Оюуны боловсролгүй оюутнууд

Оюуны боловсролгүй оюутнууд

 

Их, дээд сургуулиа төгсөж буй залууст зориулсан "Хөгжлийн хөтөч” ажлын байранд зуучлах өдөрлөгийг сурвалжлах даалгавар аваад өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөөг зорилоо. Ажил амьдралын гараагаа эхлэхээр зэхэж буй залууст зориулан төр, хувийн хэвшлийнхний төлөөлөл энэ үеэр хөдөлмөрийн зах зээлийн талаар үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн юм. Өдөрлөг эхлээд нэг цаг гаруй хугацаа өнгөрлөө. Хөдөлмөрийн яамны мэргэжилтэн гарааны бизнест төрөөс ямар дэмжлэг үзүүлдэг, бизнесээ хэрхэн амжилттай авч явах талаар ярина.

4000 оюутныг урьсан ч мянга хүрэхгүй төгсөгч иржээ

Харин энэ зуур танхимд цугласан залуусын уур амьсгал залхсан, үл ойшоосон янзтай байгаа нь мэдрэгдэв. Тэдний зарим нь яг л багшийнхаа нүдийг хариулж, хичээлээ хуулдаг хүүхэд шиг сэм сэмхэн цуварсаар танхимыг орхин гарцгаав. Үүнийг анзаарсан зохион байгуулагчид яагаад гарч байгааг нь тодруулахад "Бид төгсөх ангийн оюутнууд биш” гэсээр эргэж ч харалгүй явах нь тэр. Энэ жилийн төгсөгчид биш ч гэсэн хэдхэн жилийн дараа сургуулиа дүүргэж л таарна. Гэтэл ийм үнэ цэнэтэй мэдээллийг үнэгүй өгч байгаа дээр нь сонсоод авахгүй яав даа хэмээн толгой сэгсрэн халаглах нэгэн багшийг хараад манай залуусын сэтгэлгээ ингэтлээ доройтчихсон гэж үү гэсэн бодол өөрийн эрхгүй төрж, үзэг, цаас нийлүүлж суугаа минь энэ.

БСШУСЯ-ны мэдээллээр энэ жил 30 гаруй мянган оюутан их, дээд сургуулиа дүүргэж буй. Тэгэхээр төдий тооны хүн ажил амьдралынхаа гарааг эхлэхээр зэхэж байгаа гэсэн үг. Тус өдөрлөгт илтгэл тавьсан МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав "Хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөнд эзэмшсэн мэргэжлээрээ ажилдаа тэнцэж, орон зайгаа хэрхэн тэлэх нь та бүхний ур чадвараас 100 хувь шалтгаална. Танил тал, мөнгө төгрөгөөс илүүтэй толгой доторх мэдлэг тань хөгжлийн замд хөтөлнө. Та нарт бэрхшээлийг боломж болгох гаргалгаа байна.

Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд 34 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ ил болж, 34 мянган нягтлан бодогч ажилгүй болсон. Тиймээс банк, санхүүгийн чиглэлээр сургуулиа төгсөж буй оюутнууд ёс зүй, эрдэм мэдлэгтэй байвал энэ орон зайг нөхөж, ажилд орох боломж бий. Үнэндээ өнөөдөр нэг ч тайлан гаргаж чадахгүй сургуулиа төгсөж буй нягтлан бодогч байна шүү дээ. Манай улс үргэлж эдийн засгийн хямралтай байгаад байхгүй. Ирээдүйд уул уурхай, газар тариалан гээд бүхий л салбар эрчимтэй хөгжинө. Хамгийн багадаа 500-1000 хүнтэй, нэг тэрбум ам.долларын эргэлттэй компанийг авч явах хэмжээний удирдагч ирээдүйн Монгол Улсад хэрэгтэй болно. Тиймээс өнөөгийн залуус та нар чадварлаг манлайлагч байх хэрэгтэй” хэмээн тэднийг хурцалж байлаа.

Гэтэл илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдгийн адилаар миний арын эгнээнд сууж байсан хэсэг охид ийн ярилцах. "Хонхны баяр боллоо. Дэлгүүр хэсэж, өмсөх юмнуудаа сонгомоор байна. Багш шал дэмий, ямар ч хэрэггүй юманд явуулчихсан байх юм” хэмээн шивнэлдсээр танхимыг орхин гарлаа.

Баярынхаа маргааш юу хийхээ мэдэхгүй атлаа үнэ цэнэтэй сургалтыг хаяад гарна

Уг нь гаднаас нь харахад нэлээд дэгжин, бас ч гэж юмны учир ойлгох толгойнууд байх шиг. Ийн тэдний яриаг сонссон надад бусад нь ямар бодолтой байгаа бол гэсэн бодол төрж, зааланд суугаа оюутнуудыг тойруулан хэсэг ажиглалаа. Тэдний дийлэнх нь гар утсаа "маажиж”, эсвэл хоорондоо шивнэлдэж, зарим нь бүр унтаж байв. Уг нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 40 орчим аж ахуйн нэгжийн 600 орчим ажлын байрыг танилцуулж, сургуулиа төгсөж буй 4000 оюутныг өдөрлөгт ирэхийг урьсан ч мянга ч хүрэхгүй хүн иржээ.

Мэдээж ганцхан энэ үйл явдлаар ирээдүйд түүчээлэх залуусыг дүгнэж болохгүй. Гэхдээ хонхны баярынхаа маргаашнаас юу хийхээ мэдэхгүй суугаа мөртлөө энэ мэт үнэтэй сургалтыг дэмий юм гээд хаяад гардаг, тархины "тураалтай”, чадваргүй оюутнууд олширч байгааг шүүмжлэхгүй байхын арга алга. Үр хүүхдээ дээд боловсролтой болгохын тулд зарим эцэг, эх өмсөж зүүх, идэж уухаа танан байж дөрвөн жилийн турш сургалтын төлбөрийнх нь төлөө хуруу хумсаа "хугалан” зүтгэдэг. Гэтэл эцсийн үр дүн нь иймэрхүү дүр зурагтай байгаа нь нэг талдаа эмгэнэлтэй юм. Дөрвөн жилийн төлбөр төлж, диплом авчихаад дэлгүүрийн лангуу сахих гэж байгаа бол анхнаасаа их, дээд сургуулийг зүглэж, хотын түгжрэлийг нэмэгдүүлж, зай бөглөх хэрэг юун.

БСШУСЯ-ны тоон мэдээллээс харахад их, дээд сургууль төгсөгчдийн дөрөвний нэг нь л ажлын байртай болдог гэжээ. Үндэсний статистикийн хорооны энэ оны эхний дөрвөн сарын тайлан мэдээллээс харахад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 33 мянгад хүрч, үүний 31.5 хувь нь дээд боловсролтой буюу диплом өвөртөлсөн ажилгүйчүүд байна. Тэрчлэн улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн хамгийн идэвхтэй хэсэг болох 15-34 насны залуусын 58 хувь нь ажилгүй байгааг дурьджээ. Энэ бол маш өндөр тоо юм. Цаашлаад Монгол Улсын эдийн засагт нөлөөлөөд зогсохгүй улс орон хөгжихгүй байгаагийн гол шалтгаан тэднээс болж байгааг хатуухан хэлмээр байна.

Улс хөгжихгүй байгаа нь тэднээс болж буйг хатуухан хэлмээр байна

Нөгөөтэйгүүр, техник технологийн үсрэнгүй хөгжил ирж, роботууд хүмүүсийн ажлыг "булаах” ирээдүй бидэнд ч ойр байгааг манай сонин хөндөж бичсэн. Дэлхий дахинд хөдөлмөрийн зах зээлийн хамгийн идэвхтэй хэсэг болох залуус мэдлэг ур чадвараараа гологдож, оронд нь техник ашиглах сонирхолтой ажил олгогчдын тоо нэмэгдэж байна. Энэ хэрээр гудамж "метрлэх” идэр настнуудын тоо олширсоор. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоогоор 2016 онд залуусын ажилгүйдлийн түвшин сүүлийн 20 жилийн дээд цэгт тулжээ. Тэгэхээр манай залуус одооноос мэдлэг боловсролдоо анхаарч эхлэхгүй бол роботуудад "арчигдах” цаг ирэх бололтой.

  • Энэ жил 30 гаруй мянган оюутан их, дээд сургуулиа дүүргэж буй.
  • Сургуулиа төгсөж буй 4000 оюутныг өдөрлөгт ирэхийг урьсан ч мянга ч хүрэхгүй хүн иржээ.
  • Улсын хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн хамгийн идэвхтэй хэсэг болох 15-34 насны залуусын 58 хувь нь ажилгүй байна.

Эцэст нь дүгнэхэд, дөрвөн жилийг наргиж цэнгэж өнгөрөөн, олигтой зүйл сурч мэдэж гавиагүй залуус Монгол Улсын ирээдүйн суурийг тавьж байгаа нь харамсмаар. Ажил олгогчид үгээ хэлж, аргаа барж сууна. Оюутны ширээнээс мэдлэг, чадваргүй иргэд бөөн бөөнөөрөө мэндэлж байгаа болохоор ажил олгогчдын шалгуур хангасан чадварлаг боловсон хүчин дутагдахаас ч аргагүй биз ээ.

Дээд боловсрол эзэмшиж байгаа залуусын хандлага ийм өчүүхэн байгаа нь өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх. Нөгөө талаар энэ нь манай улсын боловсрол олгох тогтолцооны гажуудлын тусгал ч болоод буй. Хүн болгон их, дээд сургуульд суралцах албатай мэт ойлголт төрүүлж, боловсролгүй хүнийг мангарт тооцдог гэсэн сэтгэлгээ нэвт шувт шингэсэн байна. Тиймдээ ч нийтээрээ дээд боловсрол эзэмшчихсэн учир мэргэжилтэй ажилчин дутагдаж, талх хийх хүн олдохгүйд хүрэв. Арга ч үгүй биз. Дээд боловсролтой байж хэн талх бариад суухыг хүсэх билээ. Гэвч эцэст нь чанартай боловсон хүчин бус, дипломтой бүдүүлэг иргэдийн эгнээ л нэмэгдсээр.

Б.Бямбасүрэн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen