Монголоо алдсан сонгууль

Монголоо алдсан сонгууль

 

Нэр дэвшигчид бодлогоор өрсөлдөж чадахгүй үндэс угсаагаар нь, удам судраар нь гүтгэх экстрим маягийн сурталчилгаа хийж өрсөлдөгчийг нь дэмжигчдийг хагаралдуулах технологи өрнүүлсээр байна. Энэ арга нь аль болох мэдээлэл муутай хэсгийн сонгогчдын сэтгэл хөдлөлд нөлөөлж "массавой психоз” буюу нийтийг хамарсан бухимдал төрүүлэх зорилготой нь эхний үйлдлүүдээсээ ажиглагдсан. "200 хүний толгой тасдах” айдсаар эхлүүлсэн энэ ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анарыг заналхийлсэн мессежээр үргэлжилсэн юм. Заналхийлэгч этгээд өөрийгөө "Урт хутгат” хэмээн нэрлэсэн байсныг та бүхэн санаж байгаа байх. Иргэн Э.Анар бурхан болсон өвөг эцгээ, удам судраа доромжлуулж, заналхийлсэн мессеж хүлээн авсан тухайгаа энэ оны тавдугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Тэрбээр "Хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон мэдээллүүд гарч байна. Тиймээс хүүгийн хувиар аавыгаа, гэр бүлээ өмгөөлж хамгаалах шаардлагатай байх гэж бодож байна. Би улс төрийг сайн мэдэхгүй. Надад улс төр хамаагүй. Гэхдээ нэр төрд минь халдах, өвөг дээдсийг минь гутаан доромжлох нь байж болохгүй зүйл гэж бодож байна. Би спортын хүн. Спортод бол дүрэмтэй тоглодог. Гэтэл улс төр ингэж дүрэмгүй байж болохгүй байх гэж бодож байна” гэсэн билээ.

Иймдээ тултал Монголоо алдсан хар пиараар сонгууль өрнөсөөр Үндэсний эв нэгдлийн билэг тэмдгээ сонгох гэнэ. Монгол уу, Хятад уу, Хятадтай холбоотой ямар сэжмээр тэгж холбох болов гээд логик талаас нь судалбал харин ч өөр хачирхалтай хариулт олдох биз. Наад зах нь М.Энхболд бол моринд хайртай монгол хүн. Морьтой хөшөө барьсан хүнийг л монгол хүн гэх үү, морь унадаг уядаг хүн нь "морьтон монгол” гэдэгтэй нь дүйх болов уу. Монгол дээл зохьдоггүй, морь унах дургүй, айраг ууж чаддаггүй хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхдээ яагаад АН-ынх гарамгай байдаг юм бол. Тэр буурлуудын ясыг өндөлзүүлж байхаар одоо нэр дэвшиж байгаа хүмүүсийн хэтэвч зузаарсан түүхийг ухсан бол хавьгүй эрүүл пиар хийж болохоор байлаа. Нэр дэвшигч С.Ганбаатарын өөрөө ч ичиж зугтдаггүй, олон түмэн ч "цээжилсэн” хоч бол "Фенг шүй”. Энэ цэвэр монгол шашин, соёл, шинжлэх ухаан уу.

Харин өчигдрөөрөө биш өнөөдрөөрөө сэтгэдэг, маргаашаа харж амьдардаг хүмүүсийн хувьд бол тэр УИХ-ын гишүүн асан, эдүгээ Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч билээ. Тэгвэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хэтэвчид хөрөнгө оруулагчийг Монгол ч, Ази ч, дэлхий ч өнгийчихсөн. Хятад хөрөнгө оруулагч, хятад эзэнтэй түүнд монгол ухааныг биш ам.долларыг капитал гэж дээдэлдэг хятад сэтгэхүй ч суусан байдаг. "Хятад” хочтой, тэгж гүтгэгдсэн монгол төрийн зүтгэлтэн улс оронд хортой юу. Хятадын мөнгөөр "эх оронч хоч худалдаж авсан”, хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэгч хортой юу гэдгийг сонгогч олон ялгаж ухаарч чадна. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн Х.Баттулгыг "нохой нь ч нохой, гэхдээ монгол нохой” гэж хэлсэн. Гэтэл тэр монгол банхар чинь Хятад эзэнтэй байвал яах болж байна. Монгол банхар ч гэсэн Хятад эзний угаадсаар өл залгаж буй бол хятад эзнийхээ л хоточ нь байж, хамгаалж "хуцна” биз дээ. Лав л хөршийнд байгаа Монгол ноёныг хамгаалаад Хятад эзнээ урахгүй байлгүй дээ. Ямартай ч түүний дэмжигчид бусдыг нохойтой зүйрлэх, "Хуц” гэж тушаах дуртайгаараа эрс ялгарч харагддаг. Ю.Цэдэнбал монгол төрийн толгойд 44 жил суусан хүн. Тэр хүн зарчимч хатуу байсан бөгөөд нам төрийнхөө үзэл суртал, боловсон хүчнийг хариуцдаг, ууган сургуулийн захирлаар хятад угсаатныг томилох хүн яавч биш байсныг тэр үеийн амьд гэрчүүд хэлээд өгнө. Тиймээс олон давхар ажиглалт судалгааг гэтлээд, НАХЯ-ны хараанаас мултарч дарга хийнэ гэдэг бүтэшгүй зүйл байсан. Ийм хүн үнэмшимгүй, сэтгэлд булингартай пиараас нь сонгогчид уйдаж гүйцээд байна.

