О.БААСАНХҮҮ: ШУДАРГА БУС ХҮМҮҮСТЭЙ НЭГ ШИРЭЭН ДЭЭРЭЭС ХООЛЛОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА


О.БААСАНХҮҮ: ШУДАРГА БУС ХҮМҮҮСТЭЙ НЭГ ШИРЭЭН ДЭЭРЭЭС ХООЛЛОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХ-ын хаврын чуулган наадмын өмнө хаалтаа хийлээ. Таны хувьд хаврын чуулганыг хэр үр дүнтэй чуулган болсон гэж харж байгаа вэ. Та намаасаа ганцаараа гишүүн болсон болохоор гишүүдийн дэмжлэг их л хэрэгтэй байсан байх?

-Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ "Зөв залууг зөвхөн Эрдэнэтээс” гэдэг уриатай орж байсан. Өөрөөр хэлбэл нам намд зөв хүмүүс байхын сацуу буруу ч хүн байна. Үнэндээ зөв хүн цөөдөөд байна л даа. Түүнээс биш намаасаа ганцаараа байна, 65 л шийдвэр гаргадаг гэж ард түмэнд буруу ойлголт өгч болохгүй. Парламент зөвшилцлийн байгууллага. Бид төрийн нэрийн өмнөөс хууль санаачилж, баталдаг. Тэр утгаараа ганцаараа гэдэг зүйл надад мэдрэгдээгүй. Намайг сонгуульд нэр дэвших эрхийг өгсөн МАХН маань намайг ганцаардуулсан. Тэр ганцаардуулсан гэдэг нь нэг ч удаа манай намын удирдлагууд миний бодлого, шаардлагыг дэмжиж байсангүй. Тиймээс таны асуусанчлан би ганцаараа мэт харагдаж байж магадгүй. Эрдэнэтийн 49 хувийг авах тогтоол нь хууль бус байна гэж одоо ч ярьж байгаа. Гэхдээ 49 хувийг авах нь буруу гэж байгаа юм биш. Төрд авч болно гэхдээ хууль зөрчөөд авчихсан юм. Мөн эдийн засгийн хүндрэлтэй үед ОУВС-гийн өмнө бид нэгдмэл шүү гэдгийг харуулж чадсан. Хэт нэг улсын хөрөнгө оруулалтын хараат байдлаас болгоомжлох үүднээс аль болох хөнгөлөлттэй зээл авах, хэд хэдэн хуульд дангаараа болон хамтарсан ажлын хэсэгт орж ажилласан. Тухайлбал, энэ жил Төрийн их баяр наадам миний санаачилсан хуулийн хүрээнд боллоо шүү дээ. Тэр нь сурын харвааг цолтой болгосон хууль. Үүнээс харахад ганцаараа гэдэг дэндүү харьцангуй ойлголт. Харин зөв хүмүүс нь цөөдөөд байгаа юм. Цөөхөн хэдий ч бид зөвд зөөлөн бурууд хатуу явж ирлээ. Тэр утгаараа өнгөрсөн нэг жилийг дүгнэхэд бүрэн сэтгэл хангалуун биш юм аа гэхэд тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун байгаа. Тойргийнхоо хүрээнд гэхэд Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож батлуулсан. Эрдэнэт үйлдвэрийн барилга угсралтын цехийн ажилтнууд сул зогсолтын цалин авдаггүй байсан. Охин компани нэртэй мөнгө угаалтын компани байсныг болиулж ажилчдын амьдралыг баталгаажуулсан. Мөн Шанд, Дэнж, Их залуу багуудад үер усны аюулгүй байдлыг хангаж нутгийн удирдлагуудтай хамтраад зам тавиуллаа. Энэ мэтчилэн аль аль талдаа сэтгэл хангалуун байгаа.

-Ингэхэд та хаагуур наадав?

-Наадмаар сурынхан дээрээ очиж гурван сум тавьж наадмаа эхлүүлсэн. Хуучин Төрийн тэргүүн сум тавьдаг байсан бол шинэ Ерөнхийлөгч маань өөрөө спортын хүн болохоор бэлтгэл сургуулилтгүй сум тавьж болдоггүй юм байна л даа. Миний хувьд онох нь чухал биш наадамчин олноо хүндэтгэж, тэднийгээ хөгжөөхийн тулд сум тавьсан. Мөн уяачдын наадмаар Хүй долоон худаг орж уяачдын галаар зочиллоо. Баярын өдрүүдээр давхцан БНСУ-ын Ази, Номхон далайн парламентын холбооны төлөөлөгчид ирсэн. Бид 2018 онд утаатай холбоотой асуудлаар Ази, Номхон далайн парламентчдын 19 дүгээр чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Манай хуучин Ерөнхийлөгч 300 сая ам.доллараар АСЕМ зохион байгуулсан. Би 200 мянган ам.доллараар дэлхийн 46 орны Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг оролцуулсан чуулга уулзалт хийхээр ярьж байна. Хурал мөнгөндөө биш утга учиртаа байдаг. Хайран АСЕМ-ын 300 сая ам.доллар гэж харамсдаг юм. Бид бүсийн хэмжээнд бодлогоо нэгтгэх ёстой. Би ноднин Ази, Номхон далайн парламентын бүлгийн дэд ерөнхийлөгч болсон. Тэр шугамаараа хүмүүстэй уулзаж ийм зүйл хийвэл яасан юм бэ гэхэд тэд "Сонирхолтой сэдэв байна” хэмээн хүлээн авсан. Одоо Төрийн гурван өндөрлөгт танилцуулна.

-Та ээлжит бус чуулганы хуралдааны үеэр МАН-ын 60 тэрбум, АН-ын нэг тэрбум, МАХН-ын 50 сая воноор цэцэрлэг барих санаачилга гаргасныг олон хүн дэмжлээ. Гэхдээ улс төрийн намууд энэ мөнгөө өгөх болов уу?

-Юун өгөх болов уу гэж. Цагдаа, хууль хяналтын байгууллага нь тогтоогоод хураагаад авна. Заавал цагдаа энэ тэр гэж байхаар тэр хүмүүс нь сайн дураараа мөнгөнүүдээ авч ирээд өгчих ёстой юм. МАХН-ын 50 сая вонын асуудал үнэн юм билээ. Хүнийх нь нэр устай нь би мэдэж байгаа. "Цогоо ахад битгий хэлээрэй” гэдэг нь Цогоо гэж хэн бэ гэдгийг ч би мэднэ. Тэр мөнгөө хандивлах хэрэгтэй. Түймэр гарлаа гээд ард түмэн хандив өргөж байна. Түүн шиг хүүхдийн цэцэрлэг барихад яагаад хандив өргөж болохгүй гэж. Би зүгээр ч нэг үүнийг хэлчихээгүй юм. Аав, ээж, багш нь өөрчилж чадаагүй хүмүүсийг бид өөрчилнө гэж байхгүй. Хулгайч хүн угаасаа хулгайч байдаг. Нийгэмших гэж оролддог ч мөн чанараар нь өөрчлөх хэцүү. Хэдэн зуу дотор ганц нэг хүн өөрчлөгддөг байх. Харин хүүхэд байхаас нь ингэж, тэгж болохгүй гээд заагаад өгчихвөл өөр. Тэр мөнгөөр барьсан цэцэрлэгийг ёс суртахууны цэцэрлэг болгомоор байгаа байхгүй юу. Ядаж үр хүүхэд нь ёс зүйтэй болж төлөвшиг л дээ. Миний хэлсэн үг сонсоход поп маягийн сонгогдох хэдий ч цаад утга нь чухал юм. Бид хүүхдүүдээ өөрчилж байж л ирээдүйгээ өөрчилнө. Түүнээс биш 1990 оноос хойш амьдрахын тулд, талхны төлөө бие биенээ хэмлэж явсан хүмүүс өнөөдөр амбицаас өөр зүйлгүй болсон. Тэд юм хийе гэж бодохоо байсан. Ямар ч хамаагүй аргаар эрх мэдэлд хүрэх донтой болчихсон юм. Үүнийг нэг үеэр нь өөрчилж байж дэвшил гарна. Үүнийг хэрхэн яаж шийдэхийг шинэ Ерөнхийлөгч л мэднэ. Эр зоригийг нь харж л байя. Ташуур бариад гарч ирсэн монгол хүн гээд байгаа биз дээ. Бурууд хатуу, зөвд зөөлөн байна гэж ташууртай ирсэн юм болов уу гэж бодоод байгаа шүү. Энэ системийг өөрчлөхгүйгээр оффшор энэ тэр ярьж яах юм. Гадна хийгдсэн худалдаа наймааны зуучлалын урьдчилгаа нь оффшорт орчихоод байгаа л даа. Том төслүүдийн гэрээнүүдийг шүүж гаргаж ирээд тавих ёстой. Шинэ Ерөнхийлөгч 30 гэр бүлийн авдаг мөнгийг гурван сая иргэндээ олгоно гээ биз дээ. Одоо харж л байя. Дөрвөн жил мөн ч хурдан шүү гэдгийг битгий мартаарай. Хүсээд авсан алба амар ч хийхэд хэцүү. Түүнээс биш Цэцгээ, Дулмааг шоронд хийгээд яах вэ дээ. НАМЗХ түймэрт хандив болгож өдөрт долоон сая төгрөг цуглууллаа л гэж байна. Миний цаг 160 мянган ам.долларынх биш гээд нэг сайд гайхуулаад байсан даа. Тэр цаг нь таван мянган ам.доллар буюу 10 гаруй сая төгрөгийн л цаг байхгүй юу. Бизнес хийгээд тийм цаг зүүж байгаа бол хамаа алга. Чойжоо сайд тийм цаг зүүж байгаа бол битгий гайх. Тэр хүн чинь бизнес хийгээд түүнийхээ буяныг эдэлж байна. Түүнээс биш энд тэнд цүнх барьж яваад 10 сая төгрөгийн цаг зүүгээд явчих юм бол би лав хардана. Энэ нөхдүүд нэг тийм аргатай болчихож. Саяын сонгууль харамсалтай болсон.

-Юу нь харамсалтай гэж?

-Бидэнд хүлээх цаг байхгүй. Монгол Улс 22 их наядын өрнөөс гарах ёстой. Бид үүнээс гарахын тулд юмаа зарах эсвэл зээл авах хоёрхон зам байна. Юмаа заръя гэхээр ордуудынхаа үүцийг задална. Зээл авна гэхээр хамгийн сүүлчийн зээлээ авч ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Үүнийг хөдөлгөхийн тулд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван хүн нь нэгдмэл байх ёстой. Энэ хэдийгээ нэгдмэл байгаасай л гэж хүсч байна. Нэгдмэл байна гэдэг нь ойлгомжтой байна гэсэн үг. 2500 аж ахуйн нэгж цагдаагийн байгууллагын үүдийг сахиж зогссонд ард түмэн бухимдсан. Ард түмэн тэнэгтээ 65 суудал МАН-д өгсөн юм биш. Яахав эдэнд өгчихье, араас нь бид засъя гэсэн ч МАН даанч арчаагүй байлаа. МАН-ын залууст амбиц, ааш, шударга ёсны төлөө сэтгэл байж болно. Гэхдээ туршлага суух ёстой. Парламентат ёсны төлөвшил бий болгох хэрэгтэй. Яахав, сонгууль болоод дууссан. Эхний ээлжинд бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Ард түмэнтэйгээ наймдугаар сараас эхлээд уулзана. Хоёрдугаарт, намаа шинэчилнэ. МАХН маш утгагүй байдалд орсон.

-Яагаад. Харин ч Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр хүнд нь улам сэргэчихээд байгаа юм биш үү?

-Нэгдүгээрт, С.Ганбаатарыг дэвшүүлсэн нь буруу байсан юм. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд бүх албан тушаалыг хашсан хүн өөртэйгээ эн зэрэгцэх хүнийг гаргаж ирж байна. Л.Эрдэнэчулуун, С.Нарангэрэл гуай нар шиг хүнийг гаргаж ирсэн бол болох байсан. Энэ хоёр хүний хэн нь ч өрсөлдсөн байсан өндөр санал авах боломжтой байлаа. Яагаад гэхээр ард түмэн АН, МАН хоёрт дургүй болсон байсан юм. Уг нь 409 мянган хүний санал биш 509 мянган хүний санал авах ёстой байв. Бид луйвардуулсан. 19 мянган хүний санал хэдхэн цагийн дотор алга болсон. Гэтэл СЕХ-д гомдол гаргасан ганц хүн нь би. Манай намынхан энэ хоёрыг битгий сонго, дахин сонгууль явуулж Н.Энхбаяр даргыг өрсөлдүүлье гэж байгаа юм. Төрийн сонгуулиар ингэж тоглоом хийж болдог юм уу. Төрийн албан хаагчид хуулийн дагуу ажилласнаас намын тоглоомын дүрмээр ажиллаагүй. Гэтэл цагаан сонголт гэж байхын оронд жагсаал цуглаан хийх ёстой байсан юм. Та нар ингэчихсэн үү, хохь нь, бид дахиад хүн дэвшүүлье гэж болохгүй. Сонгогчдоо хүндлэх хэрэгтэй. Биднийг луйвардчихлаа, яах вэ гээд намынхан утсаар залгаж байсан. +40 хэмийн халуунд СЕХ-нд гомдол гаргах гээд очиход МоАХ-ныхон СЕХ-ны гадаа жагсч байхыг хараад үнэхээр гайхсан. "Та нар яагаад жагсч байгаа юм. Ялсандаа уурлаад байгаа юм уу. Тэртэй тэргүй хоёр дахь санал хураалт болох гэж байгаа юм бол та нар тайван бай л даа” гээд МоАХ-ны удирдлагууд руу нь ярьж тэр жагсаалыг бараг би болиулсан. Би гомдол гаргах гээд СЕХ дээр очиход манай намынхан өөр мэдэгдэл хийгээд сууж байсан. МАХН гоё дүрэмтэй. Энэ дүрмийнхээ дагуу ажиллавал ажиллая, ажиллахгүй бол больё гэж би хэлээд байгаа юм. Дүрмийн дагуу намын Их хурал болж намын дарга тайлангаа тавих ёстой. Дүрмийн дагуу намын дарга нэг юм уу хоёр удаа л улирахаас биш үе улиран байж болохгүй. МАХН олон нийтийн байгууллага болох ёстой юм.

-Гэхдээ МАХН сая хурлаа хийгээд С.Ганбаатар дэд дарга болчихсон юм биш үү?

-Хошин шог шүү дээ.

-Яахаараа хошин шог гэж?

-Энэ зүгээр л хошин шог. Намын Их хурал хуралдаж, чадамжгүй болсон Бага чуулган, Гүйцэтгэх товчоог өөрчилнө. Намын Их хурлыг хийе гэж ярьсан ч Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна, Н.Энхбаяр даргын сонгуульд оролцох хүсэл эрмэлзлийг нь няцаагаад яахав гээд больсон. Тэртэй тэргүй эрх баригчид түүнийг балбаж байхад бид шударга ёс яриад тэр хүнийг балбаад байж болохгүй биз дээ. Манай намынхан Н.Энхбаяр дарга биш бол хэн ч биш гэж ярьж байсан. Тийм болохоор нь Л.Эрдэнэчулуун, С.Нарангэрэл академич нарыг би нэр дэвшүүлнэ гэсэн. Гэсэн ч М.Энхболд, Н.Энхбаяр нар Л.Эрдэнэчулуун гуайг тус тусдаа дуудаад айлгасан юм билээ. "Би өрсөлдөнө” гэж байснаа гэнэт больчихсон. С.Нарангэрэл багш өргөдлөө өгөөд нэр дэвшинэ гэсэн чинь 10 тэрбум төгрөг төлөх ёстой. Манай нам ийм дүрэмтэй гэж худлаа хуурсан. Мөнгө ургадаггүй. Тэр мөнгөний ард утга учир байгаа. Тэр үед би "Их хурлаа хуралдуулах ёстой байж дээ” гэж бодсон. С.Ганбаатар руу шөнө утасдаад "Чи дэвших гээд байгаа юм уу” гэхэд "Чи яасан сонин хүн бэ. Нэр дэвшихгүй. Хэрэв тэгэх байсан юм бол зөвхөн чамаас асууна шүү дээ” гэсэн. Маргааш нь Ц.Шинэбаяр нарын хүмүүсээс "С.Ганбаатар өрсөлдөх гээд байгаа юм уу” гэхэд "Тийм зүйл яриагүй дээ” гэсэн юм. Тэгэхээр нь би Ц.Оюунбаатар нь арай дээр юм уу даа, Ц.Шаравдорж ах бид хоёр дэмий дээ гэж бодсон. Ц.Шаравдорж үнэхээр юм хийх байсан юм бол өмнө нь хийж байхгүй яасан юм. Н.Энхбаяр даргын дэргэд гурван дорж байсан. Тэр нь Ц.Нямдорж, Ж.Бямбадорж, Ц.Шаравдорж байлаа шүү дээ. Насаараа төрд байлаа. Манай хуульчдын дундах хамгийн шившгийн хүн байхгүй юу. Тэр хүний цол хэргэм сүртэй ч, өрөвдөлтэй хөгширч байгаа хүн байхгүй юу даа. Ийм Ерөнхийлөгчтэй болсноос болоогүй нь дээр байсан юм. Та ганцаардаж байна уу гэж асуусан даа. Намайг ийм нөхдүүд л ганцаардуулах гэж оролдоод байгаа юм. Хар, цагаан хоёр нэг дор байдаггүй гэдэгчлэн шударга бус хүмүүстэй нэг ширээн дээрээс хооллож чадахгүй байна. Сүүлдээ бүр дургүй хүрээд намаасаа гарчихдаг ч юм бил үү гэж бодсон. Надад айх юм алга. Энэ намаа шинэчлэхийн төлөө явна. Мөн тойрогтоо амласнаа биелүүлэхийн төлөө ажиллана. Хүн нүүр бардам явах ёстой.

-Таныг С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших юм бол надад таван тэрбум төгрөг өг гэж шахсан гэсэн яриа гарсан. Тайлбар өгөхгүй юу?

-Таван тэрбум төгрөг байтугай 50 мянган төгрөг нэхсэн бол Эрүүгийн хуулиар хяргуулна. "Та нар амласан мөнгөө өгөөрэй. Энэ намыг өртэй байлгаж болохгүй шүү. Нэг ч гэсэн ухуулагчийн цалинг өгөлгүй үлдээж болохгүй” гэдгийг хэлсэн. Манай намд ялагдчихаад ухуулагчдынхаа мөнгийг өгөлгүй алга болчихоор үл бүтэх хүмүүс бий. Бусад намуудад ч бий. Тэдэн шиг байж болохгүй гэсэн. Хаа очиж бийлэгжүү байсан юм билээ.

-Ард түмний хандив гэсэн л дээ?

-Худлаа ард түмэн ядуу шүү дээ. Ард түмний хандив тэрбумаар тоологдоно гэж юу байхав дээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen