2606 иргэнийг 45 тэрбумаар хохироосон "Бэлтэс мөрөн"-гийн эздийн ялыг маргааш танилцуулна
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхэд есөн өдрийн турш үргэлжилж өнөөдөр завсарлалаа.
Тодруулбал, “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Г, гүйцэтгэх захирал Г.Н нарын 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2606 иргэнээс 45.270.137.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Г.Н, С.Г нарын 9 хүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 3.1 /Залилах/, 18.6 дугаар зүйлийн 1, 2.1, 2.2 /Мөнгө угаах/-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.
Шүүх шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг зөвлөлдөхөөр завсарласан байна. Шүүх бүрэлдэхүүн маргааш 15:00 цагт шийдвэрээ танилцуулна.