Ерөнхийлөгчийн сонгууль болохоор л ард түмнийхээ Хятадыг үзэн ядах эмзэг сэтгэлгээн дээр тоглож, хэн ч биш болгох тактикийг үеийн үедээ барьж ирсэн нь одоо улиг боллоо. Сонирхолтой нь Хятадаараа дуудуулж гүтгүүлсэн бүхнийг нь ард түмэн сонгочихдог юм. Тэгэхээр Х.Баттулгын дэргэд ард түмэн дэндүү тэнэг, таг дүлий, тас сохор байгаа биз. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг хятад болгоход наргиан болгож давж гарсан. Дараа нь Н.Багабандийг хятад хэлээр сайн ярьдаг, яах аргагүй хятад хүн, "Туул Жин Пан”-гийн нууц эзэн гэх мэтээр муулчилж байсан. Гэвч тэр хоёр ч удаа сонгогдсон юм. Ц.Элбэгдоржийг мөн л хятад болгож цоллоод хоёр удаа Төрийн тэргүүн болгосон. Тэгж хятад гэгдэж гүтгэгдээгүй, ижийгийнхээ энгэрт мэгшиж уйлаагүй бол Ерөнхийлөгч болж чадаа ч уу, үгүй юу.

Харин одоо М.Энхболдын удмаас "хятадыг хайж”, элдвээр гүтгэж байгаад нь мэдлэг боловсролтой, өндөр ухамсартай, их улс төрд ихийг үзэж туулсны хувьд тэвчээр зааж буй харагдана. М.Энхболдын дэмжигчид, тэр тусмаа ахмадууд "Хятад хоч зүүсэн нь сонгогддогийг санаарай, хүү минь” гээд үнсэж буй нь бурхан болсон аавынх нь хэлэх үгийг орлон хэлэх хүн олон байгааг сануулж итгэл нь бөхжиж улам ч тэвчээр зангараг нь бөхлөгдөж байгаа нь илт байна. Нөгөөтэйгүүр, МАН-ын дэмжигчид АН-аас нэр дэвшигчийн аав ээж, удам сударт огт халдаж байсангүй. Тэр бол нэр дэвшигчийн гэлтгүй аль ч орны ямар ч хүний хамгийн үнэт, халдашгүй орон зай билээ. Бурхан болсон аавыг нь зөвхөн сайнаар дурсаж хүндэлсээр байхад өрсөлдөгчийнхөө удам судрыг гүтгэж, "Миний ээж хөөрхөн, хүний ээж хужаа” гэх нь хэр соёлтой, зөв өрсөлдөөн бэ. Гүтгэгдсэн нь биш гүтгэсэн сонгогддог жишиг тогтоохоор шийдсэн бол Х.Баттулга Ерөнхийлөгч болж, баталгаа нотолгоогүй боловч түүний үзэмжээр үндэс угсаагаа тогтоолгож, "эвгүйхэн” тогтоогдвол толгойгоо тасдуулах, аягүй бол "заналтайгаар гарын үсгээ зурж” зарлиг гаргаад ямар ч үйлдэл хийж мэднэ. Жинхэнэ айдас хүйдэс, талцал хагарлыг тэнд л отож байгаа бус уу. Тийм учраас хариуцлагатай сонголт хийх шаардлага тулгараад байна. Хариуцлагагүй сонголтынхоо хариуг та "толгойгоороо ч төлж” мэдэхээр байгааг энэ удаагийн "Монголоо алдсан” сонгуулийн пиар сануулсаар байна.

 

 

Ж.Сондор

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen