хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцүүлэгдэх таамаг байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen